sonin.mn

СӨҮЛ. /Xinhua/. Дэлхийн II дайны үед Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийг япончууд бэлгийн боолоо болгож байсан талаарх хэлэлцээг хоёр орны өндөр албан тушаалын дипломатууд ирэх долоо хоногт хийнэ гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Ерөнхий захирлын түвшний уулзалт Сөүл хотод 11 дүгээр сарын 27-нд болно. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн товчооны ерөнхий захирал Ли Санг-Деок, Японы Гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн товчооны тэргүүн Жуничи Ихаратай уулзана гэж Гадаад харилцааны яам мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Хятад, Япон, Өмнөд Солонгосын гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлсэн байна. Учир нь 2013 оны хоёрдугаар сард тангараг өргөх ёслолынхоо үеэр тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй нүүр тулан уулзахаас татгалзсан байжээ.

Дэлхийн II  дайны үед Японы империалист арми эмэгтэйчүүдийг бэлгийн боолоо болгож байсандаа Япон улс гэмшиж, чин сэтгэлийн хүчин чармайлт гаргавал хоёр орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах байр сууриа өөрчлөхгүй гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Ирэх долоо хоногт болох уулзалт нь дөрөв, тав, есдүгээр сард Сөүлд болон зургадугаар сард Токиод болсон уулзалтын дараах ийм төрлийн тав дахь уулзалт болж байна.

Дайн үед солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн боолоо болгож байсныхаа төлөө Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёохэй Коно 1993 онд албан ёсоор уучлалт гуйсан мэдэгдлийг хянасан дүнгээ Япон зургадугаар сард танилцуулсан юм. Түүнд, уучлалт гуйсан мэдэгдэлд Өмнөд Солонгос хөндлөнгөөс оролцсон, тухайлбал, Коногийн мэдэгдэл нь улс төрийн хаалттай харилцааны үр дагавар байсан хэмээжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: