sonin.mn

Монголын бурхан шашины төв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, Гавж хуучид модчин овогын Гаржүдийн Диваасамбуу 2015 аны 04 сарын 28-ны өдөр буюу билгийн хаврын сүүл сарын шинийн 10-ны өдөр Жанч халж бурханы орноо заларлаа. Г.Диваасамбуу нь 1927 оны луу жил Шилийн гол аймгийн баруун Хуучид хошууны өргөн сумын Багсам тайжын албат Далайн Гаржүдийн ууган хүү болон мэндэлжээ.


Тэрээр 1933 онд 6-н настайдаа хамбийн сүмийн бага шавран хэмээх Гэгээнтэнээр төвд үсэг заалган улмаар өөрийн гэрээр буюу эцэг Гаржүдээр хурлын уншлага заалгажээ. 8 настайдаа сахил хүртэж, хуралд орж цогчин уншлага гүйцээжээ. 11 настайдаа мамба, зурхайн дацанд орж 3 жил хурал хурж байгаад 14 настайдаа Чойрын дацанд сууж гүн ухааны номыг 5 жилийн турш үзэж гүн ухааны эрдмийг төгс эзэмшжээ. Г.Диваасамбуу 1945 онд БНМАУ-ын төр засгийн хүсэлтээр нутгийн олон ардын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүн ирж Хуучид хамбын ТҮМДҮВЛИН хийдэд шавилан суужээ. 1960 онд Гандэнтэгчэнлин хийдэд өөрийн судалж, уншиж байсан 5 машин ном судар, бурхан, эд агуурсын хамт ирж шавилан суух болжээ. 1960-1977 он хүртэл номын бичээч, бага нярав, их нярав, ня-богоор ажиллаж байгаад 1977-1983 он хүртэл аж ахуй санхүү эрхэлсэн тэргүүлэгч, 1984 оноос шашны дээд сургуулийн багш, Гадаад харилцаа эрхэлсэн мядагтан, 1987 оноос цогчин хурлын их гэсгүй, 1992 оноос засаг Да ламын ажилд томилогдож ажиллаж эхэлсэнээр хөдөө орон нутгийн сүм хийдүүдийг сэргээх, шинээр бий болгоход гол хичээл зүтгэлээ чиглүүлжээ. 1995 оноос Гандантэгчэнлин хийдийн цогчин Ловон лам, 1997 он цогчин Цорж ламын албыг жанч халах хүртэлээ эрхэлж байлаа. Тэрээр 2000 онд Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд гавжийн дамжаа барьж зэрэг цолоо хамгаалжээ. Мөн 2011 онд Өндөргэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуулийн “Хүндэт доктор”, 2013 онд ард түмний санал асуулгаар тэргүүлж энэ цагийн “Эгэл баатар” цолоор шагнагдаж байжээ. Тэрээр 1994-1996 онд Монголын их шүтээн Мэгжид Жанрайсиг бурханыг шүншиглэн аравнайлах ажлыг гардан зохион байгуулсан ба энэхүү бүтээлийг нь төр засаг зохих ёсоор үнэлж төрийг дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Цорж лам Г.Диваасамбуу Монгол улсын түүхийн эгзэгтэй, цөвүүн цаг үеийг ажиралгүй туулж уншиж мэдэж, сонсож дуулсан бүхнээ шавь нартаа болон жирийн сүсэгтэн олонд сэтгэлд харамгүй хүртээж олон эрдэмтэн шавь нарыг бэлдсэн байна.


Тухайлбал Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, Мамба дацан хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж, Гэсэр сүм буюу Бадамёго дацангийн Ловон лам Гүнчин-иш, Гарма гаржүд үржин Пэрэнлэлин хийдийн тэргүүн Д.Тайвансайхан нарын олог гэгээнтнүүдийг нэрлэж болох ажээ. Цорж лам Г.Диваасамбуу өөрийн оронд шашны нөлөөгөө түгээн дэлгэрүүлснээр үл барам гадаад орнуудад ч бурхан шашны гэгээн сайхан үйл хэргээ дэлгэрүүлэн түгээснээр үл барам Улаан-үүд, Минск, Алма-ата Санкт-Петербург, Москва, Бээжин хотуудад удаа дараа айлчилж Азийн Буддистуудын энх тайваны их хуралд оролцон илтгэл тавихдаа “ИТГЭЛ” хэмээх номыг Энэтхэг, Төвд, Монгол хэлээр уншиж төлөөлөгч олны итгэл бишрэлийг хүлээж байсан байна. Мөн 2003 онд ОХУ-ын Буриадын Агийн дацанд уригдан очиж Дамдингийн ван Жамсрангийн жанан зэрэг номуудыг айлдаж байжээ. Цорж лам Г.Диваасамбуу бурханы шашны ариун номонд ихэд нэвтэрсэн Монголын цөөхөн гүн ухаантан, гэгээнтэнүүдийн нэгэн байлаа.

Ум сайн амгалан болтугай