sonin.mn

ПХЕНЬЯН. /ITAR-TASS/. БНАСАУ-ын Агаарын цэргийн хүчин болон Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги нэгтгэлийн нисэх  бүрэлдэхүүний сургуулилтыг тус улсын удирдагч Ким Жөн Ун удирдсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /СТЦМА/ мэдээлжээ.

Нисгэгчид байлдааны онгоцоор хөөрч, буух сургуулилт хийж, уран жолоодлогын үзүүлбэр үзүүлсэн байна.

Сургуулилтын үр дүнд Солонгосын ардын армийн дээд командлагч сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд “мэргэжлийн өндөр ур чадвар харуулсных нь төлөө” зарим нисгэгчдийн цолыг нэмжээ.

СТЦМА-ийн тэмдэглэснээр, Ким Жөн Ун 550 дугаартай сөнөөгч онгоцны бүхээгт нисгэгчийн суудалд сууж, уг онгоцны байлдааны чадварыг сонирхсон байна. Тэрбээр мөн орчин үеийн дайны нөхцөлд зайлшгүй авах арга хэмжээг АЦХ болон ПДЭХ анги нэгтгэлийн командлалын бүрэлдэхүүнтэй хэлэлцжээ.

Ким Жөн Уныг Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны нарийн бичгийн дарга Чхве Рён Хэ, Улс төрийн ерөнхий удирдах газрын дарга, дэд маршал Хван Бён Со, СХН-ын Төв хорооны газрын дарга нар дагалдан явсан аж. Сургуулилт болсон газрын талаар СТЦМА мэдээлээгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: