sonin.mn
Боловсролын салбарт 40 жил ажиллаж буй, тэр дундаа сүүлийн 20 гаруй жил хүүхдийн сэтгэн бодохчадварыг хөгжүүлэхэд голлон анхаарч ажиллаж буй ахмад багш, “Оном” дунд сургуулийн захиралО.Дашдорж гуайг Баасан гаригийн зочноор урьж ярилцлаа.
 
-Та олон жил хүүхдийн сэтгэн бодох чадварыг судалжээ. Хүүхдийн сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх ёстой юмбэ?
 
-Би сүүлийн 20 гаруй жил хүүхдийн сэтгэн бодох чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар судалж ирлээ. Жижиг зүйлс ч хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тухайлбал, ойрхоноос харж бичдэг хүүхдийн хараанд тодорхой хэмжээний нөлөө гардаг.
 
Харааны мэдрэлийн төв нь хүчтэй ажиллаад ирэхээр сэтгэн бодох үйл ажиллагаа нь тогтонги удаашралтай болоод ирдэг. Тиймээс ойрхоноос харж бичдэг 100 хүүхэд шалгалтанд ороход 80 гаруй нь шалгалтанд үр дүн муутай байдаг. Хүүхдийн хэл яриа бас чухал. Ярианы чадвар муу байх нь хэлж ярьж байгаагаа сэтгэл дотроо хувиргаж дүрслэх нь муу болж хоцрогдох гээд байдаг талтай. Хэрэв энэ бүх нарийн судалсан зүйлийг сургалтад хэрэглэж чадвал үр дүнгээ өгдөг.
 
Харин монгол хүүхдүүдийн хувьд сэтгэн бодох чадвар сайтай. Яагаад гэхээр газар нутаг уудам байна гэдэг хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд нөлөөлдөг. Африк Сахарын цөлийн хүүхдүүдийн хувьд ч ийм байдал ажиглагддаг.   
 
-Хүүхдийн сэтгэн бодох чадварт боловсролын салбар тэр дундаа багш нар чухал үүрэгтэй. Энэ үүргээбиелүүлж чадаж байна уу?
 
-Сүүлийн үеийн боловсролын системд шүүмжлэл байдаг. Багш нар хэт их төлөвлөгөө цаасаар хөөцөлдөж байна. Хүүхдийг сургахаас илүү төлөвлөгөөнд ач холбогдол өгөх нь буруу юм. Төлөвлөгөө хэдий сайн байсан ч хүүхдэд наалдах нь бага байдаг. Учир нь хүүхэд бүр өөр, олон янз шүү дээ. Тиймээс нэг төлөвлөгөөнд баригдаад явах нь хэцүү. Тохирох ганц нэг хүүхэд байхад ихэнх нь таардаггүй. Тэгэхээр багш төлөвлөгөөнд баригдалгүй тухайн нөхцөл байдлаа зөв үнэлээд, зөв ажиллавал тодорхой үр дүнд хүрнэ. Манай боловсролын салбар олон талтай. Өсч байгаа нь ч буурч байгаа нь ч мэдэгдэхгүй л яваад байх болж.
 
-Улсын, хувийн олон хэлбэрийн сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн сургалтынхөтөлбөрийн ялгаа, хүүхдэд наалдах үр өгөөжийн талаар судалж үзэв үү?
 
-Улсын, хувийн олон хэлбэрийн сургуультай болсон нь сайн хэрэг. Улсын ч, хувийн ч аль аль нь яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу явж байгаа. Хувийн сургуульд хүүхдээ сургах эрмэлзэл эцэг эхчүүдэд илүү байна. Гэхдээ эдгээр сургуулиуд нь шинжлэх ухааны үндэстэй нарийн хэрэгжүүлж чадах хөтөлбөртэй бол үр дүнд хүрнэ. Улсын сургуулиудад хамгийн том асуудал нь хүүхдийн тоо олон байна. Ерөнхий боловсролын сургууль хүүхдийг сургах тал дээр илүү анхаарах ёстой. Ерөнхий гэдэг юм бүхэнд харьяалагдана гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүст мал маллахад математик бодож сурах ямар хэрэг байна, жолооч болоход химийн хичээл үзэх хэрэггүй гэх өрөөсгөл ойлголт байдаг.
 
Аливаа юм тухайн байхын зэрэгцээ ерөнхий байдаг гэдэг философи бий. Тиймээс бодож сэтгэх үйл ажиллагаа аль ч салбарт хэрэглэнэ. Тухайлбал, тамирчин хүн гэхэд сайн бодож сэтгэж байж бусдын арга тактикийн эсрэг өөрийн мэхийг хийнэ шүү дээ. Урлагийн хүмүүст ч мөн адил хамаатай. Ер нь бүх л ажил мэргэжлийн хүмүүст суурь мэдлэг, ерөнхий боловсрол маш чухал.
 
-Хүүхэд сургахад арга барил чухал. Хүүхдийн хүмүүжил, сэтгэхүй орчин үеэ, нийгмээ дагаад өөр байна.Одоо цагийн хүүхдүүдтэй хэрхэн зөв харилцах ёстой юм бол?
 
-Хэдий орчин, нийгэм, цаг үе өөрчлөгдсөн ч хүүхэд бол хүүхэд л байдаг. Аль ч цаг үед ямар ч хүүхдэд ухаалаг зөөлөн харилцаа чухал. Яагаад гэвэл зөөлөн харилцааны цаана ухаарал төрж байдаг. Хатуу чанга авирын эсрэг ухаарал гэхээс илүү дургүйцэл, эсэргүүцэл илэрдэг. Энэ даамжирвал хүүхдийн зан харилцаанд өөрчлөлт орж, илэн далангүй байдал, хүнд итгэх итгэл нь алга болох зэргээр олон сөрөг зүйл үүсдэг. Гэхдээ зөөлөн харилцаа гэдэг эрхлүүлэх биш юм. Хэт их эрхлүүлсэн хүүхэд буруу чиг рүү хандах аюултай. Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч хоорондоо эелдэг зөөлөн харилцаж, бие биедээ урам зоригийн үг хэлж байвал хэлсэн хэлүүлсэн хоёулангийнх нь сэтгэл санаа өөдрөг байж, түүнийгээ дагаад ажил үйлс нь ч бүтэмжтэй болдгийг Америкийн судлаачид хэлсэн байдаг.
Ерөөсөө л аливаа юмыг хүлээж авахдаа сэтгэлзүй нь бэлтгэлтэй байвал үр дүн сайн байдаг гэдэг.
 
-“Оном” сургуулийн онцлог юу юм бэ. Яагаад ашгийн бус хувийн сургууль байгуулах болов?
 
-Манай сургуулийн сургалтын төлбөр зах зээлд байхгүй хамгийн бага үнэлгээтэй. Үүний зэрэгцээ хүүхдүүддээ олон хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал, нэг айлын хоёр хүүхэд байвал, онц сурлагатай хэр нь эдийн засгийн боломжгүй бол, өнчин бол гээд хөнгөлөлтүүд бий.
 
Энэ сургуулиа байгуулсан нь миний хүсэл сонирхолтой холбоотой юм. Ямар ч хүүхдийг сургаж болдог. Учир нь хүний уураг тархи гэдэг хөгжүүлж болох агуу том мундаг зүйл гэдгийг олон жилийн судалгаа ажиглалтаар мэддэг болсон. Тиймээс хоцрогдолтой хүүхдийн орчинг өөрчилж амжилттай сургаж болох юм гэсэн дүгнэлтээр сургуулиа байгуулсан. Гурван жилийн хичээлийн хоцрогдолтой есдүгээр ангийн хүүхэд байлаа гэхэд эхний улиралд 80 хувийг нь гүйцээх боломжтой.
 
Үүнээс гадна “Оном” сургууль маань хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд дараах зүйл дээр анхаардаг. Нэгдүгээрт, хэл яриагаар хамгийн түлхүү хөгжүүлдэг. Хүний хэл яриа гэдэг маш чухал. Хэлж ярина гэдэг бодит байдлыг тухайн нөхцөлд бий болгодог. Ингэснээр ой тойнд дүрслэлээр бууж, сэтгэн бодох чадварыг сайжруулна. Үүнд уран зохиол чухал үүрэгтэй.
 
Хоёрдугаарт, Хичээлийн хоцрогдолтой хүүхдийг богино хугацаанд нөхөж, сайн хүүхдийг улам урагшуулдаг. Энэ санааг би АНУ-ын Вашингтоны ахлах сургуульд хичээлд сууж байхдаа олж харсан юм. Тэнд 8-12 дугаар ангийн хүүхдүүдийг нийлүүлээд математикийн гүнзгий сургалтыг хичээллэж байсан. Зааж байгаа хичээл нь 11,12 дугаар ангийн программ байсан. Үүн шиг өргөн хүрээгээр хичээллэж болох юм гээд манайх хэрэгжүүлж байна.
 
Гуравдугаарт, би болон манай багш нар хүүхдүүдтэй зөөлөн харилцдаг. Хэт хүч хэрэглэж хандах нь буруу юм. Багш нар загнаж зодох бус сургуулийн захиргаа нь шийтгэл ногдуулдаг байх ёстой. Америкт болохгүй хүүхдийг сургуулийг нь шилжүүлдэг юм билээ. Энэ бол хүүхдэд их том шийтгэл болдог.
 
-Бусад улс орнуудын дунд сургуулийн хөтөлбөрийг манайхтай харьцуулбал ямар ялгаатай байдаг вэ.Тэндээс юуг нь авч хэрэгжүүлмээр байдаг вэ?
 
-Гадны орнууд миний сая ярьсан жишээ шиг тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг нь л давуу. Олон улсын шалгалтын тэстээр баруунаас Финляндын сургуулиудын сургалтын чанарыг сайн гэж дүгнэсэн байдаг. Азийн орнуудаас БНХАУ, БНСУ, Тайваний сургалтууд сайн гэдэг. АНУ бол 15 орчимд ордог. Барууны сургалтын системийг шүтээд байх зөв биш. Хүмүүжлийн хувьд ч доголдолтой зүйл бий.
 
Гадны орнууд хүүхдэд хүчилж заах, суурь боловсролыг заавал эзэмшүүлэх оролдлого багатай. Энэ хувийн өмчтэй нь холбоотой юм шиг байгаа юм. Өөрсдийн эрхэлж буй аж ахуйдаа тааруулаад үр хүүхдийнхээ боловсролд анхаардаг.
 
Манайх гэхдээ ийм жишгээр явж болохгүй. Ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг үзэж сурах нь зөв. Хуучны нэгдүгээр ангийн хүүхдүүд есдүгээр сард ороод арванхоёрдугаар сард уншиж бичиж сураад үсэглэлийн баяраа хийдэг байсан шүү дээ. Тэр жишгээр манай сургууль явдаг. Тэгэхгүй бол хэт урт хугацаанд бага хичээл хийхгээд хоёрын хооронд суугаад сурчихдаг.
 
-Монгол хүүхдийн оюуны чадавхийг зөв хөгжүүлж чадвал амжилтанд хүрдэг гэдэг нь сүүлийн үед олонтэмцээн уралдаанд оролцсон амжилтуудаас харагдаж байна. Бид ер нь ямар онцлогтой байдаг юм бэ?
 
-Манай хүүхдүүд төдийгүй миний шавь нараас олон хүүхэд дотоод гадаадад олон сургууль төгсч эрдмийн зэрэг цол авсан. Оюун ухааны хувьд хэнээс ч дутахааргүйгээс гадна анхаарал төвлөрөлт, шамдаж сурах чанар зэргээр илүү зүйл бий. Бидний амьдарч буй газар нутаг, идэж буй хоол тэжээл, хийж буй ажил төрөлтэй холбоотой. Мал дээр байгаа хүүхэд морь мал, гэр орны ажил гээд ажилсаг болж өсдөг. Үүн дээр сургалтын систем сайн байвал хүүхэд хурдан хөгждөг. Хүүхдүүдэд шаардлагатай хичээлүүд орох ёстой. Ялангуяа байгалийн шинжлэх ухааны хичээлүүд заавал үзэх хэрэгтэй. Учир нь хүний амьдралд алхам тутам хэрэглэгдэж байдаг юм. 
 
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин