sonin.mn
Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвөөс “Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” өргөн хэмжээний уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
 
Арга хэмжээнд 180 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Хөдөлмөрийн судалгааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа харъяа байгууллага хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар салбарын хэмжээний хэд хэдэн судалгаа, шинжилгээний ажил хийжээ. Үүний дотор “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, “Цалин хөлсний бүтцийн судалгаа”, “Хэрэглэгчдийн үнэлгээ” зэрэг олон чухал сэдвийг хөндөж нарийвчлан судалснаа илтгэгчид танилцуулсан юм. Тухайлбал, “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-ны  талаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Жаргалсайхан “Улсын хэмжээнд иргэдийн нийт болон үндсэн цалин хэдэн төгрөг байгааг судаллаа.
 
2100 гаруй аж ахуйн нэгжээс цалингийн судалгаа авахад үндсэн цалин 608 мянган төгрөг, нийт цалин 705 мянган төгрөг байна. Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл хөдөө ахуйн салбарт ажиллагсдын цалин хамгийн бага, уул уурхайн салбарынхны цалин 1.2 сая төгрөг буюу хамгийн өндөр байна. Насны ангиллаас харахад 25-30 насныхан дундаж цалингийн хамгийн өндрийг авч байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн 2011 онтой харьцуулахад 2015 онд эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн зөрүү ойртсон байна” гэв.
 
Цаашид хөдөлмөрийн салбарын бодлого үйл ажиллагаа, төрөл бүрийн судалгааны ажлуудын үр дүнг ажил олгогчид, хэрэглэгчдэд тогтмол танилцуулж байх юм.
 
“Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” арга хэмжээний онцлог үр дүнгийн талаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн С.Чулуунцэцэг “Ажил олгогчид судалгааг сонирхож маш их ирсэн байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө оролцож санал асуулгад үнэн зөв хариулдаг  учраас судалгааны дүнг бодитой хэмээн хүлээн зөвшөөрч байна.
 
Эргээд судалгааны үр дүн бодлогод нөлөөлдөг. Мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид судалгаанд суурилж бодлого боловсруулахад төрийн байгууллагатай хамтарч оролцсоноор гурван талын уялдаа холбоо сайжирч байгаа юм. Өөрөөр хэлбэл гурван талыг холбосон чухал арга хэмжээ болж байна. Хувийн аж ахуйн нэгж байгууллага дуу хоолойгоо төрд хүргэж чадахгүй байгаа юм шиг хэрнээ судалгаагаар дамжиж төрийн бодлогод нөлөөлж байна. Хөдөлмөрийн салбарын цогц үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа.
 
Хөдөлмөрийн зах зээлийн, урт дунд хугацааны, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр гээд багц судалгаанууд хийгдэж байна” гэдгийг онцоллоо. Арга хэмжээнд Хөдөлмөрийн яамны “Бодлого боловсруулахад судалгааны үр дүнг ашиглах”, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын шинэлэг санаатай сонин содон илтгэлүүд тавигдсан юм.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин