Аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй, эдийн засгийн суурь бааз нь газрын тосны салбар гэдэг.
Монголчууд ухаан орсон цагаасаа л “Бид Оросоос шатахууны хамааралтай” гэх базаахгүй үгийг сонсдог ч тэр үг нь байх л учиртай мэтээр ойлгосоор өнөөдрийг хүрэв. Гэтэл энэ салбарын томоохон эрдэмтэнтэй уулзвал “дэлхий дахинд түүхий тосны хамаарал гэдэг ойлголт байдаггүй”-г барим тавим нотолсон юм.
Учир нь Олон улсын худалдааны дэг жаягаар чөлөөтэй арилжаалагддаг, дэлхийн зах зээл дээр үнэ нь тогтоогддог ийм л түүхий эдийг бид бензин, шатахуун гэж нэрлээд, хойд хөршөөс мөнхийн хамааралтай мэтээр ойлгож заншчээ.
Өнөөдөр Монгол Улс гадаадын улс орнуудаас ганцхан сард 150 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулан ирж байгаагийн 100 сая нь зөвхөн шатахууны төлбөрт урсдаг юм билээ. Энэ 100 сая ам.долларын ойролцоогоор 30 хувь нь ганцхан ОХУ-ын “Роснефть” хэмээх хар алтны аварга “мангас”-д ногдож байгаа. Ийм л үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тун ч давчуухан айлчлал эхэлж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 27-нд болсон ”Ил тод уул уурхай” хурлын үеэр Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөц сайн байгааг салбарын мэргэжилтнүүд нь дуу нэгтэйгээр онцлон өгүүлж байсан. Тэр хангалттай гэгдсэн нөөц нь улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц гэнэ.
Үүнээс А-80 автобензин 36, Аи-92 30, дизелийн түлш 35, ТС-1 26 хоногийн нөөцтэй байгаа талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн цохон тэмдэглэсэн. Монгол Улсад нефтийн импортоос ихээхэн ашиг олдог хэдхэн компани монополь тогтоогоод 20 жил болчихлоо. Тэр компаниуд монополь ашгаа алдахгүйн тулд Засгийн газарт нөлөөлсөөр ирсэн нь ч тодорхой.
Өнгөрсөн хугацаанд монголчуудыг гал алдуулчихалгүй өнөөдөртэй золгуулсан ОХУ маань Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс. Олон улсын жишгийг харахад хоорондоо дайны байдалтай улс орнууд л газрын тосоо нийлүүлдэггүй. Бусад улсын хувьд нийлүүлэхгүй байх ёс журам байхгүй. Манай Монголын хувьд хөрш ОХУ-тай сайн хөршийн найрамдалт харилцаатай.
Гэхдээ цаашид өнөөдрийн жишгийг өөрчилж, томоохон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй байна. “Дарханд жилд 20 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөө бэлэн болчихсон, санхүүжилтийн эх үүсвэр нь ч бэлэн” хэмээн сүүлийн гурван жил ярьсаар л байгаа.
Тэр ч байтугай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч нь ч бэлэн гэх юм билээ. Гэтэл цаасан дээр зурагдсан тэр үйлдвэрийн бараа, сураг чимээгүй л байна. Уг нь Монголын төрийн өмчийн оролцоотой компани, Японы гурван компани энэ үйлдвэрийг барьж байгуулах, ашиглалтад оруулах гэрээг өнгөрөгч зургадугаар сард байгуулсан билээ.
2015 онд үйлдвэрийн барилгын ажлыг дуусгаад туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэн 2016 оны хавар ашиглалтад оруулахаар тохиролцоо ч хийгдсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Засгийн газар, УИХ-ын хоёр жил хагасын хугацаанд бүрэн ашиглалтад орох бололцоотой. Тэр үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор улсын төсөвт жилд 470 тэрбум төгрөгийн орлого оруулах учиртай.
Түүгээр ч зогсохгүй энэ бол нэг их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, дотоодын бензиний борлуулалтын үнийг тогтворжуулах, хямдруулах, экологийн цэвэр бензин шатахуун үйлдвэрлэх, дэлхийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл гэсэн.
Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газар Дарханд нефть боловсруулах үйлдвэр босгож дөнгөвөл ёстой л Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нь гарцаагүй. Учир нь Монгол Улс хэт нь дотоодын түүхий нефтиэр өөрийн хэрэгцээг бүрэн хангах дүр зураг ажиглагдаж байгаа.
2013 онд Монгол Улс 686 мянган тонн газрын тос экспортлож, улсын төсөвт 190 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Төлөвлөгөө ёсоор бол 164 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан ч Дорнодын талаас оргилсон хар алтны буянаар ийнхүү төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Харин 2014 оны хувьд 800 орчим мянган тонн газрын тос олборлож экспортлох тооцоотой байгаа.
Хэрвээ энэ зорилтоо биелүүлбэл хар алтнаасаа 227 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг. Тун удахгүй 2016 он гэхэд Монголын говиос 1.5 сая тонн газрын тос олборлож экспортлох тооцоо, судалгааг гаргаад байгаа.
Одоогоор ОХУ-ын “Роснефть” компаниас Монгол Улс 25-30 хувийн л хараат байдлаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болж. Ер нь Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 42.6 сая тонн гэсэн. Ашиглалтын баталгаат нөөц цаашдаа ч нэмэгдэх боломж бий. Учир нь одоо илэрсэн нь зөвхөн гурван талбай дээрх нөөц гэсэн.
Түүнээс гадна нефтийн нөөц үргэлжлүүлэн тогтоох ажлууд хойшид ч эрчимтэй явагдана. 2005 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улс 3.1 орчим сая тонн нефть экспортлоод байгаа. Гаргаж буй тосоо 60:40 гэсэн харьцаагаар хувааж, манай улсын төсөвт шууд орж байгаа.
Байдал ийм учир өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох нь өнөөдөр, зам, барилга, хөдөө аж ахуйгаас хамаагүй илүү ач холбогдолтой, Монгол Улсад нэн тэргүүнд шаардлагатай байгаа юм. Дарханд яригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж, хүчин чадлаа 100 хувь ашиглаж эхэлбэл Эрдэнэт, Таван толгойгоос ч илүү шууд болон шууд бус орлого, ашгийг монголчуудад хүртээх боломжтой.
Нефтийн бүтээгдэхүүн яах аргагүй стратегийн ач холбогдолтой л юм бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг ч тодорхой хэмжээгээр сайжруулах у чиртай. Үүний тодорхой жишээ нь 1990 оноос хойш бензин шатахууны тасалдал бий болж, улсаараа хүнд байдалд хэд хэдэн удаа орж байсан явдал мөн.
Хямралаас гарах, нефть-химийн томоохон боловсруулах үйлдвэр байгуулах нь Монголын үндэсний том бахархал байх болно. Дэлхийн улс орнуудын 85 хувь нь гаднаас бензин импортлон амьдардаг юм байна.
Газрын тосоо өөртөө боловсруулж, экспортлодог 30 гаруйхан улс байдаг. Энэ ч үүднээс саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч Монголоос олборлож буй газрын тосонд суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Харин Дарханы боловсруулах үйлдвэрийн хувьд импортын газрын тосонд суурилахаар тооцоо, судалгаа хийгдсэн юм билээ. Тэгэхээр үндсэндээ Дарханы боловсруулах үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэхээр ойлгогдож байгаа. Хэрвээ өөрийн орны олборлолтод тулгуурлаж үйлдвэр байгуулна гэх юм бол гол сэдэв Тамсагийн сав газрын олборлолт байх нь ч ойлгомжтой.
Манай улсын газрын тосны олборлолтын 90 хувийг Тамсагаас хангаж, 700 гаруй мянган тонн газрын тос олборлож байгаа. Ойрын хоёр жилийн дотор жилд 1.5 сая тонн газрын тос олборлож эхэлбэл Сайншанд, Чойрт боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр дорвитой ажиллах шаардлага тулгарна. Тэр үед Сайншанд, Чойр руу тосоо яаж хүргэх вэ гэдэг том асуудал босч ирнэ.
Өнөөдрийн хувьд олборлосон тосоо асгаж, цутган урагшаа машинаар тээвэрлэж, говийн эмзэг хөрсийг мөддөө сэргэхгүй болтол нь буртаглаж байгаа. Улс орнууд авто тээврээр тосыг зөөдөггүй юм билээ. Хоолой, усан онгоц, төмөр замаар тээвэрлэснээр эдийн засагтаа ч ихээхэн үр ашигтай байдаг. Энэ жишгийг дагаж Монгол Улс олборлосон тосоо хоолойгоор хэрэглэгчдэд хүргэх ёстой.
Одоогоор машинаар тээвэрлэж, маш өндөр өртөг төлж байгаа. Өнөөдөр Тамсагаас олборлосон газрын тосны тонн тутамд 60 орчим ам.долларыг зөвхөн тээвэрлэлтэд зарцуулдаг тооцоо бий. Энэ бол маш өндөр өртөг.
Үүнийг даруйхан цэгцлэхийн тулд Сайншанд юм уу Чойрт нефть боловсруулах үйлдвэр байгуулах л хэрэгтэй. Шатахууны импортын төлбөрийг гадаад худалдааны санхүүжилтийн бусад механизмаар солих саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд тавихаар зэхэхийн оронд ирээдүйд Монгол Улсыг эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй болгох нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар зоригтойхон хэлэлцээ хийж яагаад болохгүй гэж.
Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгсэн дээ.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Төрд байгаа авилгачид Монгол улс өөрөө газрын тосоо боловсруулах нөхцөл боломжийг үеийн үед хааж боож ирсэн.Нефтийн бүтээгдэхүүн импортлогч олигархи компаниуд төрийн толгойд байгаа авилгачдын амыг мөнгөөр чихэж тагласаар ирсэнийг Монголын ард түмэн мэдэж байгаа..Эдгээр авилгачдад хэзээ хариуцлага тооцож эхлэх вэ.
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038