sonin.mn

АНКАРА. /NHK/. Туркийн Ерөнхий сайд асан Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Тэрбээр өчигдөр нийслэл Анкара хотноо парламентдаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.

“Бид “хуучин Турк”-ийг өөрчлөн шинэчлэлт хийж ардаа орхилоо. Энэ бол бидний шинэчлэлийн жинхэнэ ялалт” гэж пүрэв гарагт болсон албаны ёсны ёслолын үеэр Абдулла Гюлаас ерөнхийлөгчийн халааг авахдаа Эрдоган хэлжээ.

Мөн “Бид 2023 он гэхэд хэрэгжүүлсэн байх зорилтуудад анхаарлаа хандуулна. Бид илүү хурдан, эрүүл арга замаар эдийн засгаа хөгжүүлнэ”гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ сарын 10-нд болсон Туркийн ерөнхийлөгчийн анхны шууд сонгуульд Эрдоган ялсан юм.  Өнгөрсөн 11 жилийн хугацаанд ерөнхий сайд байхдаа улсынхаа эдийн засгийг өсгөхөд нөлөөлсөн гэж түүнийг дэмжигчид нь сайшааж байна.

Туркийн Ерөнхийлөгч нар бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ Эрдоган одоо Ерөнхийлөгч байх таван жилийн хугацаандаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар энэ албан тушаалын эрх мэдлийн хүрээг тэлэх зорилготой байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг