sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын ээл­жит чуулганаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруу­лалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэ­лэлцээр”-ийг соёрхон бат­лахаар зэхэж байгаа нь нэлээд асуудал дагуулах бололтой. Тухайлбал, олон хуулийн заалт зөрчөөд зог­сохгүй гуравдагч хөр­шийн зүгээс хууль тог­тоох дээд байгууллагын үйл ажил­лагаанд санал өгөх нь байж боломгүй асуу­дал гэх зэргээр шүүмж­­лэл дагуулж бай­гаа. Танай байнгын хо­роо­гоор хэлэлцэгдэж дэм­жигд­сэний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид мөнхийн хоёр хөрштэйгөө хамтын ажил­лагаагаа өргөжүүлж бай­хад гуравдагч хөршүүд ч үүнээс хоцорч болохгүй. Тэр дундаа АНУ, Япон, ХБНГУ.

Энэ ч утгаараа би саяхан АНУ-д пар­ламентын төс­вийн уулзалт, семинарт оролцоод ирлээ. Тэндхийн парламентын гишүүдтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн хөрөнгө оруулалт зэргийг хөндөн ярилцсан.Ялангуяа эрчимтэй хөгжиж буй хоёр том гүрний дунд байгаа Монгол Улсын гурав дахь түншийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцгойлон ярилцсан. АНУ, манай улс хоёрын хоорондын худалдааны болон ил тодын гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулах асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа.

Эдгээр гэрээ, хэлэлцээ­рүүдийг МАН эрх барьж байх үе буюу 2000 оноос хойш, Гадаад харилцааны хэд хэдэн сайд хэлэлцсээр ирсэн юм. Өнөөдөр хөндөөд байгаа гэрээ, хэлэлцээрийг бол УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцсэн.
Тухайн үедээ ирц болон орчуулгын зарим асуудлаас болоод хойшлогдоод байсан юм. Өнөөдөр /өчигдөр/ манай байнгын хэлэлцэх байсан. Гэхдээ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд, шийдвэрлээд гаргасан учраас дахин хуралдах шаардлагагүй гэж үзээд цуцалсан. Энэ бол манай хоёр орны хоорондын хамтын ажиллагааны салбарт маш чухал ач холбогдолтой гэрээ хэлэлцээр.

Гэхдээ бусад улс, орнуудтай харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ямар нэгэн байдлаар саад болох, нөлөө үзүүлэх зүйл байж болохгүй.

Би мөн саяхан “Жайка”-гийн шугамаар Японд очоод ирлээ. Тэр үедээ тус улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихаратай уулзаж, Монгол, Японы худалдааны гэрээ, хэлэлцээрүүд эрчимтэй явж байгаа бөгөөд энэ онд төгс болгоод ирэх жил УИХ-аар батлуулах шаардлагатай тухай ярилцсан. Ингэсэн тохиолдолд бид хоёр хөрш шигээ бусад оронтой бүх талын хөнгөлөлттэй нөхцөлөөр х­у­далдаа арилжаа хийх бодит бололцоо бүрдэнэ. Энэ бол урьд нь хийгдээгүй маш том алхам.

-Тэгэхээр зөвтгөж, нааш­тай­гаар хандах ёстой л гээд байна аа даа?

-Ер нь Монгол Улсын гадаад бодлого сүүлийн хоёр жилд амжилттай явагдаж байна. Хоёр хөрштэй алдагдаад байсан бүх талын хамтын ажиллагааг өргөжүүллээ. Өөрөөр хэлбэл, харилцаа холбоонд сэв суусан хүнд үеийг давж гарсан. Эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаанд түшиглэсэн гэрээ хэлэлцээрүүдийг байгууллаа. Одоо гэрээ хэлэлцээрийн үр дүн гэхээсээ илүү цаашдын хамтын ажиллагаа, хөгжлийн замыг олж харах ёстой.

Мэдээж хоёр хөршийн хамтын ажиллагаанд олон улсын гадаад хүчин зүйлс нөлөөлж байгаа. Тухайлбал, ОХУ Украинтай холбоотой асуудлаас болж Европ болон АНУ-тай зөрчилдөж, хамгийн их хүн амтай Ази тив рүү хөрөнгө оруулалтаа чиглүүлж байна.

Тэр дундаа эртний түнш Монгол Улстай хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн таатай орчныг хөгжүүлэх чиглэлээр нааштай алхмуудыг хийлээ. БНХАУ-тай ч гэсэн олон талын хамтын ажиллагааны талаар ярьж байгаа. Монгол Улс гадаад харилцааны салбарт маш их амжилтад хүрсэн.

-Энэ амжилтуудыг до­тоодын зөрчилдөөн эвдэх вий гэх хардлага төрөх юм уу?

-Гадаад харилцааны салбарт УИХ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байн­гын хороо, Гадаад харил­цааны яам, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл амжилттай сайн ажиллалаа гэж дүгнэх бүрэн бололцоотой. Харин дотоод бодлого хамгийн хүнд байна. Бид мөнгөний инфляци, их хэмжээний зээл, тусламжийг зөв зарцуулах асуудал, авлига, хүнд суртал, улстөржилт, ард түмнийг талцуулж, хооронд нь зөрчилдүүлдэг олигархиуд, сонгууль нь авлигын кампанит ажил болчихоод байгаа асуудлуудад төвлөрч, анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай улс хэрнээ дотоод бодлого нь алдаатай явсаар ирсэн. Энэ нь эрхзүйн болон бусад зохицуулалтуудын дутагдалтай шалтгаанаас болдог. Гол нь Үндсэн хууль, Улстөрийн намуудын тухай зэрэг хуулийг өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэвэл хоёр том нам нь биесдээ саад, тушаа болж, хөгжил авч ирэх байтал өрсөлдөөн бий болгох механизм руу орчихоод байна.

Дээр дурьдсан хуулиудыг өөрчилж, намуудыг гишүүнчлэлгүй бол­гож, сонгуулийг олон ний­тийг хамруулан, шударга зохион байгуулдаг, парламентаа дэлхийн жишигт хүргэж, ядаж 100 гишүүнтэй болгох зэрэг шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай.

-Ерөнхий сайд мэдэгдэлдээ Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт, кабинетдаа сэлгээ хийх тухай дурьдсан нь нийгэмд маш олон таамаг бий болгосон. Гэвч “Шударга ёс эвсэл”-ийнхэн квотынхоо дагуу суудлаа аваад үлдчихнэ гэдэг утгаараа нам гүмхэн байх шив?

-Миний хувьд байр сууриа байнга л илэрхийлдэг. Н.Энхбаярыг мандан бадарч явах үед ч төрийн бодлого, боловсон хүчний алдаа, намын дотоод, гадаад бодлого буруу байна гэдгийг нь хэлээд жигүүр байгуулаад, үгээ хэлж л байсан. Өнөөгийн Засгийн газарт алдаатай бодлого бий. Үүнээс нь болж нийгэм, ард иргэдийн амьдрал эрс доошиллоо. Инфялци өсч, монгол төгрөг чадавхгүй болж, бараа бүтээгдэхүүний үнэ бараг 50 хувиар өсчихөөд байна. Жирийн иргэдийн амьдрал байтугай төр, засгийн албан тушаалтны хүрээнд байдал хүнд болсон гэдгийг албан ёсоор хэлсэн.

Ер нь дуугүй байх тухай ойлголт байдаггүй. Манай бүлгээс томилогдсон сайд нар албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаа болон тухайн салбарын боловсон хүчин, авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл, тендер шударга бус байгаа гэх зэргээр бид байнга ярилцаж, асуудлыг хөнддөг. Одоо энэ талаар УИХ дээр ч яригдана.

-Ерөнхий сайдын энэ алхам хэр зөв шийдэл вэ?

-Ерөнхий сайд алдаагаа залруулах гэж, Монгол Улсад алдагдсан шударга ёс, авлига хээл хахууль, данхайсан төр, хүнд суртлаа өөрчилье гэж байгаа бол зөв зүйтэй. Гэхдээ ямар хүрээнд ярихаас олон асуудал шийдэгдэнэ. Бүтцийг бүхэлд нь авч үзэх үү, тодорхой яамдыг аваад, хэдэн хүнтэй хариуцлага тооцох уу гэдгийг харах ёстой.

Хамгийн гол нь сонгуульт хугацаа дуусах гэж байна. Хоёр жилийн хугацаанд хариуцлага хүлээдэг, ажил хийдэг, ядаж шуналын сэтгэл нь арилсан хүнийг томилох хэрэгтэй. 2000 жилийн түүхтэй Монгол төрд шударга хүн хангалттай олон бий. Албан тушаалтныг наймаа, арилжаа, улстөрийн бүлэглэлийн бэлэг зэргээр томилж болдог­гүй гэдгийг өнөөгийн Засгийн газар маш сайн ойлгосон байх.

-Үлдэж буй хугацаанд бүт­цийг багас­гаснаар ажил урагшлах уу. Өнгөлөн далд­лах маягаар сэлгээ хийгдэх юм биш үү?

-Засгийн газрын толгой цомхон болж, нам, улстөр гэхгүйгээр ажил хийж чаддаг, хариуцлага хүлээх чадвартай, ажлын төлөө сэтгэлтэй хүмүүсээс шилж, сонгоод томилбол ажил урагштай явна. Яагаад гэхээр бичиг, цаасаа дамжуулахаас эхлээд олон дамжлагатай учраас ажил нь гараас нь гарахгүй байгаа шүү дээ. Энэ нь динозавр мэт том бүтцийн л сөрөг нөлөө шүү дээ.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: