sonin.mn

Хоёр орны “иж бүрэн стратегийн түншлэлийн” тухай тунхаг бичиг болон эдийн засгийн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурснаар БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөсөн.  Энд Монголоос Хятадад явуулах ямар шинэ бодлого ажиглагдаж байна вэ? “Орос-Монгол-Хятад” гэсэн “шинэчилсэн гурвалжин” бий болох уу? Энэ талаар Оросын Дорно дахин судлаач, профессор Сергей Лузянин нийтлэлдээ дурджээ.

Монголчууд юуг дуугүй өнгөрүүлэхэд хүрэв?

Хятадын дарга Си Зиньпиний Монголд хийх албан ёсны айлчлалын өмнө болон айлчлалын явцад түүний айлчлалын гол зорилго болоод учир шалтгааныг шинжээчид янз бүрээр дүгнэж байлаа.  Эдгээрээс хамгийн нийтлэг нь Хятадын зээл, хөрөнгө оруулалтын тусламж ялангуяа уул уурхайн салбарт нэн шаардлагатай байгаа энэ үед монголчуудад ашигтай боллоо гэдэг дүгнэлт байв. Түүнчлэн зарим шинжээч Хятадын ашиг сонирхол давамгайлж байна гэж үзэж байна.

Эхний хандлагад учир байгаа нь эргэлзээгүй. 1990-2000 онд Монголын гол загвар нь зөвхөн Өрнөдийн гадаад  эх үүсвэрийг чиг баримжаагаа болгож байв. Тухайн үед  нийт хөрөнгө оруулалтын 70-75 хувийг өрнөдийн орнуудын хөрөнгө оруулалт эзэлж байлаа. Шилжилтийн эдийн засагтай орнуудаас нэг хүнд ногдох гадаадын тусламжийн хэмжээгээр тус улс эхний байр эзэлдэг нь тохиолдлын зүйл биш.

АНУ, ЕХ, Япон, Өмнөд Солнгосоос Монгол нийт 1,3 тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлж, нэг тэрбум гаруй хөнгөлөлттэй зээл олгосон 1991-2004 оны “унацтай жилүүд” аль хэдийн өнгөрчээ. Өрнөдийн чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт үгүй болов. Түүнийг монголчууд өөрсдөө гадаадын компаниудаас авах ашиг орлогын татварын тухай хэд хэдэн зөрчилтэй хууль гаргаж, сонгуулийн кампанит ажлын үеэр үлэмж багасгасан билээ.

Ийм учраас Улаанбаатар Бээжинг өөрийн хөгжлийн нэмэлт эх сурвалжийн хувиар урт хугацааны, өгөөмөр ивээн тэтгэгч болгохыг илэрхий тооцоолж байна. Ингэхдээ Монголын удирдлага Хятадын эсрэг уламжлалт бөгөөд улам хүчтэй болж байгаа үзлийн хажуугаар дуугүй өнгөрөхөөс аргагүй болж байна. Ийм үзэл тус оронд 17 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэл Чин улсын ноёрхлын үеэс үүсч оршсоор байгаа бөгөөд ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн байр суурь үлэмж хүчтэй болсон сүүлийн жилүүдэд эрч хүчээ авч байгаа билээ.

Хятад нь Монголын хувьд хөгжлийн эх үүсвэр үү эсвэл далд аюул уу?

Үгийн далиманд хэлэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хятадын хууль бус цагаачид нэмэгдэх, алт хууль бусаар олборлох, мансууруулах бодис наймаалах, хуурамч бараа оруулах, худалдааны зохих хэмжээг хэтрүүлэх /бусад оронтой харьцуулбал/ зэрэг  хэд хэдэн зохисгүй үзэгдэл гарч байгааг албан ёсны бус байдлаар томъёлон тэмдэглэсэн билээ. Гэхдээ иймэрхүү зохисгүй үзэгдлүүд, ялангуяа эдийн засгийн шинж чанартай зохисгүй үзэгдлүүдийг арилгахад тун бэрхшээлтэй.

2003-2013 онд хоёр орны худалдааны хэмжээ 324 саяас 6,7 тэрбум доллар болтол өсчээ. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 1259 үйлдвэр, 900 орчим хамтарсан үйлдвэр бүртгэгдсэн байна. Хятадууд дэд бүтэц, уул уулрхай, түүхий эд боловсруулах салбарт оруулсан хөрөнгө оруулалт гадаадын нийт хөрөнгө оруулалтын 50 хувиас давж байна. Хятад улс нүүрс /Таван Толгой-6,5 сая тонн/, зэс /Овоот Толгой-2,6 тэрбум/, алтны /Оюу Толгой/ стратегийн орд газруудад идэвхтэй нэвтэрч байна.

“Монголын хөгжлийн тэргүүлэх эх сурвалж” болгох  гэсэн Монголын хүсэлтийг БНХАУ идэвхтэй хүлээн авч байна, үүнийг Си Зиньпиний айлчлал яруу тод илтгэн харууллаа. Улс төрийн харилцааг “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хэмжээнд хүргэсэн билээ. Худалдаан хэмжээг 2025 он гэхэд 10 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Монголчуудыг Зүүн-хойд Хятадын тэнгисийн боомтуудыг ашиглахыг зөвшөөрөв. Хөрөнгө оруулалтын багц хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хятадын эрдэмтэд айлчлалын дүнг нэгтгэхдээ хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүү гэсэн гурван гол хүрээг тэмдэглэж байна.

Монголын соёл иргэншил. “Түүхэн эх орноосоо гадна байгаа юу”?

Нөгөө талаас Хятад улс Монголын талаар баримтлах стратегийн бодлогодоо ямар ямар далд, урт хугацааны зорилго тавьж байна вэ гэсэн зүй ёсны асуулт гарч байна. Далд учир шалтгааны нэг нь “хоёр монголыг” БНХАУ-ын бүрэлдэхүүнд интеграцичлах явдал байж болох юм. Хятадын түүхчид Монголын тухай /Ар Монголын/ “түүхэн эх орныхоо гадна байгаа улс” гэж ямагт бичсээр ирсэн, бичиж ч байна.

Монгол-Хятадын 4600 км үргэлжлэх хил дээр 12 шалган нэвтрүүлэх цэг нээн ажиллуулж байгаа бөгөөд монголын түүхий эд тэдгээрээр дамжин Өвөр Монгол /ӨМӨЗО/ болон БНХАУ-ын бусад нутагт орж байна. Дашрамд хоёр орны нийт худалдааны 57 гаруй хувь нь ӨМӨЗО-д ногддог ажээ. Жил бүр 300 мянга орчим монголчууд ӨМӨЗО-д очдгийн зарим нь жуулчид, зарим бизнес эрхлэгчид, зарим нь оюутан, аспирантууд байдаг байна. Боловсрол, соёлын арга хэмжээний 50 хувийг БНХАУ-ын Засгийн газар үлдсэн 50 хувийг ӨМӨЗО-ны удирдлага гаргадаг ажээ.

“Зөвлөлтийн нөлөөнд” 70 жил байсан хэдий ч Монголын нэгдсэн соёл хийгээд соёл иргэншил хадгалагдаж үлдсэн, түүний төв нь БНХАУ-д байдаг гэдгийг харуулахыг Бээжин илэрхий хүсч байна. Тэр ч байтугай Чингис хааны дурсгалын цогцолбор газрыг /монголчуудын түүхэн гол бэлгэдэл/ хятадууд ӨМӨЗО-д байгуулжээ. Их хааны шарил олдоогүй, оршуулсан газар нь тодорхойгүй байгаа хэдий ч энэхүү дурсгалын газар хүрэлцэн ирлэг хэдэн мянган жуулчид өөрсдийгөө “Чингис хааны жинхэнэ шарил дээр” ирсэн гэж итгэдэг байна.

АНУ-аас хөндийрүүлэх, АНЭЗХАБ-д элсэхэд нь туслах, ШХАБ-д элсэхийг ятгах

Монголын талаарх Хятадын бодлого идэвхжиж байгааг Өрнөдийн эсрэг хандсан, геополитикийн талыг хөрш Монгол Улсаа монголчуудын дунд их дэлгэрсэн “гурав дахь хөршийн” онолын давалгаан дээр 1990-ээд онд бүрэлдсэн Америкийн талыг баримтлагч “эвсэл”-ээс хөндийрүүлэх явдал гэж илэрхий үзэж байна.

“Талын Монгол Улс” 20 жилийн дотор цэрэг, улс төрийн салбарыг оролцуулан Америкийн идэвхтэй бодлогын объект болон хувирчээ. Монголчууд хэлбэрийн төдий ч гэсэн АНУ-ын цэргийн “хүмүүнлэгийн” бүх ажиллагаанд оролцож байгаагаас гадна Монгол –Америкийн “Хааны эрэлд” цэргийн хээрийн сургуулийг жил бүр зохион байгуулж байна. Гэхдээ Монголын удирдлага нутаг дэвсгэр дээр нь цэргийн бааз байгуулах тухай Вашингтоны удаа дараагийн саналыг намын баримжлааллаасаа үл шалтгаалан няцаасаар ирлээ.

Монгол улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ ажиглагчаар оролцож байгаа нь БНХАУ, ОХУ-ын хувьд бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх нэмэлт нөөц болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэмдэглэснээр, “... ШХАБ-ын зүгээс тавж байгаа тус байгууллагад оролцох Монголын түвшинг дээшлүүлэх саналыг монголчууд хүндэтгэж байна”. Иймэрхүү үгийг Москва, Бээжинд талархан хүлээн авч, Монгол Улсын статусыг ойрын ирээдүйд дээшлүүлнэ гэж үзэж байна.

“Их торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах Хятадын төсөлд оролцох гэсэн Улаанбаатарын хүслээс түүний бүс нутгийн талаарх бодлого харагдаж байгаа юм. Үүний хариу талархал болгож Бээжин монголчуудыг Шанхайд болох /2014 оны 11 дүгээр сард/ Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АНДЭЗХАБ/ форумд оролцохыг урьж, Монгол Улсыг тус форумын байнгын гишүүн болоход дэмжлэг үзүүлэхээр амласан юм. Дашрамд монголчуудыг тус форумд элсэхийг АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө амлаж, тэдэнд бас найдвар төрүүлсэн билээ.

Бүс нутгийн аюулгүй байдал. Монгол-“дуурайлал авах үлгэр жишээ мөн үү”?

Си Зиньпиний айлчлал бүс нутгийн аюулгүй байдлын хэд хэдэн асуудлыг дам хөндлөө. Нөгөө талаас Умард Солонгосын чиглэлд Монголын боломж, санаачилга бүс нутагтаа тов тодорхой билээ. Олон орны хувьд санаандгүйгээр Солонгосын асуудлыг зохицуулахад өөрийн үүргийг гүйцэтгэх болсон Монгол Улсад БНАСАУ  илэрхий итгэж байна. “БНХАУ-Монгол”-ын албан ёсны бус хэлхээ холбоо Солонгосын асуудлыг мухардлаас гаргах боломж агуулж байгаа юм.

Нөгөө талаас Өмнөд-Хятадын болон Дорнод-Хятадын тэнгисийн түгшүүртэй байдал хэвээр байгаа үед Хятад-Монголын дээд хэмжээний уулзалт болов.БНХАУ-ын дарга монголчуудад Хятадын янз бүрийн “урамшуулал”бэлэглэхдээ хөрш зэргэлдээ жижг орнууд Бээжинтэй нөхөрлөх нь ашигтай, түүнтэй маргалдаж, сөргөлдөж болохоос гадна идэвхтэй, энх тайвнаар хамтран ажиллаж болно /Улаанбаатар шиг/ гэдгийг Ханой, Манила, Токио болон бусдад ойлгууллаа.

Монголын шинжээчдийн тэмдэглэж байгаачлан БНХАУ юуны өмнө Зүүн-Өмнөд Азийн сөргөлдөгч зарим орнуудаас өөр сонголт, “монгол гэдэг сонголттой” болж байх шиг байна.

“Орос-Монгол-Хятад”-ын гурвалжин үүсч  байна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож, Си Зиньпиний дэмжсэн “Орос-Монгол-Хятад”-ын гурван талын дээд хэмжээний уулзалтыг 2014 оны намар хийх тухай Монголын санаачилга Улаанбаатарт тод илэрч байлаа. Ийм “гурвалжин” байгуулах нь түүнд оролцогч бүх гурван талд туйлын ашигтай юм. ОХУ болон БНХАУ Монголын талаарх бодлогоо хүчтэй болгож, уялдуулан зохицуулснаар Монголын чиглэл дэх “гурав дахь хүчний” идэвхжлийг үр ашигтайгаар “тогтоон барьж чадах юм”.  Монголын хувьд ирээдүйд өөрийн бүтээгдэхүүнийг гаалийн татвар, квотгүйгээр Орос, Хятадын зах зээлд гаргах бодит бололцоотой болно.

Ингэхдээ Орос улсын хувьд эдийн засгийн хориг арга хэмжээнд хүртэж хүнсний шинэ зах зээл олохыг чармайж байгаа нөхцөлд Монголын удирдлага “ОХУ-д Шинэ Зеланд бусад орноос илүү их мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх” бодолтой байна гэсэн Монголын удирдлагын мэдэгдэл онцгой чухал болж байна.

Сүүлийн хоёр жилд Орос-Монголын эдийн засгийн харилцаанд зарим асуудал дахин үүссэн бөгөөд хоёр орны экспорт, импортын харьцаа тэнцвэргүй байна.  Харамсалтай нь Монголын тал нэг бол тоглоомын дүрмийг ямагт өөрчилж, эсвэл түүнийг биелүүлэхээс татгалзан хүлээсэн үүргээ тэр болгон биелүүлэхгүй байгаа билээ.

Монголын удирдагч Ц.Элбэгдорж дээрх “гурвалжинг” үүсгэснээр Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөө хүчтэй болж байгааг Оросын оролцоог нэмэгдүүлснээр тэнцвэржүүлэхийг хүсч байж ч мэдэх юм.

Олон зуун жилийн туршид чухамхүү Орос /Оросын эзэнт улс/ЗСБНХУ/, Хятадын /Чин улс, Гоминданы Хятад, БНХАУ/ эрх ашгийн тэнцвэр дээр энэ улс оршин тогтнож ирсэн уламжлалтай билээ. Ингэхдээ Ар Монгол буюу БНМАУ Хятадын ноёрхолын бүсэд /17 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэл/, эсвэл Зөвлөлтийн нөлөөнд байхдаа /1921, 1991 он/ төрийн олон улсын статусаа /де-факто, 1946 оноос де-юрага/ хадгалж ирсэн билээ.

Төлөвлөж буй уулзалтын чухал бөгөөд хосгүй чанар нь нэн шинэ түүхэнд гурван орны удирдагчид албан ёсоор хэзээ ч уулзаж байгаагүйд оршино.

Ар Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр үлдээсэн Орос, Хятад, Ар Монголын  1915 оны 5 дугаар сарын гурван улсын Хиагтын бага хурал одоохондоо тэртээ холын цорын ганц түүхэн жишээ болж байгаа билээ.

Зөвлөлтийн дараах үед /1990-ээд онд/ гурван талын уулзалтын төслийг хэрэгжүүлэх дохио ч байгаагүй юм. Ийм учраас гурван Ерөнхийлөгчийн уулзалт энэ намар Монгол Улсад болж, албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурвал энэ нь хөрш гурван улсын харилцаанд асар том үсрэлт болно.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"