sonin.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.12.26/ үдээс хойш 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа тус дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.