sonin.mn

ЛЕФКОША. /Anadolu/. Сирийн хилийн ойролцоо Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагасандаа уучлалт гуйх шаардлага Туркт байхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу хэлэв.

“Бидний зөв асуудалд уучлалт гуйх хэрэг байхгүй. Хамтран ажиллах тохиролцоонд ойлгомжтой заасан бөгөөд манай агаарын хилийг зөрчсөн” гэж Туркийн Бүгд Найрамдах Хойд Кипрт хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тэрбээр мэдэгджээ.

Сирийн хилийн ойролцоо Туркийн агаарын хилийг зөрчсөн үл таних бөмбөгдөгч онгоцыг эргүүл хийж явсан Туркийн “F-16” сөнөөгч онгоц хамтран ажиллах тохиролцооны хүрээнд буудан унагасан талаар сайд ингэж хэлсэн юм. Хил зөрчсөн онгоцыг 5 минутад 10 удаа анхааруулсны дараа бууджээ.

Сирид агаарын цохилт өгч эхэлснээсээ хойш Туркийн агаарын хилийг Орос удаа дараа зөрчсөн гэж тэрбээр тэмдэглэв.

Турк, Оросын харилцаа эргэн хэвийн байдалд орно гэж Чавушоглу найдаж байна. “Турк, Оросын байдал хурцдахыг бид хүсэхгүй байна” гэж тэрбээр хэлээд хоёр орон улс төр, эдийн засгийн чухал харилцаатай гэв.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг