sonin.mn
ЖАКАРТА. /ВВС/. Индонезийн хойд нутагт энэ долоо хоногийн мягмар гарагт болсон нисэх онгоцны осол нь хөдөлгүүрийн саатлын улмаас гарсан байж болзошгүй гэж тус улсын арми мэдэгдлээ. Уг нисэх онгоцонд сууж явсан 122 хүн бүгд амь эрсэдсэн юм. 
 
Армийн мэдэгдсэнээр, “Геркулес С-130” нисэх онгоц тус улсын Медан хот дахь агаарын цэргийн хүчний баазаас хөөрсөн ч нисэх онгоцны буудал руу буцахыг зөвшөөрөхийг нислэгийн диспетчерээс удалгүй хүссэн юм. Үүний дараахан энэ нисэх онгоц баазаас тав орчим км зайтай орших орон сууцны хороололд осолдсон билээ.
 
Агаарын цэргийн хүчний офицерын мэдэгдсэнээр, “Геркулес С-130”-ийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь гацсаныг нисэх онгоцны сэг болон бусад баримт харуулж байна. Амь эрсэдсэн хүмүүс нь цэргүүд, тэдний ар гэрийнхэн болон бусад хүн байсан ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг