sonin.mn
“Гэгээн муза-12” наадмын шилдэг зохиолчоор шалгарсан МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдоржтой ярилцлаа.
 
-Танд “Гэгээн муза” наадмын шилдэг зохиолч болсонд баяр хүргэе. Шагнал авна гэдэгтээ хэр итгэлтэй байв?
 
-Маш их баярлалаа. Олон түмний минь буян юм даа. “Галдан бошгит хаан” зохиол маань надад өмнө нь “Алтан өд” шагнал авчирсан. Зохиолыг минь мэргэжлийн уран бүтээлчид үнэлээд байсан болохоор юмыг яаж мэдэх вэ, юм дуулгаж магад гэж бодож байлаа. Хөгжимт жүжгийн төрөлд дөрвөн зохиол өрсөлдсөн юм. Би жүжгийн зохиолчийн хувьд өрсөлдөж буй жүжгүүдээ үзсэн.
 
Минийх түүхэн зохиол гэдгээрээ онцлог байсан болов уу.
 
Энэ наадамд бүтээлээ сойсон олон уран бүтээлч “Гэгээн муза” гардчихаад хөөрч, догдолж байхыг хараад бахархаж суудаг үзэгч байлаа. Энэ том наадамд зохиолоо сойгоод бүр шилдэг болно гэж төсөөлж явсангүй. Гэтэл улаан хивсэн дээгүүр алхаад, уран бүтээлээрээ өрсөлдөөд, шилдгээр шалгарчихаад нижигнэсэн алга ташил­тан дунд зогсч байхдаа аргагүй баярласан даа. Намайг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээсэн байх.
 
-Уран бүтээлчид танд урмын ямар үгс хэлсэн бэ?
 
-Та өөрөө баярлаад зогсохгүй олон хүнийг баярлууллаа. Яагаад гэвэл “Галдан бошгит хаан” жүжгийг хийсэн хүмүүс, үзэгчид, Ховд нутгийнхан баярласан. Энэ жүжиг маань “Гранпри” шагнал авч олон хүнийг баярлуулсан. Энэ том наадамд хөдөө орон нутгийн уран бүтээл шалгарна гэдэг маш сайхан зүйл. Нутгийнхан төдийгүй газар шороо ч баярлаж байгаа гэх зэрэг олон сайхан урмын үгс сонссон. 
 
Б.Мөнхдорж найруулагч маань “Сүхдоржоо цомнол сайхан байсан учир жүжиг тавихад амар байлаа. Уран бүтээлчид маань ч дуртай тоглосон. Хоёулаа гар нийлж сайхан ажиллалаа. Цаашид ч олон сайхан уран бүтээл дээр хамтарна” гэж хэлсэн.
 
-Та яагаад Галдан бошгит хааны түүхийг сонгож зохиол бичсэн юм бэ?
 
-Монголын зүүн гарын эзэнт гүрний Галдан бошгит хааны 370 жилийн ой өнгөрсөн онд болсон юм. Түүний уугуул нутаг болох Ховд аймгийнхан ойг тэмдэглэх хөтөлбөр гаргахдаа Галдан бошгит хаанд зориулсан театр урлагийн бүтээл хийе гэж ярилцсан юм билээ. Ховд аймгийн хөгжимт драмын театр дуулалт жүжиг тавихаар болж надад зохиолын захиалга өгсөн.
 
-Олон зохиолч дундаас таныг онцолсон нь учиртай байх?
 
-Хоёр том шалтгаан байсан болов уу. Нэгт, би өмнө нь Ховдын уран бүтээлчидтэй хамтран “Ану хатан” жүжгийн зохиолыг бичиж тоглуулж байсан. Тиймээс бид бие биенээ мэддэг болсон. Хоёрт, Галдан бошгит хаан, Ану хатан хоёр бол салгаж ойлгож болохгүй нэгэн амь, түүхэн хүмүүс шүү дээ. Нэгэнтээ Ану хатны талаас зохиол бичсэн юм чинь уялдуулаад Галдан хааныг бичих нь илүү боломжтой гэж надад захиалга өгсөн байх. Би захиалгыг баяртай хүлээж аваад бичсэн. 3-4 сар архивын материал ухаж, түүхийг судалж, түүхчид, эрдэмтэдтэй уулзаж, ярилцсан. Энэ жүжгийн найруулагч, зураач, хөгжмийн зохиолчидтой хамтран нэгэн баг болж ярилцаж хийсэн дээ.
 
-Уран бүтээл гэдэг үр хүүхэдтэй адил гэдэг. Та хэр удаан дуншиж бичив?
 
-Ер нь даруу бусаар хэлэхэд би Галдан бошгит хааны түүхээр зохиол бичих захиалга авсан өдрөөс эхлээд тархиндаа бодож, дуншиж эхэлсэн. Зүүдэнд минь хүртэл Галдан хаан орж ирсэн. Цагаан саарал морь унаж, урт сэлэм зүүсэн сүрлэг хаантан давхиж ирээд “Ерөө голын эхэнд орд цагаан өргөөгөө барьж, оч улаан галаа асаана” гээд л сэлмээ сугалаад дүүхэлзэж байсан. Тэгээд л би бичих ёстой юм байна гээд улам хурцлагдаж байсан даа. На.Сүхбаатар, Х.Шагдар, Ө.Бавуу зэрэг түүхч, эрдэмтэн, докторууд надад маш үнэтэй зөвлөгөө өгсөн.
 
-Та Галдан хааныг ямар талаас нь харуулахыг зорив?
 
-Энэ бол Галдан гэдэг хувь хүний тухай зохиол биш юм. XVII зууны үеийн Монголын түүхийн нэг үеийг эзэгнэсэн Галдан бошгит, Чахуундорж нарын түүх юм. Түүхийг бид эргэж харахгүй байхын аргагүй. Хаадын түүхийг шүүх эрх бидэнд байхгүй. Гэхдээ түүхийг үнэн мөнөөр хойч үедээ үзүүлэх ёстой. Өнгөрсөн тэр үйл явдал өнөөдөр ч хэрэгтэй байна. Хэрэв ойрд, халх хоёрын хооронд ийм том зөрчилдөөн гараагүй бол өнөөдрийн Монголын газрын зураг өөрөөр зурагдаж хилийн цаана байгаа олон ах дүүс бидэнтэй гар барьж, ганзага нийлж, ижил морьтой, ихэр заяатай явах байсан. Гэтэл түүхэн хоёр хүний болчимгүй явдлаас болж Монголд ийм эмгэнэл ирсэн гэдгийг энэ зохиолоор харуулыг зорьсон.
 
-Та зохиолоороо өнөөдрийн залууст ямар санаа бодол өгөхийг хүсэв?
 
-Нүүдэлчдийн түүхээс Хүннүгийн хаан Атила, Чингис хаан, Галдан хаан гурвыг дэлхийн эрдэмтэд судалдаг юм билээ. Нүүдэлчдийн хамгийн сүүлчийн эзэнт улсыг байгуулсан хаан бол Галдан гэж барууны судлаачид үздэг. Энх-Амгалан хаан, Галдан хаан хоёрыг эзэмшиж буй нутаг эн тэнцүү байсан. Урд Энх-Амгалан хаан, хойно оросууд Галдангаас айж байсан гэдэг. Үүнээсээ болоод ойрд халх хоёрыг хагаралдуулах хортой бодлого явуулсан. Энэ бодлого нь маш хортой хэрэгжиж монголчуудыг дайтуулсан юм.
 
Одоо ч тийм хор явуулж л байна. Гадны хорт явуулгаар эх орон газар шороо минь ямар болж байгаа билээ. Тиймээс монгол хүн бүр үзэж өнөө цагийн үйл явдлыг ч эргэцүүлэн дэнслэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн Галдангийнх биш Монголын түүх юм. Энэ бол цаг үеийн эмгэлэнт явдал болохоос хоёр хааны хагаралдаан төдий биш. Төр нэг л алдаатай бодлого гаргахад улс орон хэрхэн сүйдэж болдгийг мартах ёсгүй түүхэн гашуун сургамж юм. Галдан Монголын газар нутгийн төлөө тууштай тэмцсэн эх оронч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Энэ талыг ч тод томруун гаргасан.
 
-Жүжгийн баг тендерт ялж санхүүжилтээ авч байсан байх аа?
 
-2013 онд би зохиолоо бичиж өгсөн. Соёлын яамнаас орон нутгийн театр, чуулгыг дэмжих тендер зарлаад манай жүжгийн баг оролцож ялаад 66 сая төгрөгийн санхүүжилт авч хийсэн. Манай баг зөвхөн жүжиг тавих бодлого бариагүй. Орон нутгийн театрын жүжигчдэд сургалт явуулахын тулд жүжгийн, хөгжмийн, найрал дууны багш нартай очсон. Шавь сургалт явуулангаа жүжгээ тависан. Энэ нь Ховдын уран бүтээлчид чадваржихаас гадна тухайн театрын урын санд том уран бүтээл болон үлдэж байна. Үндэсний хэмжээний том дуулал жүжигт ажиллахаар театрынхан суралцаж, хөгжиж, ийм бүтээл дээр ажиллах урам зориг нэмэгдэнэ шүү дээ.
 
-Нутагтаа хэдэн удаа тоглосон юм бол. Бусад аймаг сумдаар тоглосон уу?
 
-Өнгөрсөн намар “Галдан бошгит хаан” хөгжимт жүжгээ нээгээд дөрвөн удаа тоглоход үзэгчид дүүрэн сайхан хүлээж авсан гэсэн. Сая бас наашаа гарахын өмнө дөрвөн удаа тоглосон. Замаараа Говь-Алтай, Баянхонгор, Өвө рхангай аймгуудаар тоглоод ирсэн. Хотод УДЭТ-т нэг л удаа тоглосон. Буцахдаа Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Завханд тоглоно. Ховдоос 55 хүний бүрэлдэхүүнтэй би ирээд “Гранпри” атгаад буцаж байна.
 
-“Гэгээн муза” атгасан хүнд дараагийн уран бүтээлийн эрч хүч дүүрэн байгаа биз?
 
-Би өнгөрсөн гуравдугаар сард Өвөрмонголын Хөх хотод захиалгаар дуулалт жүжиг бичиж өгөөд ирсэн. Н.Жанцанноров гуай хөгжмийг нь бичиж байгаа юм билээ. Ирэх есдүгээр сард тоглохоор бэлтгэл ажилдаа орсон гэсэн. Энэ бүтээлийг хятад хэлэнд орчуулаад тоглоно гэж байна лээ.
 
Мөн эх орон, газар шорооны төлөө тэмцэж байсан домогноос сэдэвлээд кино хийхээр ярьж байна. Санхүүжилт шийдэгдвэл удахгүй хийх байх.
 
 
Х.МОНГОЛХАТАН
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин