sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд /2015.08.31/ өнөөдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов.
 
Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын  хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.
 
Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж Олон Улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури үг хэллээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Парламентын спикерүүдийн дэлхийн IV  бага хуралд оролцож буй парламентын тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, Дэлхийн олон орны парламентын спикерүүд хуран цугласан энэхүү бага хуралд үг хэлж байгаа нь нэр төрийн хэрэг мөн. 
 
 
Та бүхэн энх тайвны төлөө, ардчиллын төлөө, тогтвортой хөгжлийн гээд хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг парламентын түвшинд хэлэлцэж байгаад баяртай байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн өмнө цаг агаарын өөрчлөлтийн асуудал, ядуурал, зарим бүс нутгийн тайван бус байдал, ядуурлыг дагасан боловсрол, эрүүл мэнд, хүний эрхийн асуудлууд хурцаар тавигдаж байна.
 
Эдгээр асуудалд анхаарч, дэлхий нийтэд энх тайван, тогтвортой хөгжлийг урт хугацаанд цогцлуулахад  парламентын дарга нар өөр өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн юм.
 
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Сэм К.Кутеса болон ЮНЕСКО-ийн энх тайвны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Форест Вайтекер төлөөлөгчдөд хандан үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.Энд дарж илтгэлийг сонсоно уу
 
2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтийн /10.00-10.45 цаг/ дараа  Бүгд хуралдаан-1 боллоо. Энэ үеэр “Парламентын спикерүүдийн дэлхийн III хурлын зөвлөмжийн хэрэгжилт” болон Уганда Улсын парламентын спикер Ребека Кадага “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай” илтгэл тавилаа. Мөн ХБНГУ-ын Бундестагийн спикер Н.Ламмерт, БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян нар илтгэл тавив.
 
 
БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян хэлэхдээ, 15 жилийн өмнө дэлхийн олон орны парламентын лидерүүд анх удаа НҮБ-ын төв байранд чуулан парламент хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж бэхжүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа ардчиллын зарчимд суурилах зэрэг олон асуудлыг хэлэлцэж байсан түүхтэй. 15 жилийн дараа харахад, дэлхий ертөнц ихээхэн өөрчлөгдөж, энх тайвны төлөөх, хөгжлийн төлөөх хамтдаа хөгжих бодлого хүчтэй тавигдаж ирлээ. Хүн төрөлхтний хөгжлийн төлөөх урт замд олон саад бэрхшээл тулгарсаар байна.
 
Жишээлбэл, дэлхийн эдийн засгийн хүндрэл, улс үндэстэн хоорондын мөргөлдөөн болон аюулгүй байдлын асуудлуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэхүү бага хурлын “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” уриалга нь дэлхийн олон орны хүн бүрийн хүсэл эрмэлзэл мөн гэдэгт би итгэж байна хэмээн БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян онцлон тэмдэглэсэн юм.
 
Мөн Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима оролцогсдод хандан үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Бидний өмнө нь тавигдаж буй олон асуудлууд дундаас Япон Улс хүний эрх, хүн төрөлхтний аюулгүй байдлын асуудалд чухал ач холбогдол өгч байна.
 
Япон Улсын хувьд иргэдийн аюулгүй орчинд амьдрах болон тэдний аюулгүй байдлыг хангах асуудал нь ардчилсан нийгмийн чухал шалгуурын нэг хэмээн үзэж ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрөлхтөн дайн дажингүй, энх тайван, амар амгалан дэлхий ертөнцийг хүсэмжлэх болсон.
 
Бид бүс нутгийн хэмжээнд сөргөлдөөн, зэвсэг хэрэглэх үзлээс татгалзаж, аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх учиртай гэж үзэж байна. Япон Улсын хувьд залуу үеийнхэнд Ардчиллыг тайван замаар хөгжүүлэх үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулсаар ирлээ.
 
Япон Улс дэлхийн нийтийн энхийн төлөөх үйл хэрэг болон улс орнуудын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах үйлсэд гар бие оролцон, зүтгэх болохоо дахин мэдэгдэж байна хэмээн Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэллээ.
 
 
 
Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийв. Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргыг ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ хийснээс хойш дахин уулзах завшаан гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
 
 
Тэд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын болон хоёр орны парламентын асуудлаар товч санал солилцсон юм. 
 
 
Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Бүгд хуралдаан-2 "Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо", "Өнөөгийн парламентын өмнө тулгарч буй сорилтууд" сэдвээр 15.00-18.30 цаг хүртэл үргэлжилсэн юм. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хөтөлбөрийн дагуу 2015.09.01-ний өдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд илтгэл тавина.
 
Харин “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцоно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.