sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улс “Талын зам” төлөвлөгөөгөө БНХАУ-ын санаачилсан “Бүс ба Зам” санаачилга зэрэг бүс нутгийн санаачилгуудтай холбохыг хүсч байна гэж нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдлээ.
Хил дамнасан тээвэрлэлтээр дамжуулан Монголын эдийн засгийг дэмжих зорилготой дэд бүтцийн “Талын зам” санаачилга бол нэг улсын хийх ажил биш гэж Монголын шадар сайд М.Энхсайхан саяхан “Xinhua” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
 
Хятад болон Оросын хооронд оршдог Монгол энэ хоёр том гүрний тээврийн зам болох хэрэгтэй гэж тэрбээр хэлээд, гурван талын хамтын хүчин чармайлтаар л “Талын зам” төлөвлөгөө зохих ёсоор хэрэгжинэ гэжээ.
 
Бээжингийн санал болгосон “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоотой Монголын энэ төлөвлөгөөг хэрхэн нэгтгэх арга замыг хэлэлцэх гурван талын механизм бий болгохыг тэрбээр уриалсан аж.
 
50 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдах “Талын зам” төсөлд Хятад болон Оросыг холбох 997 км хурдны зам, 1100 км цахилгаанжуулсан төмөр зам тавих зэрэг ажил багтаж байгаа юм.
 
Ашигт малтмалаар баялаг Монголын эдийн засаг хурдацтай өсч байсан ч сүүлийн хэдэн жилд эдийн засгийн өсөлт нь суларч, гадаадын хөрөнгө оруулалт ч эрс буурсаар байна.
 
М.Энхсайхан хэлэхдээ, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк эртхэн үйл ажиллагаагаа явуулж эхлэхийг би хүсч байна” гэжээ. Энэ банкны санхүүгийн дэмжлэг далайд гарцгүй улсынх нь дэд бүтцийг сайжруулахад тусална гэж тэрбээр найдаж байна.
 
Г.Доржханд
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг