sonin.mn

2007-2008 онд Канадын МкГилл их сургуулийн Агаар сансрын эрх зүйн институтад суралцах завшаан надад тохиолдсон юм. Тус институтын захирал нь доктор Пол Демпси хэмээх америк багш бий. Демпси бол  Америкийн тээврийн яаманд олон жил ажилласан асар туршлагатай хуульч билээ. Бидэнд Public International Air Law, Private International Air Law, Airline Business and Law гэдэг 3 хичээлийг Демпси заадаг байв. Одоо ч тэндээ тэр хичээлүүдээ заасаар л байгаа. Түүний бичсэн  номууд нь асар уншууртай, уран хэллэгтэй, учиг гаргалгаа нь янзтай, уншаад нэг эхэлбэл хоолоо ид, пиаваа уу гэж дуудуулж байж л салахаар тийм шимтэй бичдэг багшсан.  Демпси хичээл дээрээ маш их түүх ярьдаг, гоё ч тайлбарладаг ер нь миний амьдралдаа хичээлд нь сууж байсан багш нараас гавъяат багш Ж.Нямжавтай л дүйж очихоор мундаг заадаг багш байж билээ.

Pulic Law дээр тэр нэг түүх ярьсныг та нартай хуваалцъя.  Агаарын навигацын эрх зүйн лекц дээр 1981 оны нислэгийн удирдагч нарын ажил хаялтыг Рейган хэрхэн шийдсэн кейсийг ярьж байлаа. Тэр үед нислэгийн удирдагчид орон даяар ажил хаялт зарлаад Америкийн бүх иргэний нислэг зогсож, нислэгийн удирдлагын цамхагууд хоосорч засаг төр нь нуман тулгуурт ороод байсан гэдэг. Рейган 48 цагийн дотор ажилдаа ирэхийг сануулсан боловч нислэгийн удирдагчдын холбоо байр сууринаасаа хөдөлсөнгүй. 48 цагийн хугацаа дуусмагч бүх 11345 нислэгийн удирдагчдыг бүгдийг нь ажлаас нь халаад оронд нь цэргийн нислэгийн удирдагчид болон менежер дарга нарыг нь нислэгийн хяналтын цамхагт түр суулган өөр нислэгийн удирдагчид ажилд авч, сургаж дуустал ажиллуулсан байгаа юм. Шинэ нислэгийн удирдагч ажилд авч өмнөх орон зайг дүүргэх энэ процесс юутай ч 2007 он хүртэл дуусаагүй байсан бөгөөд намайг энэ түүхийг сонсож суухад мөн л америкийн нислэгийн удирдлагын цамхагуудын 20 орчим хувьд нь хоосон, маш олон жижиг нисэх буудлууд нислэгийн удирдагчгүй хэвээрээ л байсан билээ.

Хамгийн гол нь тэр лекц дээр ярьсан нисэхтэй холбоогүй түүхийг одоо ярихыг хүсэж байна. Демпси ийн ярьсан юм. Багшийн ярьсныг үг үсгээр нь санахгүй ч багцаалбал нэг иймэрхүү зүйл ярьсан нь санаанд тод байна.

Рейганы өмнө Жимми Картер гэж ерөнхийлөгч байваа. Картер бол хэдийгээр хөдөөний фармер боловч цөмийн физикчийн боловсролтой, атомын шумбагч завины төсөл дээр ажиллаж байсан, ажилд маш няхуур, ажлын деталь руу орж шийдэл хайдаг тийм ерөнхийлөгч байжээ. Тэр кругозор өргөнтэй, энцоклопед ой санамжтай, ухаалаг шийдэл ч олон гаргасан хүн байсан ба бүх л зүйлийн шийдлийг өөрөө олж зөв болгохоор уйгагүй ажилласан байдаг. Гэвч улс орны асуудал арвин, Картер ганцаархнаа болохоороо асуудал үүсэж эхэлсэн юм билээ. Картераас шийдлээ хүлээсэн асар олон асуудал цагаан ордонд очерлоод нам зогсож эхэлсэн байна. Картер зүгээр л бүх асуудлын шийдэлд оролцож физический хүчрэхээ больж. Гэвч асуудлууд овоорсоор. Шийдээгүй үлдээсэн асуудлын тоогоор эдийн засаг хохирсоор, хумигдсаар, инфляци 12 хувьд хүрч иргэдийн амжиргааны түвшин буурсан байна. Картер ганц биеээр барж шийдэхгүй их асуудлыг шийдэхээр цагаан ордонд төвлөрүүлсэн нь фатальный алдаа болж 80 оны сонгуульд ялагдан Калифорны амбан захирагч, жүжигчин асан Рональд Рейган хэмээх өндөр эрд халаагаа өгсөн байдаг. Картерийн үед олон шинэлэг зүйл хийсний нэг нь 1938-1978 оны хооронд 40 жил нарийн зохицуулалттайгаар бойжуулж өндийлгөсөн агаарын тээврийн салбарын deregulation билээ. Үүний үр дүнд 1978-2005 оны хооронд л гэхэд нийт 165 авиакомпани дампуурлаа зарласан ширүүн өрсөлдөөн болж агаарын тээврийн компаниуд арга буюу нэгдэж, консолидацид орсоор өнөөдрийн байдлаар Southwest-Air Tran, Delta-Northwest, American-USAirways, United-Contenental гэсэн 4 том нэгдэлд ортлоо цөөрчээ. Зах зээлд тэсэн гарахын тулд үүнээс өөр арга ч тэдэнд үлдсэнгүй.

Рейган гарч ирээд би жүжигчин хийж байсан улс төрч хүн, надад тийм нарийн мэдлэг ч байхгүй, энэ бүх асуудлуудыг мэддэг чаддаг хүмүүст нь өгч шийдүүлж бай, надад зөвхөн үр дүнг нь л илтгэ, өмнөхөөс дордуулсан үр дүн байх ёсгүй, би эдийн засгийн том бодлого, гадаад бодлого руугаа анхаармаар байна гэсэн гэдэг.
Рейганы энэ delegation of authority шийдэл үр дүнгээ өгч салбарын асуудлыг салбарын професионалууд шийдээд эхэлмэгц маш эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн. Учир нь салбарын професионалууд гэдэг бол тухайн салбартаа хайртай хүмүүс л байдаг билээ. Ажилдаа хайртай дуртай хүмүүс хэзээ ч хоноцын сэтгэлтэй шийдвэр гаргадаггүй. Тэд үүсэж буй асуудлуудын шийдлүүдийг гайхалтай бүтээлчээр олоод эхэлсэн нь бүх салбар хөл дээрээ зөв босох үндсэн шалтгаан нь болжээ.

Рейган хувийн хэвшлийг уухайлан дэмжигч нь байв. Татварыг бууруулж татвар төлөгчийн баазыг нэмэгдүүлэхээс гадна хамгийн чухал нь ажилд саад болдог үйлдвэрчний байгууллагуудын хандыг нь хага дарж чадсан явдал эдийн засгийн өсөлтөнд их нөлөөлж чаджээ. Нислэгийн удирдагчдыг бөөнөөр нь халсан үйлдэл нь хувийн хэвшлийнхэнд үйлдвэрчний эвлэлээс айх хэрэггүй гэсэн маш хүчтэй сигналыг өгч чадсанаар хувийн хэвшил өндийх бас нэг боломж гарсан билээ. Атлантын далайн нөгөө эрэг дээр Тэтчэр Ерөнхий сайд бас эхлээд үйлдвэрчний эвлэлийг нугалж авч байж дараа нь эдийн засгаа босгосоныг бид санаж байгаа.
Рейганы засаглалын үед хүйтэн дайныг дуусгаж, дээд шүүхэд анхны эмэгтэй жастис томилон, эдийн засгийг сэргээж, инфляцыг 4 хувь хүртэл бууруулсан байдаг нь одоо ч домог болон яригддаг.

Саяхан бид Алтанхуяг гэдэг фикикч ерөнхий сайдтай байв. Тэр манай бүх дарга нартай адилхан мэдлэг сайтай, ер нь л бүх асуудлын шийдлийг олчихдог чадварлаг удирдагч билээ. Олон ч том, олон ч жижиг асуудал тэр хүний оролцоотойгоор шийдлээ олж байсныг бүгд мэднэ. 5-р цахилгаан станцаас эхлээд “Утаагүй зуух”-ны гал ноцоохыг хүртэл зааж өгч байсныг ч санаж байна.  Гэвч асуудлын тоо улс орны хэмжээнээс огт хамаардаггүй. Улс л бол улс тул асуудал том улсад ч жижиг улсад ч ижил. Яг үнэндээ бол Алтанхуяг үүсэн хуримтлагдсан асуудлууддаа Картер шиг дарагдаад огцорчихлоо. Популистууд мэргэжлийн байгуулагуудын шийдвэрийг гурилдаж, үйлдвэрчнийхэн ажил олгогч, хөрөнгө оруулагч нартай хаа сайгүй заамдалцан, хажууд нь зөвлөхүүд нь нөхцөл байдлын шийдлийг ололцохоосоо илүүтэйгээр нэрийг нь барьж хий эргэсээр хүндрэлийг гааруулчихсанаас огцорлоо. Мөн энэ үед бойжиж бэхжээгүй агаарын тээврийн зах зээл дээр либеральчлал эхлүүлсэнээс нэг компани дампуурч, дагаагийнх нь дампуурлаа хүлээн байна.

Дараагийн ерөнхий сайд Сайханбилэг болох байх. Ардчилсан хувьсгалын тугийг барилцаж 30-д насны ах нарынхаа хамт уухайлан явсан 20-д настнууд болох бидний үеийн төлөөлөл. Түүнийг ажлаа аваагүй байхад нь л огцруулахаар зарим нь миалан орилолдоод эхэлчиж. Би бол харин ч түүнийг Ерөнхий сайд болчоосой, мэргэжлийн ЗГ-аа байгуулаасай гэж бодож байна. Сайханбилэгийн хувьд хамгийн давуу тал нь бол түүний сул тал нь юм. Тэр түүхийн багш, хуульч хүн. Салбар бүрийн нарийн ширийнийг мэдэхгүй. Ер нь бол мэдэж амжих ч үгүй, мэдэх ч шаардлагагүй.  Түүний хувьд яг Рейган шиг професионалуудад л ажлыг даатгаж шийдлийг олуулахад болчихно. Рейган бол мэргэжилийнхний үгийг улс төрчдөөс илүү анхааралтай тэвчээртэй сонсдог, бодит үнэнийг муу ч байсан хэлж байхыг хүсдэг нэгэн байв. Сайханбилэг  түүнийг л копидоход хангалттай. Сайханбилэг Рейганы нэгэн адилаар үйлдвэрчний байгууллагыг байранд нь тавих хэрэгтэй. Ажил олгогчдыг самарч, улмаар эдийн засгийн өсөлтийг хорлож  байдаг улс төржилтөөс хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудыг хамгаалж байж эдийн засгийн өсөлтийг буцаан авчрах болно. Бослого тэмцэлгүй газарт ямар ч хөрөнгө оруулагч эрсдэлээ өөрөө үүрээд л ороод ирдэг. Босоод үймүүлээд байдаг газраас ямар ч ашигтай байсан гараад явчихдаг. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагчдыг үргээж хөөсөн гарууд өөрсдийн бурууг Алтанхуягт тохон чичилсээр огцруулчихлаа.  Энэ байдлыг засахгүй бол Сайханбилэгийг ч тэд удахгүй чичилнэ.

Ардчилсан намын ҮЗХ явж явж хамгийн зөв хүнээ гаргаад ирлээ. Түүнд одоо Ерөнхийлөгч, УИХ хоёр итгэл хүлээлгээд ажиллуулах хэрэгтэй. Сайханбилэг бол азтай ерөнхий сайд байх болно.  Учир нь түүний засгийн газрыг мэргэжилийн засгийн газар болгох улс төрийн тохироо бүрдчихлээ. Эдийн засгийн өсөлтийг уяад байсан төмөр замын хэрүүлийг өмнөх Ерөнхий сайд өөртөө үүрч шийдчээд буугаад явчихлаа. Тэр одоо Рейган шиг засгийн професионалуудаа л дэмжээд явахад болчихно. Түүний өөртөө дайсан хураадаггүй, багийн тоглолттой улс төрчийн туршлага нь ч гадны сөрөг нөлөөлөлөөс засгийг нь хамгаалах болно. Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал үүсэх л байх. Гэхдээ хоёр хөршийн томчуудын айлчлалаар тавигдсан эдийн засгийн том боломжууд өмнө нь байна. Нефтийн үнэ ч эрчимтэй бууж байна. Энэ бол алтан боломж. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулахаар жинхнээсээ ажиллах өргөн боломж түүний гарт байгаа. Учир нь засгийн ажилд популизм, улс төр хутгалдах цаг бишийг өнөөдөр л бүгд ойлгож ухаарлаа. Иймд түүний засгийн газарт хамгийн том боломжууд байна. УИХ-р саяхан баталсан популизмгүй төсөв шинэ засгийн хувьд гарааны маш сайхан нөхцөл билээ.

Нэгэнт улс төрийн тогтвортой байдал, мэргэжлийн түвшний шийдвэр гаргагчид төрд цуглараад, популистуудын дуу сулраад ирмэгц гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний бизнесүүдийн итгэл сэргээд ирэх болно. Үр дүн нь эдийн засгийн өсөлт болж бууж ирнэ.


Өнөөдөртөө зарим хүмүүс Сайханбилэгийн нам олонхи болоогүй цагийн сонгуулиудын сурталчилгааны ролик, амлалтын самбаруудыг “илрүүлэн” шоолцгоож л байна. Гэвч Сайханбилэгийн хувьд амлалтаа биелүүлэх бодит боломж одоо л гарч байгааг бас санах хэрэгтэй. Тэр саяхан засаг дээр ярьж байсан зүйлсээ ажил болгож суурь үнийн pricefixing-тэй тэмцэх замаар талхны төдийгүй нийт үнийн өсөлтийг зогсоож бүүр бууруулж ч чадна, интернэтийг эдийн засгийн чухал багаж болгож ч дөнгөнө.  Харж л бай. Цагтаа Америк даяараа Рейганыг жүжигчин гэж шоолж л байсан. Худлаа гэвэл 1985 оны  “Ирээдүй рүү буцсан нь” киног дахин үзээрэй.

Дээр өгүүлсэн Рейганы туршлагыг бид 2011 оны хавар МИАТ-д давтан хэрэгжүүлж туршсан нь маш амжилттай болсон юм. 2011 оны 3-р сард зарим инженер ажил дахин зогсоохоор заналхийлж эхэлсэн боловч бид яаралтай хөдлөн тэдний оронд түр ажиллуулах гэрээг Шанхай-Боинг компанитай байгуулж, түрээсийн компаниудтай холбогдон хүндрэлтэй асуудалд авах арга хэмжээний нөхцөлүүдийг тохиролцон, МИАТ-н удирдлагад байсан инженерүүд өөрсдөө ч ажиллахад бэлэн байдалд орцгоосон. Үр дүнд нь инженерүүдийг оройлон буруу уриалж байсан нөхдүүд ажлаасаа сайн дураараа халагдан гарч явцгаасан бөгөөд ажил хэвийн үргэлжлэх горимдоо орж билээ.

Инженер Ц.Бат