sonin.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд томилгоо үргэлжилж байна. Тухайлбал, таныг МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллуулахаар боллоо.

Түүнчлэн гурван байнгын хороог танай бүлгийн гишүүд удирдахаар болж байна. Энэ томилгоог албан тушаалын хуваарилалт гэж харах уу, эсвэл шийдвэр гаргах төвшинд МАН- ын үүрэг оролцоо нэмэгдэж байна гэж ойлгох уу?


-Бид эхнээсээ буюу 2012 оноос бүлэг хоёр дэд даргатай байя гэдэгт санал нэгдсэн. Дотроо мэдээж хариуцах ажлын чиглэл гэж бий. УИХ-ын гишүүд орон нутаг, Засгийн газартайгаа яаж харилцаж ажиллах вэ гэх мэт. Энэ жишгийнхээ дагуу Д.Оюунхорол гишүүн БОНХАЖЯ-ны сайдаар томилогдсонтой холбоотойгоор оронд нь намайг сонгосон л шийдвэр.

-Бүх асуудлаа хамтарч шийдэх зорилготойгоор намууд хамтарсан. Гэтэл албан тушаалын томилгоон дээрээ учир зүйгээ ололцохгүй хэдэн тийшээ харчихлаа гэх мэдээлэл гараад байх юм. МАН-д энэ мэт үл ойлголцол гарч байна уу?

-Намууд засагт хамтрахтай холбоотойгоор ажлын хэсэг гарч ажилласан шүү дээ. Тэр ажлын хэсгийн хүрээнд тохиролцсон тодорхой асуудлууд бий. Ийм чиглэлээр хамтарч ажиллана гэсэн гэрээ юм л даа. Энэ гэрээнийхээ зүйл заалтыг зөрчихгүй байх тал дээр л бид байнга шаардлага тавьж байгаа.

Гэрээ хийснээс хойш зарим зүйл дээр ухралт гарахаас гадна гэрээгээ зөрчсөн тохиолдол гарсан учраас манай намын зүгээс гэрээгээ зөрчихгүй байхыг сануулж, зарчмын байр сууриа илэрхийлсэн.

Харин үүнтэй холбоотойгоор “Ажил, албан тушаалын хуваарилалт дээр болж бүтэхгүйгээс болоод маргалдаж байна” гэдэг зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. Үнэндээ энэ яриа хамтралын гэрээтэй холбоотой гэж ойлгож болно.

-Одоо Төрийн нарийн бичгийн даргын томилгоо үлдэж байна. Хэдийгээр энэ албан тушаалд суух хүнийг хэрхэн томилох талаар хуультай ч намууд үүн дээр хэл амаа ололцохгүй байна л гэдэг яриа ч бас гарсан. Хуулийн зохицуулалттай зүйлийг хувааж авна гэдэг ойлголт баймааргүй л юм?

-Энэ томилгоо Төрийн албаны тухай хуулиараа л явах ёстой шүү дээ. Ер нь гэхдээ салбарын сайд нь томилогдоод очиход Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт хийгээд гар нийлэх хүнтэйгээ ажиллавал зүгээр гэсэн бичигдээгүй хууль байдаг. Гэхдээ үүнийг зарчим талаас нь харах хэрэгтэй.

Аливаа ажил, албан тушаалд очсон хүнд өөрийн багаа бүрдүүлэх гэж нэг зүйл бий. Гэхдээ багаа бүрдүүлж байгаа нь энэ гээд бүх хүнийг халж, сэлгэхийг хэлэхгүй шүү дээ. Гол буюу тодорхой албан тушаал дээр хамтарч ажиллах тохиолдол байдаг. Үүнтэй холбоотойгоор л гарч байгаа асуудал байх л даа.

-Ерөнхий сайдын “Халамжийн бодлогоос татгалзана” гэсэн үг олны анхаарлыг их татлаа. Мэдээж төрөөс ямар нэгэн байдлаар халамж хүртдэг хүн цөөнгүй учраас энэ үгийг таатай хүлээж авсангүй. Яг дотор нь сууж байгаа хүний хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүний мэдээллийг хэрхэн хүлээж авав?

-Ерөнхий сайдын илтгэлийг нэлээд сайн бодож боловсруулж олон нийтэд хэлсэн байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, АН- ынхан бараг анх удаа л “Эдийн засгийн хямрал боллоо, бүх зүйл болохоо больчихлоо” гэдгийг тоо баримттайгаар нь ил тодоор олон нийтэд зарлалаа шүү дээ. Гэхдээ дутуу. Үүнээс ч илүүгээр олон нийтэд ил болгох шаардлагатай олон тоо баримт байна. Ер нь ингэж далд байсан мэдээллүүдээ ил болгох цаг нь болсон.

Өөрөөр хэлбэл, манай намын зүгээс байнга шаардаж, хэлдэг байсан зүйлүүд бий. Тухайлбал, эдийн засагтай холбоотой өр зээл, банк санхүүтэй холбоотой бүх асуудлыг ил болгож, нийгэмд зөв мэдээлэл өгөх цаг нь болчихсон байсан. Ямар ч байсан үүний эхлэл суурийг тавьчихлаа гэдэг талаас нь харж байгаа. Харин нөгөө талаас нь авч үзвэл “Хавтгайрсан халамж”-ийн тухай олон жил ярьж байна.

Үнэн хэрэг дээрээ 2004 оны сонгуулиас эхлээд л намууд уралдаад амлалт өгөөд эхэлсэн юм шүү дээ. Баруун, зүүний чиглэлийн нам гэж байхаа болиод бүгд зүүнийх болчихсон юм.

Тэгээд л эдийн засгийн жоохон өсөлтөн дээрээ өнөөх амлалтаа хэрэгжүүлэх гэж зориод эхэлсэн. Тэгэхээр халамжийн тогтолцоо хавтгайраад байгааг би хувьдаа буруу гэж үздэг. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэнчлэн бүх зүйлийг хасаж танана гэдэг ойлголт байж болохгүй.

 -Халамжийг тодорхой шалгуураар олгох ёстой гэсэн үг үү?

 -Бид судалгаа хийж үзэх ёстой. Хүүхдэд мөнгө олгохдоо гэр бүлийн орлого нь тэдээс дээш бол олгоно гэдэг хувилбар байж болно. Мөн төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг гэж бий. Үүнийг жишээлбэл, төрийн албан хаагч хэрвээ үнэхээр шударгаар олон жил төрд ажиллаж байсан бол 36 сарынхаа цалинг аваад гарахад болохгүй юмгүй гэж боддог.

Үнэхээр бүх амьдралаа зориулсан хүнд ийм тэтгэлэг олгоход буруудахгүй. Цаашлаад алдарт эхийн одонгийн мөнгө авч байгаа хүмүүс нийт халамж авагсдын хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдгийг харж үзэх ёстой. Жишээлбэл, хүүхэд нь 18 нас хүрээгүй эхчүүдэд алдарт эхийн одонгийн мөнгө өгье гэж байна.

Гэтэл арваад хүүхэд төрүүлчихсэн нэг буурайд хэдэн төгрөг өгчихөд татгалзаад байх ямар шаардлага байгаа юм бэ. Хөгшчүүдээс хэдэн төгрөг харамлалаа гээд төсвийн хэдэн хувийн таналт болж чадах юм бэ гэх мэтээр бүх зүйлийг тооцоо судалгаан дээр үндэслэж, хийх ёстой.

Түүнээс биш нүдэндээ өртсөн бүгдийг “Хасна танана, цалин тэтгэврийг нэмэхгүй” гээд байж болохгүй шүү дээ. Тийм болохоор ирэх оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ ажлын хэсгүүд сайн нухацтай ажиллаж, тооцоо үндэслэлүүдээ зөв гаргах болов уу гэж бодож байна.

-Ерөнхий сайдын мэдээлэлд анхаарал татах нэг зүйл байсан нь “Хэрвээ бид дорвитой алхам хийхгүй бол, тухайлбал дээр дурдсанчлан хавтгайрсан халамжаас татгалзаж, олны дургүйцлийг хүлээхээр шийдвэр цөөнгүйг гаргахгүй бол default буюу улсынхаа дампуурлыг зарлахад ойрхон байна” гэсэн. Манай улс үнэхээр тийм хүнд байдалд орчихоод байгаа хэрэг үү?

-Ер нь хүүхдийн мөнгө, алдарт эхэд олгодог тэтгэлэг гэх мэт зүйлээс болоод манай улс дампуурлаа зарлахаар болж байгаа гэвэл үүн шиг худал юм байхгүй. Ерөөсөө бодлогын алдаанаасаа болж дампуурлын тулсан юм шүү дээ. Эдийн засаг хүндэрсэн нь үнэн. Хэрвээ Монгол Улс өнгөрсөн Засгийн газар шиг зах замбараагүй хэвээрээ удсан бол дампуурал хаяанд ирчихсэн байсан.

Тэгэхээр энэ бодлогын алдаагаа эхэлж залруулах ёстой юм шүү дээ. Ингэхгүйгээр төсвөөс хэдэн төгрөгийн зардал танаснаараа дампуурлаас хөндийрлөө гэж тооцож байгаа бол энэ худлаа.

-Энэ мэт эдийн засгийн хүндрэлтэй үед нэг сайн мэдээ дуулдсан нь “Тавантолгой”-н хөрөнгө оруулагч шалгарлаа. Монгол, Хятад, Япон улсын хамтарсан консерциум энэ ордод хөрөнгө оруулахаар болсныг “Тавантолгой” гацаанаас гарлаа гэж харах уу. Эсвэл энэ ердөө нэг л алхам уу?

-Ер нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ доод цэгтээ хүртэл уначихлаа шүү дээ. Ийм үед Тавантолгойн оператор компани л юм даа, хөрөнгө оруулахаар болж байна. Бид үүнд сэтгэл ханалгүй, өөр ямар гарц байгааг бодох хэрэгтэй. Үүнээс илүү гарц байсан юм уу, сая шалгарсан консерциум нь энэ ордоо аваад явж чадах юм уу гэх мэт асуудал аяндаа гарч ирнэ.

Нэг үгээр бол, “Тавантолгой” зөв голдирлоор явах эхний алхам хийгдлээ л гэж харж байна. Ер нь Оюутолгойн гэрээнээс улбаалаад харахаад байхад стратегийн болон ашигт малтмалын орд дээр төрийн оролцоог хязгаарлах хэрэгтэй юм байна гэж хараад байгаа.

Ерөөсөө л төрийн оролцоотой болчихоор л өртөг зардал нь нэмэгдээд явчихдаг. Гэтэл үүнээс өөрөөр төр хяналтаа тогтоох олон хувилбар байна шүү дээ. Уул уурхай төрийн оролцоогүй байх нь үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлдэг юм болов уу гэсэн бодолтой явдаг.

-Таны хэлсэнчлэн уул уурхай руу төр хэтэрхий их оролцсоны нэг жишээ нь “Чалко”-гийн өр гэж хэлж болох уу. Энэ компанид өгөх өрийг хэдэн он дамжин төлж байгаа ч дуусахгүй байна шүү дээ. Уг нь өнгөрсөн зургадугаар сар гэхэд дуусгана гэж байсан ч энэ ондоо багтахгүй нь тодорхой болчихлоо?

 -Энэ бол нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасантай л холбоотой. Нүүрсний үнэ унахын хажуугаар манай борлуулалт буурсан. Зэрэгцээд буруу менежмент явсан. Анх “Чалко”- той байгуулсан гэрээгээ өөрчилж, үл итгэлцэл үүсгэсэн зэргээс болоод энэ өр сунжирсан. Түүнээс нүүрсний үнэ хэвийн байгаад, гэрээ хэлэлцээр ярьсныхаа дагуу үргэлжилсэн бол өдийд төлөөд дуусчих л байсан юм шүү дээ.

-Гацууртын ордыг стратегийн ордод оруулах талаар ярьж эхлээд байна. Зарим гишүүний зүгээс сайшаахгүй байгаа бол “Эдийн засгийн хүндрэлтэй үед стратегийн ордод багтаагаад үр ашгийг нь хүртээд явах нь зүйтэй” гэх хэсэг ч байна. Харин та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Гацууртын ордыг ашиглаад явахад буруудах зүйлгүй. Гэхдээ үүнд төрийн өмчийн оролцоо байх эсэхийг би дээр хэлсэн. Ямар нөхцөлтэйгөөр төр хувь эзэмших вэ гэдгээ өмнө нь гаргасан алдаан дээрээ суралцаж гэрээ хэлэлцээрээ хийх ёстой л гэж харж байгаа. “Оюутолгой”-н гэрээг хар талаас нь хардаг хэсэг байхад ерөөсөө ойлгодоггүй хэсэг нь масс болчихлоо шүү дээ.

Гэхдээ энэ гэрээ Монголчуудад том сургамж үлдээсэн гэж би боддог. Манай улсын Засгийн газар нэн шинэ үеийн түүхэндээ анх удаа ийм том гэрээ хийсэн юм. Үүнд ашигтай ч тал бий, ашиггүй нь ч бий. Тийм учраас “Гацуурт”-тай хийх гэрээн дээр өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал.

-Орд газартай холбоотойгоор асуухад “Мак”-ийн зэсийн баяжуулах үйлдвэрийн талаар их удаан ярьж байна. Уг нь улс орны эдийн засаг хүнд үед энэ мэт үр ашгаа өгөх үйлдвэрүүдийг даруйхан бариад явмаар санагдах юм. Ер нь томоохон орд газрыг хөдөлгөхөд юу нь болохгүй, хаанаа гацаад, удаад байдаг юм бэ?

-Юунаас болоод, яагаад гацаад байдгийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ том төслүүдийг эргэлтэд оруулахад хамгийн чухал зүйл нь хөрөнгө босгох асуудал шүү дээ.

Манай улсын томоохон компаниуд гадны зах зээлээс хөрөнгө босгоод ирэх бололцоо байгаа бол төр засаг чадлаараа дэмжих ёстой. Ингэж байж таны хэлсэнчлэн том төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл бидний ажил амьдралд л хэрэгтэй шүү дээ.

-Та 2014 оны нийгэм, улс төрийн амьдралыг бүхэлд нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Хэцүүхэн жил боллоо. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газар Монгол Улсын эдийн засгаар бүхэлд нь тоглочихлоо шүү дээ. Гэхдээ одоо үүнийгээ засч залруулах гэж чадлаараа зүтгэж байх шиг байна. Бид бол мэдээж энэ алдаа оноог засч залруулах тал дээр чадлынхаа хэрээр тусалж дэмжинэ. Болж, бүтэхгүй бол өөрсдийнхөө байр суурийг хатуу илэрхийлэх болно.

М.Өнөржаргал

Эх сурвалж: