sonin.mn

Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр өндөр дээд түвшинд тохирсон хоёр талын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын хэрэгжилтын явц, хийсэн ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, хоёр улсын олон улсын хийгээд бүс нутгийн хамтын ажиллагаатай холбогдсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яам хоорондын 2014-2015 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.