sonin.mn

 МОСКВА. /ВВС/. Майн баяр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Оросын нийслэл Москва хотын төвөөр 140 мянга орчим хүн жагслаа. Тэд хөдөлмөрчдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ Оросын эх орончдыг хамгаалахыг уриалж байв.


Баасан гарагт Улаан талбайд болсон жагсаалыни үеэр хүмүүс Оросын төрийн далбааг барьж, улбар шар ба хар өнгөтэй тууз зүүсэн байсан юм. Эдгээр нь 1945 онд нацист Германыг ялсны бэлгэ тэмдэг болсон билээ.
Тавдугаар сарын 9-нд оросууд дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэнэ.
Украины Крымыг Орост нэгтгэсэнийг дэмжсэн уриа лоозонг жагсагчдын зарим нь барьсан байсан юм.
Уг жагсаалын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордонд үг хэлэхдээ, “Ямар ч сорилт, саад бэрхшээлийг даван туулж чаддаг гэдгээ Орос одоо дахин батлан харуулж байна” гэжээ.
Эдийн засгийн хувьд ОХУ-д төлөгдөөгүй өр, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа зэрэг олон асуудал тулгарч байна. Эдийн засгаа дэмжихийн тулд тус улсын төв банк энэ долоо хоногийн пүрэв гарагт хүүгээ дахин багасгасан юм. 2015 он гарснаас хойш хүүгээ гурав дахь удаагаа хассан нь энэ билээ.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг