sonin.mn
 
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах түвшний төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн дээр дэлхий дахины уншигчдад хүргэх мэдээллийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
 
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, "Үндэсний шуудан" сонины ерөнхий редактор Д.Заяабат тэргүүтэй Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлсөн 10 сэтгүүлч Сөүл хот дахь “Yonhap” агентлагийн төв байранд зочилсон байна. Энэ үеэр тус агентлагийн дотоод болон гадаад дахь үйл ажиллагааны талаар танилцуулга хийжээ.
 
“Yonhap” агентлаг 6 хэлээр дэлхий дахинд мэдээ түгээдэг нь маш их сонирхол татлаа гэж Х.Батхишиг ярьж байна. Тэрбээр мөн “Yonhap” агентлаг болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хооронд солилцооны хөтөлбөр идэвхтэй хэрэгжиж байгааг сайшаажээ.
 
590 гаруй ажилтантай “Yonhap” агентлаг 1980 оноос хойш БНСУ-ын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагад тооцогдсоор иржээ. Тус агентлаг 1988 оны Сөүлийн олимпын наадмыг олон улсад сурталчлан хүргэхэд гол үүрэгтэй оролцсон бөгөөд Олимп нь Азийн дөрөв дэх том эдийн засаг болох БНСУ-ын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.
 
“Yonhap”-ийн 50 сэтгүүлч 25 орны 33 хотод ажилладаг ба одоогийн байдлаар тус агентлаг нь дэлхийн 83 мэдээллийн агентлагт англи, хятад, япон, араб, испани, франц хэлээр бэлтгэсэн мэдээ мэдээллээ түгээдэг байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг