sonin.mn
 
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын комисс хуралдлаа.
Хурлыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав. Хурлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн үүргийн дагуу холбогдох албаныхан хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаал гаргахаар шийдвэрлэлээ. Уг тушаалаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түр гаргахаар болж, ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгөв. Тус асуудалтай холбогдуулан зарим албан тушаалтан, компанийн удирдлагуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргах дүгнэлтийг үндэслэн хуулийн байгууллага шалгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлыг холбогдох компаниас гаргуулна. Нийслэлийн МХГ-ын урьдчилсан дүгнэлт үдээс хойш гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг