sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, бусад салбарынхан, хувийн хэвшлийнхэн, эрүүл мэндийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүдийн идэвхитэй оролцоо, УИХ, Засгийн газрын бүрэн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар явуулах замаар хэрэгжүүлж ирлээ. Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн биелэлт 2013 оны 50.5%, 2014 оны эхний хагас жилийн байдлаар 69.0%-ийн хэрэгжилттэй байна.

Эрүүл мэндийн шинэчлэлийн гол цөм нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг удирдан иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, улмаар монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг дээшлүүлэх гэж үзэв.

Энэ хүрээнд ДЭМБ-ын тогтоосноор хүний эрүүл мэндэд 55-60 хувийн нөлөө үзүүлдэг хувь хүний эрүүл мэндийн боловсрол, зан үйл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах мэдлэг зэрэг хүчин зүйлийг удирдах зорилгоор “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг улс орон даяар явуулж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг үндэсний хэмжээнд явуулж байна.

Хүний эрүүл мэндэд 25 хувийн нөлөө үзүүлдэг бусад салбарын оролцоо хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөр “Эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжүүлж байна.

Хүний эрүүл мэндэд 10-15 хувийн нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаатай холбоотой “ Эрүүл мэндийн суурь шинэчлэл” ийн бодлогыг хэрэгжүүлж байна.

Хүний эрүүл мэндэд 5-10 хувийн нөлөө үзүүлдэг хувь хүний төрөлхийн болон удамшлын хүчин зүйлийг удирдах чиглэлээр ургийн гажиг хөгжил, удамшил, бодисын солилцооны эмгэгийг оношлох чадавхийг эх орондоо бүрдүүллээ.