sonin.mn

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.13/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа.

Энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн гэлээ.

Дунд хугацаанд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар цэвэр экспортыг дэмжих, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгах, төсвийн нэгдмэл, зохистой бодлого хэрэгжүүлж, улсын төсвийг алдагдалгүй, улсын өрийг нэмэгдүүлэхгүй байхаар батлах нь макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах урьдач нөхцөл гэж Монголбанкнаас томьёолжээ.

Эдгээрийг хангаж чадвал эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг бүрэн хангаж, инфляцийг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн цаашид эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Уул уурхайн супер цикл дуусгавар болж, манай улсын эдийн засагт 2012 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад худалдааны нөхцөл муудах, экспортын бүтээгдэхүүний үнэ дунджаар 30-70 хувиар буурах, гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр гуравхан жилийн дотор ДНБ-ий 45 хувьтай тэнцэх түвшнээс 1 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл огцом буурах зэрэг сувгаар сөрөг нөлөөлөл бий болгожээ.

Гадаад эдийн засгийн орчин сайжирч гадаад эрэлт нэмэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал царцах үзэгдэл 2016 онд ч үргэлжлэх магадлалтай байгаа аж. 

Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн бодит өсөлт 7 хувиас бага болж буурах, ДНБ-ий өсөлтийн хурдац нь саарч байгаа хандлага цаашид үргэлжлэх, дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт сул, үнэ нь өсөхгүй байх төлөвтэй гэж үзэж байгаа юм байна. ОХУ-ын эдийн засаг 2015 оны 2 дугаар улиралд 4.6 хувиар агшсан бөгөөд цаашид хүлээгдэж байснаас ч илүү хэмжээгээр буюу оны сүүлийн хагаст 3.5-3.6 хувиар агших эрсдэлтэй болж,АНУ, Евро бүс, Японы эдийн засгийн суурь асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр, тодорхой бус байдал нь улам нэмэгдэхээр байна гэж танилцуулгад дурдсан.

Иймд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, улсын төсөв алдагдалтай үргэлжлэх тохиолдолд улсын төсөв, мөнгөний бодлогын орон зай улам хязгаарлагдаж, макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахад хүндрэлтэй болох эрсдэлтэй байгаа аж.

2013-2015 онд хэрэгжүүлсэн мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогын арга хэмжээг 2012 оны сүүлээс эхлэн үе шаттай хэрэгжүүлж, бодлогын багц арга хэмжээний хүрээнд санхүү-эдийн засаг-нийгмийн гурвалсан хямрал бий болох сөрөг нөлөөллийг зөөлрүүлсэн гэж мэдээлсэн. Тухайлбал, Инфляци 3 жилийн дотор 14.0%-иас 4,9 % болж бууран, дунд хугацаанд 5-7%-д байх суурь нөхцөл бүрдсэн гэв. Инфляцийн бүтцэд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт 34%-иас буурч 0% болж, мах, улаан буудай, шатахууны сертификатаар баталгаажсан агуулахын нөөцийг банкны зээлээр санхүүжүүлэх зах зээлийн зарчимд суурилсан тогтвортой тогтолцоо бий боллоо гэж Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлсэн.

Дундаж давхаргын хуримтлалын тогтолцоог эхлүүлэн, орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлж, ипортекийн 8% хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2015 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч, үүний цаана 5.8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны хөрөнгө бий болсон байна.

Макро эдийн засгийн шинэ тэнцвэр хангахын тулд өр бус өсөлт үйлдвэрлэх бодлогын орон зай бий болох. Төсвийн нэгдмэл байдлыг хангасан, зохистой бодлого хэрэгжүүлснээр уул уурхайн бус сектор тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай байна гэж тэрбээр мэдээлсэн. Түүнчлэн ирэх онд инфляцийг 7 хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, банк, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх хүрээнд активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн институци болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж саналдаа дурдсан.

Монголбанкны ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан. Гишүүд арилжааны банкуудын байдал, зээлийн үйлчилгээний зардал нэмэгдсэн шалтгаан, гадаад валютын нөөц, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгчөөс тодруулж хариулт авсан.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Л.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.