sonin.mn

ВАШИНГТОН. /АР/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоц өчигдөр Украинд осолдсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Украины Ерөнхийлөгч Петро Порошенко нар хэлэлцсэн гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Малайзын иргэний агаарын тээврийн "Malaysia Airlines" компанийн 280 зорчигч, багийн 15 гишүүн бүхий нисэх онгоц өчигдөр Украины зүүн нутагт осолдсон юм. Тус онгоц пуужинд оногдон сүйрсэн бололтой. Энэ хэрэгт Украины сөргөлдөгч талууд бие биенээ буруушааж байна. Зорчигчид болон багийн гишүүд бүгд амь үрэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна

Ослын газар бүрэн дүүрэн, ил тод мөрдөн шалгалт хийлгэхийн тулд олон улсын шинжээчдийг илгээнэ гэж Порошенкод Обама утсаар ярихдаа хэлжээ. Мөн АНУ-ын шинжээчид цаг алдалгүй чадах бүхнээрээ туслах болно гэж Обама мэдэгдсэн байна.

Олон улсын шинжээчид хэргийг юунаас болж гарсныг шалгаж эхлэх хүртэл ослын газарт бүх нотлох баримтыг хэвээр байлгах ёстой гэж хоёр улсын төрийн тэргүүн нар зөвшилцжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг