sonin.mn
Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай цөөн хором ярилцлаа.
 
- Сайхан намаржиж байна уу? Ойрмогхон хоёр сайхан роман уншигчдад хүргэсэн тухай ярианаас эхлэх үү?
 
-Тэгсэн. “Маршалын нууц товчоо” хоёр дэвтэр романыг миний шавь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Ж.Мөнхбат ивээн тэтгэж хэвлүүллээ. Олзуурхууштай нь уншигч олны ам нааштай байна. Ер нь Монгол Улсын хувь заяа түүний ялангуяа хамгийн эгзэгтэй он жилүүд маршал Хорлоогийн Чойбалсангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. Энэ хүн 1921 онд Баруун замын байлдааныг удирдаж Бакич, Кайгородов, Казанцев нарын бүлэг дэрээмчдээс эх орноо цэвэрлэсэн гавьяатан билээ. Энэхүү цагаан цэргийн үлдэгдэл хамгийн бага нь 300 хүнтэй, Бакичийн хороо бол 4000 орчим цэрэгтэй байсныг бодоход Баруун замын байлдаан бага хэрэг биш байжээ гэж боддог юм. Ялангуяа Дух нарсны тулаанд Х.Чойбалсан онцгой үүрэг гүйцэтгэж, Мэнгэт залан, Сумъяа бэйс нарын нэр хүндтэй хүмүүсийг өөрийн талд татаж оруулсан байдаг. Энэ нь ялалтын үүдэн сүлдийг нээж өгсөн гэж болно.
 
- Өнөөдөр 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Чөлөөлөх дайныг бас Маршал Х.Чойбалсан тэргүүлж оржээ дээ?
 
- Түүхээс харахад Гитлерийн германыг ичээнд нь бут ниргэж баруун европыг өвч чөлөөлсний дараа германы холбоотон Японы милтаристуудаас газар дэлхийг цэвэрлэх зайлшгүй шаардлага урган гарсан байдаг. Ингээд Берлинд ялалтын тугаа мандуулсан Зөвлөлтийн улаан арми 1945 оны наймдугаар сарын 9-нд Японд дайн зарласан юм билээ. Энэ зоримог шийдвэрийн маргааш буюу наймдугаар сарын 10-нд БНМАУ-ын Засгийн газар Японд дайн зарлажээ. Ингээд Өвөр байгалийн фронтын бүрэлдэхүүнд дэслэгч генерал И.А.Плиев командалсан “Өмнөд бүлэг”-т монгол ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз оролцож маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар монгол цэргийг удирдсан юм билээ. Тус группт бүгд 42000 цэрэг офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт багтаж байсныг бодоход энэ бага хүч бишээ. Манай зэвсэгт хүчин Өвөр байгалийн өмнөд бүлгийн гол цохилтыг Тамсаг булгийн районоос, Их хянганы нурууг давж Чанчун, Мүгдэний давшсан байдаг. Маршалын өөрийнх нь санаа бол Өвөр монголын ах дүү нараа чөлөөлж улмаар нэгдсэн Монгол улс байгуулах чиг зорилготой байсан юм билээ. И.В.Сталин ч маршалын энэхүү санаа бодлыг далдуур дэмжиж байсан баримт байдаг. Харамсалтай нь Мао Зе Дунь командалсан хятадын коммунист намын ардын арми нэгэн зорилго нэгэн тугийн дор босч Японы түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлөх ариун дайнд орсон учир И.В.Сталин ч, Х.Чойбалсан ч Өвөр монголыг өөртөө нэгтгэх зорилтоосоо арга буюу ухрахад хүрсэн билээ. Энэ бол маршал л хийж чадах, бодож чадах, зүтгэж чадах том зорилт байсан юм.
 
- Маршал Өвөр монголыг өөртөө нэгтгэх гээд амь хайргүй зүтгэж байхад манай зарим төрийн зүтгэлтнүүд ЗХУ-д нэгдэж орох тухай санал тавьж байсан сураг байдаг?
 
- Ер нь тийм санал хоёр ч удаа гарсан юм билээ. Эхнийх нь улсын прокурор Жамбалдорж нарын хэсэг нөхдүүд санаачилж Маршалд загнуулсан байдаг. Дараа нь Д.Төмөр-Очир, Ю.Цэдэнбал, Д.Бадарч нарын залуу зүтгэлтнүүд ЗХУ-д нэгдэх саналыг ахин сөхөж тавихад маршал “Намайг амьдад дахиж битгий эанэ үгийг хэл” гэж асуудлыг мухарласан юм билээ. Аливаа том айлын бөөрөнд байх тухайн үеийн нөхцөл байдлыг эрхбиш хөнгөлж болох ч тусгаар улс байх шиг туг сүлдтэй явах шиг их хувь заяа хаана байх вэ. Маршал Х.Чойбалсан бол манай улсын тусгаар тогтнолын эцэг болсон хүн гэж боддог юм. Тухайн үед олны дунд түгж байсан дуунд ч “Эцэг болон хайрлагдсан Х.Чойбалсан” гэсэн шад мөр байдаг шүү дээ. Зөвхөн зүүн зүгт дайны гал унтарсны дараа баруун хилд хасгийн дээрэмчдийн өдөөн хатгалга идэвхжиж гоминдоны харгисуудтай нэгдэн Байтаг богд, Нарийн харгайтын чиглэлээр өнгөлзлөг, өдөөн хатгалга ширүүсэхэд Халхын гол, Хамар давааны тоосоо гөвж чадалгүй, баруун хил рүү явсан түүх бий. Тэр байтугай Оспан баатрын гүйсан ёсоор ЗХУ-д хандаж бүхэл бүтэн хороо цэрэг зэвсэглэх зэр зэвсгийг Сталинаас өгсөн байдаг. Харамсалтай нь маршалын энэ сайхан сэтгэлийг буруу ашиглаж бууны манайх руу чиглэсэн гунигт баримт ч бий. Ер нь эх орны тусгаар тогтнол, эгэл түмнийхээ аз жаргалын төлөө унтах нойр, идэх хоолоо хасаж зүтгэсэн маршалын үлгэр дууриал өнөө ч үнэтэй хэвээрээ байдаг юм.
 
- “Маршалын нууц товчоо” роман Монгол маршалуудаар цуврал гарна гэсэн. Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-Монголын түүхэнд Х.Чойбалсан, Г.Дэмид, Ю.Цэдэнбал гэсэн гурван маршал төрж гарсан юм. ЭНэ гурван хүн эх орны өмнө байгуулсан өөр өөрийн гавьяа зүтгэлтэй хүмүүс. Одоо “Маршалын нууц товчоо-II” буюу Гэлэгдоржийн Дэмидийн тухай роман бичиж байна. Энэ хүний хувь заяа зурвасхан хоног хугацаанд гэрэлтээд дууссан байдаг юм. Г.Дэмид цөөхөн жил цэргийн яамны сайд байсан ч цэргийн шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн хүн гэж үздэг юм билээ. Тэр ч байтугай ЗХУ-аас зэр зэвсгийн тусламж авахаас биш хүн хүчний тусламж авахгүй гэдэг байр суурин дээр хатуу байж Зөвлөлтийн удирдлагын дургүйг хүргэсэн тал ч анзаарагдаж байдаг юм. Магадгүй эх орноо, элгэн саднаа гэсэн энэ сэтгэл нь Тайга өртөөн дээр учир битүүлгээр амь ансаа алдахад хүргэсэн ч байж мэдэх юм. Ер нь өнөөдрийн бидний тусгаар тогтнол, олон аавын хүүгийн амь насаар олдсон гэдгийг хором ч мартаж болохгүй. Мөнхүү Монголын түүхэнд төрсөн гурван маршал гурвуулаа хүний нутаг гүний газар амьсгал хураасныг ч мартаж болохгүй.
 
- Г.Дэмид гуайн тухай романы дараа Ю.Цэдэнбал маршалын тухай роман гарах нь ээ дээ?
 
- Бас л элэг эмтэрмээр гунигтай түүх. Улс орноо 44 жил удирдсан буурал дарга харийн нутагт долоон жил гэрийн хорионд байхдаа юу бодсон бол доо гэхээс гол харлаж байдаг юм. Хөөрхий өвгөн маршал нутгийн тэнгэрээ нэг харах юмсан гэж элгээ бэтгэртэл санаж, сарвайж явсан юм билээ. Тэр ч байтугай гэрээслэл хэмээн бичиж үлдээсэн хуудасхан цаасан дээр “Хийх боломжтой олон ажлыг бүтээж чадаагүй нь харамсалтай” гэсэн ганцхан өгүүлбэр үлдсэн байдаг. Тэр хүн эцсийн амьсгалаа хураах хүртлээ бусдын адил хөрөнгө зоорь, хүүхэд ач нар гэж бодсонгүй. Эх орны хөгжил, дэвшилд миний оруулж чадах хувь нэмэр юу билээ л гэж шаналж байсан байна шүү дээ. Хувь хүний хувьд жаргал үзээгүй бодь гал гэж одоо ч өрөвдөж, хайрлаж байдаг юм. Ийм эмтэрсэн сэтгэл, эмзэглэсэн бодол сайн зохиол төрөх үндэс суурь болно гэдэгт үргэлж итгэж залбирч явдаг юм даа.
 
 
 
 
Ц.Оюунтунгалаг
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин