sonin.mn
 
Дэлхийн банкны Ухаалаг засаг төслийн хүрээнд Улсын бүртэг Статистикийн ернхий газар /УБСЕГ/, МУИС, АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургуультай хамтран энэ сарын 24-26-нд олон улсын хурлыг зохион байгуулж байгаа юм.
 
Энэхүү хурлын эхний өдөр манай улсын их сургуулийн багш нарт зориулсан “Статистикийн шугаман програмчлал” болон “Стохастик/ магадлалын загвар” сэдэвт сургалтыг МУИС-д зохион байгуулсан бол өнөөдөр ЕБС-ийн математикийн багш нарт зориулж нийслэлийн 1 дүгээр сургуулийн байранд “Ахлах ангийн математикийн хичээлийн хөтөлбөрт статистикийн сэдвийг оруулах нь” сургалт хийв.
 
Маргааш төрийн албан хаагч, бизнесийн удирдлагын ажилтнууд болон статистикчдад зориулж “Хэрэглээний статистик: Сургалт судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурлыг “Туушин” зочид буудалд зохион байгуулах юм.
 
Эхний өдрийн сургалтыг Алабамагийн Их сургуулийн багш, профессор Жеймс Ж.Кохран, Йелийн их сургуулийн багш, профессор Эдвард Х.Каплан нар удирдан явуулжээ. Сургалтад 80 гаруй хүн хамарчээ. Уг сургалтад оролцогчид “ДОХ-ын илрээгүй халдвар, террорист далд төлөвлөгөө, илрээгүй зүйлийг урьдчилан тооцоолох, цусны нөөц зэрэг сонирхолтой жишээн дээр бодлого  бодож тооцоолжээ.
 
Өнөөдрийн сургалтад 100 гаруй математикийн багш хамарч ахлах ангийн математикийн хичээлийн сэдвийг магадлал, статистиктай уялдуулах талаар суралцаж, уламжлалт ба цахим заах аргачлалын харьцуулалт, цахим заах аргын талаар хэлэлцэж байгаа юм.
 
Харин маргааш болох олон улсын хуралд 100 гаруй төлөөлөгч оролцож Статистикийн арга зүй, боловсрол, Нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөлт, Бизнесийн судалгаанд статистикийн арга зүйг хэрэглэх нь гэсэн 3 салбар хуралдаан болно.
 
Дашрамд сонирхуулахад, АНУ-аас ирсэн профессор Ж.Ж.Кохран нь “Хил хязгааргүй статистик” байгууллагыг үүсгэн байгуулагч, олон улсын нэртэй статистикч бөгөөд проф. Э.Х.Каплан, проф. Ж.Л.Розенбергер нарын салбартаа олон улсад танигдсан нэр хүндтэй статистикийн мэргэжилтнүүд манай улсад ирээд байгаа юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг