sonin.mn
“Төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын хөгжил болон эдийн засгийн хямралаас гарах гарц“ сэдвээр энэ удаагийн редакцийн уулзалтыг зохион байгууллаа.
 
Уулзалтад эдийн засагч, шинжээч Д.Ангар, эдийн засагч Н.Энхбаяр, Л.Наранбаатар, Р.Мөнхтөр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор Б.Алтанцэцэг нар оролцлоо.
 
-Төсөв, мөнгөний бодлогын уялдаагүйгээс төсөвт хүндрэл учирч байгаа тухай сүүлийн үед ярьж байна. Тэгвэл хүмүүсийн хэлээд байгаа уялдааг хэрхэн бий болгох вэ?
 
-Д.Ангар: Эдийн засаг хүндрэлтэй, санхүү хямралтай, төсөв алдагдалтай гарч байгаа нь цаг хугацаа биднийг эдийн засаг, санхүүгийнхээ удирдлагыг өөр төвшинд хүргэх ёстойг сануулж байгаа хэрэг. Аливаа бодлогын шийдвэрийг улс төрчид гаргадаг, улс төрийн нам төрийн эрхийг барьж байгаа учраас үзэл баримтлал, үнэт зүйлээ тодорхойлох хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэсэн баримжаагүй амлалтаар улсын төсвийг тогтоодог байж болохгүй. Улсын төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай байж чадахгүй байна.
 
Төсвийн алдагдлыг бууруулахын тулд хумих бодлого баримталж, татвар нэмэх тухай ярьж байгаа нь зөв. Гэтэл Монголбанк мөнгөний бодлогын хүүгээр дамжуулан зарлага гаргаж байна. Төвбанк өөрийн гэсэн дүрмийн сантай, хуримтлагдсан ашигтай байсан бол Засгийн газраас гадуур мөнгө зарцуулж болно. Харамсалтай нь Монголбанкны тайланг харахаар -1.4 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болжээ. Хэрэв аж ахуйн нэгжээр авч үзвэл дампуурсан гэсэн үг.
 
-Л.Наранбаатар: Төсөв мөнгөний бодлого уялдаагүй явж ирсэн нь хэд, хэдэн зүйлээр нотлогдоно. Төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, хөрөнгө оруулалт саар­сан үед эдийн засагтай уялдаагүйгээр мөнгө хэвлэн олон янзын хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн нь туйлын буруу.
 
Арилжааны банкууд энэ оны эхний хагас жилийн байд­лаар 1.035 тэрбум төгрөгийн чанаргүй зээл, 840 гаруй тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байна. Банкны систем эрсдэлд орсон нь улс орны хэмжээнд эдийн засаг маш хүнд байдалд байгааг илтгэнэ. Манай улсын хувьд ам.доллар буюу валютын дутагдалд орсон учраас төсөв, мөнгөний бодлогын талаар ярилцахаас гадна үйлдвэрлэлийг дэмжиж валютын урсгалыг наашлуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нь бэлэн төслүүдийн гэрээ хэлэлцээрийг яаралтай хийж, хөдөлгөх ёстой.
 
Түүнээс гадна Оюутолгойн экспортын орлого Монголын банкуудад байршихгүй байгааг хүн бүр мэднэ. Засгийн газраас “Сайн” нэртэй хөтөлбөрийг зогсоосон нь зөв алхам. Үүний оронд үйлдвэрлэл, бизнесээ дэмжиж эдийн засгаа тогтворжуулах шаардлагатай.
 
-Б.Алтанцэцэг: Сангийн бодлогыг хумиж, мөнгөний бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоорондын уялдаатай байгаа мэт. Гэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа харвал, энэ нь тийм ч зөв бодлого биш. Өнгөрсөн хугацаанд Төвбанкнаас хэрэгжүүлсэн урамшуулалт арга хэрэгсэл нь тус банкны бие даасан бодлогыг алдагдуулж ирсэн. Төсөв, мөнгөний бодлого болон нөхцөл байдлын үнэлгээг хийх хэрэгтэй. Тал, талын бодлогын байгууллага болон бусад оролцогч талуудын сонголтын үр дүнд эдийн засгийн шийдвэрүүд ойлгомжтой, дэлгэрэнгүй, үнэн зөв мэдээлэл өгдөг байх ёстой.
 
Энэ нь хүмүүс ямар хугацаанд юу хийх вэ гэдгийг зөв тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Ингэснээр төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо сайжирна гэж харж байгаа. Ер нь төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог муутгаж байгаа хүчин зүйлийн нэг нь төрийн оролцоотой хөтөлбөрүүд. Тэгэхээр бодлогын хэт оролцоо хүмүүсийн шийдвэрт нөлөөлж байгаа учраас зөв хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлдөг.  Аливаа бодлогын нөлөөллийг сайжруулахыг хүсч байгаа бол мэдээлэл, зах зээлийн үнийг анхаарах нь зүйтэй.
 
-Н.Энхбаяр: Макро эдийн засагт төлөвлөлт хийдэг байгууллага чухал байна. Аливаа зүйлийг болоод өнгөрсний дараа судлан дүгнэлт гаргаж болно. Гэтэл ирэх жил ямар байх вэ гэдэг нөхцөлд тааруулна гэдэг амаргүй. Сангийн яам, Монголбанк, хувийн хэвшил гурвын дундаас гарч байгаа үр өгөөжөөр эдийн засгийг тодорхойлох хэрэгтэй. Эдийн засгийн тэлэлтийг хэдийд хийх вэ гэдгийг бизнесийн байгууллагаас хамааралгүйгээр улс төрчид тодорхойлдог.
 
Тиймээс төсөв алдагдалд хүрч байгаа гэж болно. Яагаад гэвэл, цаг хугацаа, орон зайгаа тодорхойлж чадаагүй нөхцөлд эдийн засгийг тэлэх бодлого баримтлах нь буруу. Хэдийгээр хөтөлбөр хэрэгжүүлж бүтээн байгуулалтыг хийсэн нь сайн ч тэлэх орон зайг нь тодорхойлоогүй. Мөн дэд бүтцээ шийдээгүй байж эхлүүлсэн зэрэг шалтгааныг дурдаж болно. Аливаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд суурь нөхцлийг бүрдүүлэхээс гадна тодорхой хэмжээ, тэлэх орон зайг нь тогтоох хэрэгтэйг сануулмаар байна.
 
-Р.Мөнхтөр: Сангийн болон мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байна гэдэг нь барьцаалагдсан маягаар явахыг хэлэхгүй. Макро эдийн засагт нөлөөлж байгаа институцийн хувьд хараат бус байдал, чанарыг сайжруулах тухай асуудал нэн түрүүнд тавигдана. Сангийн яам өөрийн байр сууриа хамгаалж чаддаг, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үнэлгээ хийдэг байх нь чухал. Харин Төвбанк төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэвлэх эсвэл уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүлэх эсэх тухай маргахын оронд өөрийн зорилгодоо нийцсэн бодлогоо хэрэгжүүлэх ёстой.
 
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бодлого явуулсан. Гарсан үр дүнг нь бүгд харж байгаа учраас энэ удаад өөрчлөлт хийж, сэргэгээр хандах нь зүйтэй. Төсөв, мөнгөний бодлогоо хатууруулах нь зөв гэхээс илүү 3-4 сарын дараа яах вэ гэдгийг бодох ёстой. Учир нь хүмүүсийн цалин орлого буурвал санхүүгийн салбарын үзүүлэлтүүд буурна. Санхүүгийн салбарт тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын хариуцлагыг өндөр болгож бодлого шийдвэрийг урт хугацаанд тогтвортой байхад анхаарлаа хандуулах нь зүйтэй.
 
-Санхүүгийн системийг тэгш, тэнцвэртэй хөгжүүлэх нь зүйтэй хэмээн ярьдаг. Гэвч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед санхүүгийн салбар унах нөхцлийг бүрдүүлж байна гэх юм?
 
 
-Д.Ангар: Үйлдв­эрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэг­жид ямар санхүүжилт хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Тухайн хэрэгжүүлэх төсөлд урт хугацаатай, хүү багатай, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр хийж болох эсэхийг тодорхойлон санхүүжилтийн арга хэрэгслийг сонгох боломж олгох хэрэгтэй. Манай улсын хувьд санхүүгийн систем нь ганц хөлтэй сандал шиг явж ирсэн.
 
Арилжааны банкны мөнгөний эх үүсвэр 1-2 жилийн хугацаатай иргэдийн хадгаламжаас бүрддэг учраас бизнест гар­гах зээл нь урт байх боломжгүй. Тиймээс санхүүгийн систем ямар төвшинд ажиллах нь дотоодын нийт бүтээг­дэ­х­үүнийг бүрдүүлж байгаа үйлдвэрлэгчдийг анхаарах хэ­рэгтэй. Банкны чанаргүй зээлийн хэмжээ өссөн тухай ярьж байгаа ч цаана нь хэдэн мянган аж ахуйн нэгж байгааг хэн ч ярихгүй байна шүү дээ. Тэгэхээр одоогийн нөх­цөл байдалтай уялдуулан санхүүгийн салбартаа шинэч­лэл хийх цаг болсон. Аль ч улсад санхүүгийн хямрал боллоо гэхэд энэ салбарт өөр үйлчилгээ хэрэгтэй гэдгийг са­нуулж байдаг.
 
-Л.Наранбаатар: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой хэмжигдэхүйц зорилт тавихыг хүсч байна. Ялангуяа, банк, санхүүгийн зах зээлийг либералчлах ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Санхүүгийн салбарын 95 хувийг арилжааны банк эзэлж байгаа гэж үзвэл 2020 он гэхэд энэ зах зээлд оролцогчдийн оролцоо 50, 50 хувьтай байх зорилт тавьж болно.
 
Үүний тулд юу хийх вэ гэдгийг Засгийн газар зарлах хэрэгтэй. Нэгдүгээрт, банкны салбарт гадаадын банкыг оруулж ирэн өрсөлдөөнийг бий болгох. Гэхдээ гадны орны төрийн өмчит банкыг оруулж ирэхээс болгоомжлох ёстой. Хоёрдугаарт, улсын Хөрөнгийн бирж явдаггүй юм бол хувийнхыг нь хүчтэй дэмжих нь зүйтэй. Банк, санхүүгийн системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ одоогоор 15.5 хувьтай байгаа ч оны эцэст өсөх хандлага ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байна. Тэгэхээр дээрх шинэчлэлийг хийснээр 2020 он гэхэд чанаргүй зээлийн хэмжээг таван хувиас хэтрүүлэхгүй байх боломж бий. Тиймээс Засгийн газар амлалт өгч ажиллах нь зүйтэй.
 
- Б.Алтанцэцэг: Манай улсын хувьд өрсөлдөөн муутай салбарын нэг нь арилжааны банк гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэнд асар их нөлөөтэй сонирхлын бүлэг ажиллаж байгааг хүмүүс мэддэг болсон. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд гадны банкыг оруулж ирэх нь зөв. 2009 оны хямралын үеэр гадныхны нөхцөл байдлыг харж байхад хэт томорсон газрыг дампууруулах боломжгүй гэдгийг харсан. Жишээлбэл, гадаад орчинд хамгийн том банкных нь нөхцөл байдал хэт муудсан ч дампууруулж чадахгүй байсан шүү дээ.
 
Учир нь тухайн банкны асуудал мэтээр хараад дампууруулчихвал эдийн засгаа татаж унагах эрсдэл байсан юм. Тиймээс манай улс шиг жижиг эдийн засагтай тохиолдолд бодлогын оролцоо хэтэрвэл тухайн салбарыг татаж унагах аюул тулгарч байна. Тухайлбал, жижигхэн зах зээлд хэт том хөтөлбөр хэрэгжүүлэх нь зах зээлийг гажуудуулж, тэнцвэрийг алдагдуулах нөлөөтэй гэдгийг төр тооцоолж, түүнийгээ мэдээлж байх хэрэгтэй. Санхүүгийн салбарын тэгш тэнцвэртэй байдал гэдгийг зөв, ойлгомжтойгоор тодорхойлон түүнийгээ олон нийтэд мэдээлэх ёстой. Мөн түүнийг дагасан тооцоо судалгааг харуулах хэрэгтэй.
 
-Н.Энхбаяр: Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк 12 их наяд төгрөг эргэлддэг зах зээлд ажиллаж байна. Тэгэхээр жижиг зах зээлийг зөв, бүрэн хэмжээгээр ашиглах ёстой. Бизнес саарсан үед арилжааны банк мөнгөө хэрхэх вэ гэдгийг шийдэх учиртай. Үүний тулд бусад санхүүгийн зах зээлд мөнгөө байршуулж болно. Манай улсын банкууд гадагшаа гарч ажиллан хүрээгээ тэлэх хэрэгтэй.
 
Гадны банк оруулж ирэхийн тулд хууль зүйн тогтолцоог ярих ёстой. Манай улсын банкны тогтолцоо нь Арилжааны болон Төвбанкны тухай хуулиар явдаг. Тэгэхээр шинэ зах зээл рүү тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд Арилжааны банкны тухай хуульд иргэдийн болон хөрөнгө оруулалтын банкны харилцааг тусад нь салгах учиртай. Энэ мэтчилэн банкны тогтолцоонд шинэ механизмын өөрчлөлтийг хийж дараагийн алхамыг хийх хэрэгтэй.
 
-Р.Мөнхтөр: Нөхцөл байдал юунаас үүссэн гэдэгт дүгнэлт хийх ёстой. 1990 оны үед хүмүүсийн гарт мөнгө эргэлдэж байсан учраас тухайн үеийн бодлого боловсруулагчид банкны системийг чадавхижуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бодлогын үр дүнд банк чадавхижсан гэдгийг бүх хүн харж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ хаана хүрч зогсох вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байсан болов уу.
 
Банк дангаараа санхүүгийн системийг бүрдүүлж байгаа учраас давуу байдлыг сааруулахын тулд гадны банкыг оруулж ирэх тухай ярьж байна. Зарим нь төрөлжсөн банк оруулж ирэх нь зүйтэй гэж байгаа харагдсан. Энэ бүхэн боломжтой ч ямар банк оруулж ирэх ёстой вэ гэдгийг зөв шийдвэр гаргах нь чухал. Хэдийгээр бид гадны банк оруулж ирэхийг хүсч байгаа ч гадны ямар банк хамтарч ажиллах гэж байгаа вэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.
 
Бодит салбарын ажиллаж байгаа орчин нөхцөл, стандарт чухал. Учир нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд бусад салбар нь ч зэрэг хөгжих учиртай. Яагаад гэвэл, ашигтай ажиллах төслийг санхүүжүүлэн ашиг олохыг зорьдог нь бизнесийн зарчим.
 
-Эдийн засгийн хямралаас гарах гарц хайж байгаа энэ цаг үед та бүхэн юу хэлэх вэ?
 
-Д.Ангар: Бид юу хийж чадах, ямар төвшинд хөгжиж байгаа, дэлхийд өрсөлдөх чадвартай эсэхийг эргэцүүлэн бодъё. Гэтэл бидэнд болж байгаа зүйл хараахан алга. Манай улсын хувьд хүссэн ч, эс хүссэн ч ганцхан найдвар нь уул уурхай. Тиймээс хийж чадах зүйл нь уул уурхай учраас үүнийгээ либералчлах шаардлагатай. Эдийн засгийн суурь нөхцөл байдлаа сайтар ойлгон хийж чадах зүйлээ урагшлуулах нь зүйтэй.
 
 Хэдийгээр эдийн засгаа солонгоруулах тухай ярьж байгаа ч одоогоор бид эсгий углааш, уул уурхай хоёроос өөрийг хийж чадахгүй байна. Тэгэхээр хөгжихийн тул уул уурхайгаа түших ганц сонголт байна шүү дээ. Магадгүй уул уурхайн түүхий эдийн үнэ буурсан гэх биз. Гэхдээ энэ үед бид зах зээлийг эзлэх боломж гэж харвал хөрөнгө оруулалт, валютын урсгалыг таслахгүй байж болно. Хамгийн гол нь эдийн засаг хямарч байгаа нь бидэнд санхүүгийн салбарт эрс шинэчлэл хийх боломж олгож байна.
 
-Л.Наранбаатар: Эдийн засгийн хямралаас гарахын тулд нэн түрүүнд зургаан алхам хий. Засгийн газар 2017 онд төлөх өрийг өгч чадахгүйгээ ойлгож байгаа учраас хугацааг нь хойшлуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах ёстой. Түүнчлэн “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах нь зөв гэж бодож байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг тайвшруулна. Мөн бэлэн болсон томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Жишээлбэл, “Тавантолгой” /дөрвөн тэрбум ам.доллар/, “Арева” компани Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа /1.5 сая ам.доллар/ уран баяжуулах төсөл, Эрдэнэт-Мөрөнг холбосон төмөр зам /гурван тэрбум ам.доллар/-ын төсөл бий.
 
Эдгээр нь хувийн хэвшлийн санхүүжилтээр хийгдэнэ. Нийт 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газар маш яаралтай шийдэх ёстой. Энэ нь эдийн засагт орж ирэх мөнгөн урсгал юм шүү дээ. Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг оруулж ирэх, хайгуулын ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна томоохон төслүүдэд ханган нийлүүлэлт хийх аж ахуйн нэгж нь үндэсний компани байх тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
 
-Б.Алтанцэцэг: Хэдийгээр эдийн засгийн хямрал гэж ярьж байгаа ч сургамж авах боломжийг өгч байна. Тэгэхээр өнгөрсөн алдаанаасаа сургамж авч бүтэц болон бодлогоо оновчтой бол­гох хэрэгтэй. Олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг сайжрахгүй гэдгийг харлаа. Мөн төр эдийн засаг болоод бизнесийг хөгжүүлдэггүй гэдгийг харж байна. Хувь хүн бүрийн оролцоо, бүтээмж улсын болоод эдийн засгийн хөгжилд чухал байр суурийг эзэлнэ гэдгийг ойлгосон болов уу. Мөчлөг дагасан бодлогыг хэрэгжүүлснээр гарсан үр дагавар нь эдийн засгийг хүндрүүлсэн.
 
Мөнгөгүй учраас гэ­дэг шалтгаанаар төр зардлаа хумиж, татвар нэмэх ёсгүй. Цаг хэцүү болсон учраас хүмүүст тэтгэмж, биз­несийнхний хувьд бага ч гэсэн тат­варыг нь бууруулах хэрэгтэй. Хэдийгээр эдийн засаг хүнд болно одоо тэлэлтээ зогсоох хэрэгтэй гэдгийг эдийн засагч, судлаач, шинжээчид сануулж байсан ч сонсоогүй. Тэгэхээр эдийн засгийн үзүү­лэлтийг хэмждэг шалгуур үзүүлэлтийг хуульчлах нь зүйтэй. Яагаад гэвэл, эдийн засагчдын хэлж байгаа сануулгыг албан бус гэж тооцож байгаа бол албан ёсны хуульчлагдсан байгууллагын дохиог авч хэрэгжүүлдэг болох ёстой.
 
-Н.Энхбаяр: Төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, гадаад худалдааны тэнцлийн алдагдал гээд хэд хэдэн салбар дамнасан тэнцвэртэй бус байдал нь эдийн засгийн хямралд хүргэнэ. Мөн алдагдалтай тогтолцоонд хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь системийн гажуудал. Гэтэл системийн гажуудлаа манай улс урьдчилан харж, сэргийлж чадаагүй.
 
Хэдийгээр төсвийн алдагдлыг нөхөж болох мэт боловч хэсэг хугацааны дараа макро эдийн засгийг эрсдэлд оруулж байна. Энгийнээр тайлбарлавал, сүү хийх сав нь 10 литрийн багтаамжтай. Гэвч 20 литрийг хийгээд сагуулчихсан. Энэ нь манай улсын эдийн засгийн багтаамжаас давсан төсвийн тэлэлт хийсэнтэй ижил юм. Тиймээс зохистой хязгаарыг тогтоох нь зайлшгүй шаардлагатай алхам. Тэгэхгүй бол байдал давтагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцсийн дүндээ бид алдаанаасаа сургамж авч давтахгүй байх талд анхаарлаа хандуулмаар байгаа юм.
 
-Р.Мөнхтөр: Эдийн засгийн хямрал гарсан учраас гэдэг шалтгаанаар хэн нэгэнтэй тохиролцоод мөнгө оруулж ирж болох л байх. Гэхдээ яагаад ийм байдалд орсон бэ гэдэгт дүгнэлт хийж, сургамж авах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд эдийн засагчид, судлаачид эдийн засгийн нөлөөлөл, нөхцөл байдлыг ямар төвшинд явж байгаа юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг тодорхой сануулж ирсэн. Эдийн засагт аль нэг салбар хэт давуу байдлаар оролцож болохгүй гэдэг сургамжийг өглөө. Тэгэхээр бусад салбарыг хөгжүүлэх боломжийг маш сайн харах хэрэгтэй.
 
Аливаа салбарыг хөгжүүлнэ гэхээр төрийн бодлогын оролцоог хэтрүүлдэг муу зуршил манайд бий. Энэ нь хөгжүүлэхээс илүү татаж унагах шалтгаан болдог. Одоогийн үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд түр зуурын цаг аргацаасан байдлаар хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл, мөнгө зээлж, хөтөлбөр хэрэгжүүлснээр урт хугацаанд үйлчлэхгүй гэсэн үг. Тиймээс салбар бүрт хэрэгжүүлэх бодлогоо зөв тодорхойлохын тулд мэргэжилтэн, судлаач, шинжээчдийнхээ үгийг сонсох ёстой.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин