sonin.mn

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон гэж ар Монгол манжийн эрхшээлд орсон 1691 онд сууриа тавьсан түүхтэй, одоо харьяалагдаж буй Алаг-Эрдэнэ сумынхтайгаа тэнцүү тооны хүн амтай суурин газар байдгийг мэдэхгүй хүн Монголд ховор болов уу.

Уг нь бие даасан орон нутгийн хот байгаад, 1994 онд Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор Алаг-Эрдэнэ суманд тосгоны статустайгаар харьяалагдсан юм. Түүнээс хойш Алаг-Эрдэнэ гэсэн “овог"-оо хүндэтгэн Алаг-Эрдэнээс 11, Хатгалаас 10 төлөөлөгчийг тус тусдаа сонгон нийт 21 төлөөлөгчтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулж, Алаг-Эрдэнээс Сумын засаг даргыг, Хатгалаас ИТХ-ын даргыг сонгож, найртай сайхан амьдарсаар ирсэн юмсан.

Гэтэл 2012 оны “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11.2, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтуудаас болж сумын ИТХ-ын сонгуульд хатгалчууд оролцож чадаагүй билээ.

Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны 2/280 тоотоор Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ч.Сайханбилэгт илгээсэн албан бичигтээ, “Хатгал тосгоны 1959 сонгогчийн сонгох, сонгогдох эрх хязгаарлагдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгааг анхааралдаа авна уу” хэмээн бичсэн байна.

Ингэж хатгалчуудын сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгааг ХЭҮК нотолж өгсөн юм. Энэ байдлаас гарах гарц нь Хатгал бие даасан сум болох явдал байв.

Тиймээс хатгалчууд сум болохоор урьд өмнө нь бүрдүүлсэн байсан Хатгал тосгоныг сум болгох тухай Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2008 оны дөрөвдүгээр сарын 18-ны 33 дугаар тоггоол болон Хатгал тосгоныг сум болгох тухай Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдааны 2008 оны есдүгээр сарын 22-ны гуравдугаар тогтоолын хамт бүх тооцоо судалгааг шинэчлэн хавсаргаад, аймгаасаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд илгээсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас 2013 оны гуравдугаар сарын 14-ний 10/1603 тоотоор Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2008 оны 33 дугаар тогтоолыг шинэчилж ирүүлэхийг хүссэн байсан тул хатгалчууд энэ тогтоолыг шинэчилж өгөх хүсэлтийг Алаг-Эрдэнэ сумын шинэ ИТХ-д тавьсан.

Гэтэл дүлий, хэлгий хоёрын тухай монгол ардын шог яриа шиг, бас еэвэнгийн нөгөө тал нь энэ гэдэг шиг юм болгож тохуурхав.

Өөрөөр хэлбэл Алаг-Эрдэнэ сумын ИТХ-аас энэ хүсэлтийн хариуд 2013 оны дөрөвдүгээр сарын 01-ний 13 дугаар тогтоол гаргахдаа яг л дүлий хүн буруу сонссон юм шиг “Хатгал тосгоныг аймгийн харъяалалтай тосгон болгох тухай” гэж хадуураад, өөрсдөө дур мэдэн хүчээр тулгасан байтлаа хатгалчууд ийм хүсэлт гаргаад түүнийг нь дэмжсэн юм шигдүр үзүүлэн дамшиглаж, “Хатгал тосгоныг бие даасан аймгийн харъяалалтай тосгон болохыг дэмжсүгэй” гэж дараагийн хийх гол үйлдлийнхээ замыг зассан байв.

Тэгээд зогсохгүй “Энэ тогтоолыг гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2008 оны 33 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай” хэмээн хэр хэмжээнээсээ хэтэрсэн шийдвэр гаргасан байлаа. Ингэснээрээ тэд Хатгал тосгоныг сум болгож, тосгоны 1959 сонгогчийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжид санаатайгаар хаалт тавьж гацааснаас хойш энэ асуудал дарагдаад бүтэн хагас жил гаруйн нүүр үзэж байна.

Эндээс энэ “том ИТХ”-ын чадамжийн тухай асуудал арга буюу босч ирэв. Юу гэвэл энэхүү 2012 оны сонгуулиар Алаг-Эрдэнэ сумын сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн Алаг-Эрдэнийн 1862, Хатгал тосгоны 1959 нийт 3821 сонгогч бүртгэлтэй байснаас энэ ИТХ-ыг зөвхөн Алаг-Эрдэнийн, ердөө 1439 сонгогчийн саналаар үндсэн таваас багаас нь тус бүр 2, нийт 10 төлөөлөгч сонгож, бас л дангаараа Алаг-Эрдэнийн намуудаас жагсаалт нэрээр найман хүн оруулан 18 болгож бүрдүүлсэн нь маргаангүй үнэн юм.

Энэ ИТХ-ыг сонгосон 1439 сонгогч тус сумын сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 3821 сонгогчийн дөнгөж 37.66 буюу бутархайг нь дэвшүүлээд ч 37.7 хувь л болж байгаа. Тэгэхээр нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 хувиас дээш ирц бүрдэж санал хураалгаагүй сонгууль хүчингүй болдог хуулийн заалтаар энэ асуудал шийдэгдэх учиртай.

Одоо энэ байдлаас гарах ганц гарц нь хууль зөрчсөн мөнөөх 13 дугаар тогтоолоо хүчингүй болгож, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны хууль ёсны эрх бүхий төлөөлөгчдийн хамтарсан хуралдаанаас гаргасан 2008 оны дөрөвдүгээр сарын 18-ны ЗЗ дугаар тогтоолыг шинэчилж, Хатгалыг сум болгоход тавьсан утгагүй гацаагаа арилган тосгоны 1959 сонгогч иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаагаа болих хэрэгтэй байгаа юм.

Мөн энэ хууль бус, чадамжгүй “ИТХ”-ыг хууль ёсны юм .шиг хуурмагаар харагдуулах ямар үйлдлүүд хийсэн, түүнд хэн, хэн гэгч “бөх зүрхтэй бүдүүн хүзүүтэй” эрхмүүд хэрхэн, яаж оролцсоныг дурдахгүй байж болохгүй биз.

Уг нь Алаг-Эрдэнэ сумын сонгуулийн хороо Сонгуулийн дүнгийн тухай 2012 оны арваннэгдүгээр сарын 23-ны 10 дугаар тогтоол гаргаж түүндээ “Алаг-Эрдэнэ сумын сонгогчид намуудад нийт 1439 санал буюу нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 37.7 хувь нь санал өгч, 50 хувиас дээш санал аваагүй тул сонгуулийн хорооны гишүүдийн олонхийн саналаар хүчингүйд тооцсугай’’ гэсэн хуулийн дагуу тогтоол гаргасан байгаа юм.

Тэгэхдээ “намуудад" гэж зөвхен намын сонгууль юм шиг төөрөгдүүлэх далд арга хэрэглэсэн. Энэ үйлдэлдээ хийсэн тайлбартаа “Хатгал тосгон дахь намын саналын ирцийн хувь 50 хувьд хүрээгүй байгаа нь энэхүү шийдвэрийг гаргах үндэслэл болсон болно”хэмээн ор үндэслэлгүй зүйл бичсэн. Үүгээрээ Аймгийн сонгуулийн хороотой урьдчилж үгсэн хуйвалджээ гэх хардлага төрүүлж байгаа юм.

Энэхүү тогтоолд Хатгал тосгоны 1959 сонгогчоос нэр ч дэвшээгүй, санал ч өгөөгүй, ганц ч сонгогч Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ыг сонгох энэ сонгуульд оролцоогүй, оролцох хуулийн боломж нь байгаагүй талаар нэг ч үг дурдалгүй сэмхэн, чимээгүй хаясан. Мөн Алаг-Эрдэнэ сумын үндсэн 1862 сонгогчийн 423 нь энэ сонгуульд огт оролцоогүйг ч дурдаагүй байгаа юм.

Байдал яг ийм байхад Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны 2012 арваннэгдүгээр сарын 24-ний “Заалт хүчингүй болгох тухай” 30 дугаар тогтоол тус хорооны дарга Г.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Я.Эрхэмбаяр нарын гарын үсэгтэйгээр Алаг-Эрдэнэ сумын сонгуулийн хороонд иржээ.

Уг тогтоолд нэгдүгээрт, Алаг-Эрдэнэ сумын сонгуулийн хорооны 2012 арванхоёрдугаар 23-ны 10 дугаар тогтоолын нэгдүгээр заалт нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь заалтыг зөрчсөн тул хүчингүйд тооцсугай, хоёрдугаарт, огтоолын заалт хүчингүйд тооцсон үндэслэлээр Хатгал тосгон [баг]-ын 6.7.8 дугаар хэсэгт явагдсан сонгуулийг хүчинтэй болох тухай шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг Алаг-Эрдэнэ сумын сонгуулийн хорооны дарга Б.Сэнгэбазарт үүрэг болгосугай гэсэн байгаа юм.

Энэ нь заль, мэх, булхай, луйварын чухам аль төрөлд хамаарахыг мэдэхгүй. Ямар ч гэсэн будилаан орсон нь тодорхой. Алаг-Эрдэнэ сумын сонгуулийн хорооны 10 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгохдоо Аймгийн сонгуулийн хорооны үндэслэл болгосон “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь заалт нь “Сум, баг, хороонд тухайн сум, баг, хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-иас дээш хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт гэсэн нь тийм хэсгүүд нийлсээр байгаад сумын нийт сонгогчийн ирц 50 хувиас доош байвал тэр сумын сонгууль хүчингүй болох нь ойлгомжтой.

Хатгал тосгоны 1959 сонгогчийн тоонд хуваарилсан 6.7.8 дугаар хэсгүүдэд зөвхөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль л явагдсан. Энд Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын сонгуульд Хатгалаас нэг ч сонгогч оролцоогүй. Оролцох боломж хуулиар хаалттай байсныг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс нотолсон.

Гэтэл үүнийг далимдуулж дөнгөж 1439 сонгогч оролцсон, ердөө 37.7 хувийн ирцтэй сонгуулиас хууль бусаар байгуулсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ыг хэрхэн яаж байгуулагдсаныг шалган үзэж, гажуудал завхарлыг яаралтай засах хэрэгтэй болсон байна.

Бүхэл бүтэн сумын хэмжээний 3000 гаруй хүн амтай, нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож, дэд бүтэц хөгжсөн, аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их боломж ирээдүйтэй, үүгээрээ өөрийгөө санхүүжүүлээд явчих бололцоотой Хатгал тосгоныг бие даасан сум болгож, тус тосгоны 1959 сонгогч иргэний сонгох, сонгогдох улс төрийн эрхийг хязгаарласан алдаагаа Монголын төр, засаг нэн даруй засна гэдэгт итгэж байна.

Ингэж итгэхийн үндэс нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гэж заасан байдаг.

Иймээс Монголын төр энэ үүргээ яаралтай биелүүлэх цаг болжээ. Нэг сумын сонгогчдын хэмжээний буюу 1959 сонгогч иргэний сонгох, сонгогдох, сонгосон төлөөллөөрөө уламжлан төрийн эрхийг барих улс төрийн эрх зөрчигдөөд бүтэн хоёр жил өнгөрсөн байна шүү дээ.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Г.Мягмар