sonin.mn

Сумдын ой, шинэ гэрийн найр, шинэ хос хурим гээд наадмын эхний өдрөөс ажин түжинд автсан төрийн ордон, Монголын улстөрийг өмнөд хөршийн төрийн тэр­гүүний албан ёсны айлч­лал амь оруулж, чих баясгахуйц гэрээ хэлцлүүдийн су­раг дуул­даж эхэллээ.

Төрийн ордонд улс­­­­төрчдөөс илүү­тэй Төрийн ёс­­лол хүндэт­гэлийн алба, Ерөн­­­­­хий­лөгчийн Тамгын га­зар, Га­даад ха­рил­цааны яам­ны Кон­сулын газар, Ерөнхийлөгчийн хэв­лэл, мэ­дээллийн албаны ажилт­нууд санд­руухан гүйл­дэж, чиглэл чиглэлийнхээ аж­лыг хөө­цөлдөөд өчигдөр чухам завгүй өнжсөн.

Эрх баригч АН-ын ги­шүүдээс БШУ-ны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, М.Зоригт, Б.Гарамгайбаатар нарын цөөхөн гишүүн орж гарч яваа үзэгд­сэн бол сөрөг хүч­ний бүл­гийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюун­хо­рол, УИХ-ын ги­шүүн Д.Сумъяа­­базар нар Японы пар­ламентын доод танхимын гишүүдтэй уул­заж харагдсан.

“Ажил муутай албан газар шалгалт ирэхээр сандардаг” гэгчээр ордны үйлчлэгч, хам­гаалалтын албаныхан л ажил­чин шор­гоолж шиг чөлөө зав­гүй бужигналдаж бай­­сан бол УИХ-ын хуралдааны тан­химын техник хэрэгслийг солонгос мэр­гэжилтнүүд ши­нэчлэн суу­рилуулж, түүнийгээ монгол­чуу­дад заа­вар­чилж, хааяа нэг чанга дуугарах нь сонирхолтой л харагдаж байна лээ.

Дэлхийд хоёрдугаарт ор­дог эдийн засагтай БНХАУ-ын дарга Си Зиньпин өмнөх дарга Ху Жинтаогийн айлч­лалаас хойш 11 жилийн дараа Мон­гол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийхээр өнөө­дөр өглөө Улаанбаатарт хөл та­виад байгаа.

БНХАУ-ын дарга Си Зинь­пинийг дагалдан тус улсын удирдлагын жолоог атгасан Ком­мунист намын Улстөрийн товчооны хоёр ч гишүүн ир­сэн дуулдана. Дэлхийн хамгийн олон гишүүнтэй, хам­­гийн том нам болох БНХАУ-ын Ком­му­нист намын Улстөрийн товчоо есөн хү­нээс бүрддэг. Тэд тус улсын сургуулиудад ямар хичээл заа­хаас эхлээд гадаад бодлого тодорхойлох гэх мэт бүх бүхий л асуудлыг эцэслэн шийддэг, маш их эрх мэдэлтэй.

Мөн Гадаад ха­рил­цааны сайд Ван И, Ши­нэчлэлийн хорооны дарга болон 80 орчим хүний бүрэл­дэхүүнтэй хэвлэлийн баг ир­сэн. Тэдний 32 нь инженер техникийн ажилтнууд, үлдсэн нь сэтгүүлчид гэсэн.

Дашрамд сонирхуулахад, Си Зиньпин дарга ажлаа аваад анхныхаа төрийн айлч­лалыг ОХУ-аас эхлүүлэхэд дагалдан явж даян дэлхийд БНХАУ-ын үе үеийн удир­дагчдын албан ёсны айлчлалд эхнэрүүдээ тө­дийлөн ил гаргадаггүй хуучин уламжлалыг зоригтой эвдсэн тэргүүн хатагтай, хошууч генерал, Цэргийн ансамблийн гоцлол дуучин асан Пэн Лиюан иржээ.

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дип­ломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, Хамтын ажиллагааны гэрээ бай­­­гуу­лагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Өчигдөрхөн Монголын улстөр төдийгүй Улаан­­­баатарын амьдрал ч ажин түжин бай­сан бол өнөө­­­­­дөр гудамжаар дүүрэн цаг­даа ярайж, замын хө­дөлгөөнийг хязгаарлан амьд­рал жинхэнэ буцалж байна. Арга ч үгүй юм.

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй га­даа­дын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдийн 50 хувь, нийт хөрөнгө оруу­лалтын 49 хувь нь БНХАУ-д ногдож, га­даа­дын хөрөнгө оруулалтыг сүүлийн 14 жил тэргүүлсээр байгаа билээ. Түүнчлэн байнгын ажил­лагаатай зургаа, улирлын шинж ча­­нартай долоо, нийт 13 хилийн боомтоор ма­­най хоёр улс худалдаа арил­­жаагаа явуулдаг. Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар Монгол, БНХАУ-ын хоорондын худалдаа 4498.7 сая ам.долларт хүр­сэн нь манай нийт экспортын 91.4 хувь, импортын 30 хувь нь болж байгаа юм.

Өнгөрсөн УИХ-ын сон­гуулиар АН, МАН-ын аль нь ч үнэмлэхүй ялалт бай­гуулж ча­дал­гүй сон­­­гогч­доос 45,40 хувийн санал авс­наар өнөө­дөр Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэв­түүлчихээд байгаа ши­нэч­лэлийн гэгдэх хамтарсан Засгийн газар байгуулагдах нөх­цөлийг бүрдүүлсэн билээ. Ши­нэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өн­гөрсөн 20 жилийнхтэй ойрол­цоо буюу 2.2 тэрбум ам.долларын өр зээл тавьчихаад сууж буй.

Хамгийн олон яам бай­гуулж, төрийг жинхэнэ утгаар нь данхайлгасан одоогийн эрх баригчдын “аргаа барсан” гэж хэлж болохуйц “ЭЗЭН-100” буюу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажил олигтой үр дүнд хүрэлгүй шувтарсан. Ийм л тун эгзэгтэй цаг үед БНХАУ-ын дарга Си Зинь­пин Монгол Улсад хөл тавилаа.

Си Зиньпин дарга ганзага хоосон ирээгүй нь то­дорхой. Урьд өмнө сонсогдож бай­гаагүй их хэм­жээний буцалтгүй тус­­ламж, өр зээлийн гэрээ хэл­цэл дуулдаж эхлээд байна. Зарим эх сурвалж Си Зиньпин даргын богцолж ирсэн мөн­гөний дүнг 10 тэрбум ам.доллар гэх нь хуурай өвсөнд авалцсан гал шиг л хүрээгээ тэлэв.

Яг өнөөдрийн хувьд өчигдөр нам жим байсан Мон­голын улстөр амь орж, их мөнгө­ний сургаар “тамын тогооны үлгэр”-ээ эхэлчихсэн дуулдана. Тун удахгүй засгаа унагаж, дахин бялуу хуваах ажиллагаа энэ өдрүүдэд чи­мээ­гүйхэн хийхэн хийх гэж буй сурагтай. БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлч­лалтай холбогдуулан УИХ баасан гарагт хүндэтгэлийн хуралдаан хий­нэ. Манай улс­төрчид малилзтал инээсээр эв найрамдлын “жүжгээ” тоглох бизээ. Харин дараа нь зас­гаа унагах нь тодорхой болоод байгаа аж.

Төрийн ордны хонгилоор тэнүүчилж яваа сэм яриа, тохиролцоонуудаас хамгийн хэ­­рэгжих магадлалтай нь УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар дараа­гийн Засгийн газрыг хамтарч байгуулах тохироонд хэдийнэ хүр­сэн тухай шуугиан.
Ерөнхий сайдаар З.Энх­болд, Шадар сайд буюу Эдийн засгийн хөгжлийн сайдаар Р.Амаржаргал ажиллах нь бараггүй юм байх.

Харин шинээр байгуу­лаг­дах Засгийн газрын 40 хувь нь МАН-ын гишүүдээс бүрдэх гэнэ. Тэгвэл дээрх 40 хувьд хэн хэн багтах тухай яриа ч МАН-ын Тусгаар тогтнолын ордноор яригдаж эхэлжээ. Засгийн газрын сайдаар то­милогдох улстөрчдийн дий­лэнх нь М.Энхболдын хүмүүс байх аж.

Тодруулбал, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сай­даар МАН-ын гол санхүүжүүлэгч гэгддэг өнөөх Т.Бадамжунай, Эрүүл Мэндийн сай­даар Ц.Цогзолмаа, Барилга, Хот бай­гуулалтын сайдаар Ц.Сандуй, Боловсрол Шинж­­­лэх Ухааны сайдаар Т.Ган­тулга гэгч томилогдохоор яригдаж байгаа сурагтай.

Харин шинэ Засгийн газар УИХ-ын нам­рын чуул­ган нээгдсэнээс хойш буюу 2014 оны арваннэгдүгээр сард багтан байгуу­лагдана гэдгийг та­лууд үндсэндээ харилцан ойл­голцсон бо­лолтой.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлч­­лалыг дагах найдлага сүү­мэлзүүлсэн нам жи­мийн цаана Монголын улстөрд иймэрхүү бужигнаан тун удах­гүй өрнөж эхлэх нь то­дор­хой болоод байна. Гэх­дээ одоо­хондоо их тулааны өмнөх сэтгэл эмзэглүүлсэн нам гүм хараахан бүрмөсөн сарниж алга болоогүй л байна.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: