sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг устгах АНУ-ын Тагнуулын төв газрын төлөвлөгөөний тухай инээдмийн “The Interview” киног АНУ гаргасанд Умард Солонгос "бодитой хариу үйлдэл" үзүүлэхгүй ч, буруушааж байна гэж тус улсын дипломатч мэдэгджээ.

"Энх тайвныг сахин хамгаалагчид" хакер бүлэг "Sony Pictures Entertainment"-д заналхийлсний улмаас өнгөрсөн долоо хоногт тус компани киногоо гаргаагүй байснаа өчигдрөөс зарим кинотеатраар гаргасан билээ.

Уг кибер халдлагыг үйлдсэн хакеруудыг Умард Солонгостой холбоотой гэж АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо үзсэнийг Умард Солонгос няцаасан байна.

АНУ уг киног гаргахыг зөвшөөрөх нь Умард Солонгосын Засгийн газрыг түлхэн унагах зорилготой террорист болон цэргийн үйл ажиллагааны тод илрэл болох бөгөөд үүнд хариу арга хэмжээ авахаа Умард Солонгосын Гадаад хэргийн яам өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn