sonin.mn
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ХХААЯ-тай хамтран аймгийнхаа ногоочдод “Ургамал, түүний гаралтай хүнсний ногоо, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийн журмын талаарх сургалтыг Сүхбаатар суманд зохион байгууллаа.
 
Энэхүү “Ургамал, түүний гаралтай хүнсний ногоо, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийн журам нь энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Уг журам хэрэгжиж эхэлснээр төмс, хүнсний ногоо эрхлэгчид таримлыг тарьж эхлэхээс эхлээд хурааж дуусах хүртэлх үе шатны талбайн түүхийн дэвтэр хөтөлдөг болно.
 
Ингэснээр анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлд нийлүүлэх ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, таримал ургамалын үр, суулгацын гарал үүслийг тогтоох боломж бий болох ажээ.
 
Түүнчлэн хүнсний сүлжээний бүх шатанд чанар аюулгүй байдлыг хангах, бүртгэл хяналтын тогтолцоо бий болсноор төмс, хүнсний ногоо тариалагчдын мэдээллийн нэгдсэн сан бүрдэх ач холбогдолтой ажээ.
 
Иймээс уг журамтай холбогдуулан тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд, мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг удирдан явуулсан юм.
 
Энэхүү сургалтыг энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Сүхбаатар, Сайхан, Мандал зэрэг сумдад бүсчлэн зохион байгуулсан бөгөөд нийтдээ 300 гаруй ногоочин оролцсон байна.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг