sonin.mn

МОСКВА. /Russiafocus/. Оросын газар усны нэрс цаг үеийн өөрчлөлтийн түүхийг агуулж байдаг. Төр засаглалын хэлбэр солигдох тоолонд хэдэн удаа нэрээ сольсон хотууд ч байдаг.

1990-ээд он гарсаар Волгоград хотын нэрийг 1925-1961 оны хооронд нэрлэж байсан хуучин “Сталинград” нэрээр нэрлэх асуудал одоо ч Орост маргаантай хэвээр байдаг. Саяхан Ерөнхийлөгч В.Путин энэ тухай хэлэхдээ, “ОХУ-ын хуулийн дагуу холбооны бүрэлдэхүүн, орон нутгийн бие даасан захиргааны байгууллага шийдэх асуудал. Волгоградын тухайд хотын оршин суугчдын санал асуулга явуулж хотын нэрийг сонгох хэрэгтэй” гэж хэлсэн билээ.

Волгоград хотын нэрийг өөрчлөх асуудлаар оросууд үндсэндээ хоёр хуваагдсан. Хотын нэрийг солихыг дэмжигчид, “Сталинград” нэрийг сэргээж, Дэлхийн хоёрдугаар дайнд Орос үндэстний байгуулсан алдар гавьяаг мөнхжүүлэх боломжтой гэж үздэг. Харин үүний эсрэг үзэлтнүүд, хотын хуучин нэрийг сэргээх нь харгис хүчирхийлэгч бөгөөд дарангуйлагч гэгдэх Сталиныг эргэн шүтэж байгаа хэрэг болно гэж үзэж байгаа юм. Харин 1925 оноос өмнө 300 жил нэрлэгдэж байсан “Царицын” хэмээх нэрийг сэргээх тухай хэн ч ярьж судалгаа хийхгүй байгаа нь хачирхалтай.

Орос орны хуучин нийслэл Санкт-Петербург бол эртний нэрээрээ нэрлэгдэж байгаа хот юм. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үе хүртэл Нева мөрний эрэг дээрх уг хотыг Санкт-Петербург гэж нэрлэж байв. Олон хүн XVIII зуунд уг хотыг байгуулахдаа тухайн үеийн Петр хааны нэрээр нэрлэсэн гэж боддог боловч, үнэндээ “Saint Peter”-ын нэрээр нэрлэгдсэн юм. Дэлхийн нэгдүгээр дайн дэгдмэгц хотын “Петербург” хэмээх Герман маягийн нэрийг сольж, Орос онцлогийг илтгэсэн “Петроград” болгосон байна. Гэвч түүнээс хойш арван жилийн дараа уг хотын нэрийг октябрийн хувьсгалын удирдагч В.И.Ленинын нэрээр Ленинград болгон өөрчилсөн ба 1990-ээд оны эхэн үеэс Санкт-Петербург нэрийг дахин сэргээсэн байна. Түүнээс хойш коммунист дэглэмийн дор ХХ зууны дунд үе хүртэл ЗХУ хотуудын нэрийг өөрчлөх аян үргэлжилсэн юм. ЗХУ задран унахын өмнөхөн хүртэл Орджоникидзе, Куйбышев, Брежнев, Андропов гэдэг хотуудын нэр газрын зураг дээр байдаг байсан. Одоо ч Оросын газрын зургаас Киров, Калининград гэдэг нэрсийг харж болно. Түүгээр ч зогсохгүй Италийн Коммунист намын удирдагч Тольяттийн нэрээр нэрлэгдсэн хот хүртэл Орост бий. Энэ хотод ЗХУ-ын Италийн авто машин үйлдвэрлэгч “Fiat ” компанийн авто машиныг загварыг үйлдвэрлэдэг “Жигули” үйлдвэр байдаг юм.

Москва хоттой холбоотой “Москва нулимсанд дургүй” гэсэн зүйр үг байдаг. Чанга хатуу, алдаа дутагдлын өмнө өвдөг сөхөрдөггүй тийм л хүмүүс Москвад амжилтад хүрч чадна гэсэн агуулгатай үг юм. 1950-аад оны үед Москва хотод очиж амжилтад хүрсэн хөдөөний гурван бүсгүйн амьдралын өгүүлэх “Москва нулимсанд дургүй” гэдэг кино 1980 онд Оскарын шагнал хүртэж байсан билээ.

Киев газар зүйн байрлалын хувьд хол орших боловч зорьсон хүн хүрч болно хэмээх утга бүхий “Сурагласаар Киевт хүрч болно” (Язык до Киева доведет) /Эрлийг сургаар- мон./ гэдэг зүйр үг ч бий. Түүнчлэн “Парисыг үзээд үхнэ” (Увидеть Париж и умереть!) гэдэг зүйр үг байдаг ба Парис тэр хэрээр хүрэхэд бэрх ч бүгд очихын хүслэн болсон газар байсныг илтгэнэ. Харин өнөөдөр хүссэн нь Парист хялбар хүрч болох бөгөөд мэдээж Парисыг үзээд үхэх юмсан гэж бодох хүн байхгүй.

Гадаад улсын хоттой ижил нэртэй хотууд ОХУ-д цөөнгүй байдаг. Тухайлбал, Белгоград болон Сербийн нийслэл Белград, Липецк ба Германы Лейпциг зэрэг жишээг дурдаж болно. АНУ-д бас Москов, Сент-Питерсберг гэдэг Оросын хотуудтай ижил нэртэй хотууд байдаг. Орост нэр нь өөр боловч ижил утгатай нэртэй газрууд бас байдаг. Жишээ нь, Орёл болон Хар тэнгисийн Адлерхотын нэр ижилхэн бүргэд гэдэг утгатай аж.

ЗХУ задарсны дараа хуучин бүгд найрамдах улсуудын дунд нийслэл, хотуудын нэрийг солих гэж нэг хэсэг бужигнасан билээ. Казахстаны Алмата хотын нэрийг нэг их дуулиан болголгүй Алматы болгож өөрчилсөн бол Эстонийн нийслэл Таллины нэрийг өөрчлөх асуудлаар нэлээд сүр бадруулсан байдаг. ЗХУ-ын үед “Таллин” гэж нэрлэж байсныг “Талинн” болгон нэрийн үгийн сүүлд “н” үсэг нэмжээ. Түүнчлэн ОХУ-ы уг нэрийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, хэдэн жилийн ОХУ дотооддоо Эстонийн нийслэлийн нэрийг албан ёсоор өөрчилж санааг нь амраасан юм. Ганц “н” үсгийн өөрчлөлт нь хэл зүйн гэхээс илүү улс төрийн чухал агуулгатай байсан хэрэг.

2008 онд ОХУ, Гүржийн дайны дараа Гүржийн нэг хэсэг байсан Абхаз, Өмнөд Осет тусгаар тогтнолоо зарлах үед ч мөн дээрхийн адил үйл явдал болсон юм. Тус хоёр бүгд найрамдах улс нийслэлийнхээ нэрийг солив. Абхазын нийслэл “Сухум” Сухуми болж, Өмнөд Осетийн нийслэл “Цхинвали”-ийг “Цхинвал” болгон өөрчилсөн. Нэрийн сүүлийн “и” үсгийг нэмж хассанаар тухайн улс үндэстний онцлог, өнгө төрхийг харуулсан хэрэг юм. Харин гүржүүд улс одоо болтол Өмнөд Осетийн нийслэлийн нэрийн сүүлийн “и” үсгийг хамтад нь дуудсаар байна. Энэ нь бас л ганц үсэг улс төрийн чухал асуудал болон хөндөгдөж буйн жишээ юм.

Бас нэгэн хэл, улс төрийн маргаантай асуудал одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол аль хотын бус улсын нэрийн талаарх асуудал юм. Оросууд аливаа улс оронд болсон үйл явдлыг өгүүлэхдээ тухайн улсын нэрийн өмнө “в” угтвар хэрэглэдэг. Жишээ нь, “в Америке”, “в Германии”, “в Китае” гэх мэт. Харин Украинд гэхэд “на” угтвар хэрэглээд заншсан аж. “на” угтварыг Оросын орон нутагт болсон үйл хэлэхдээ хэрэглэдгээрээ “в” угтвараас ялгаатай юм. Жишээ нь “на Урале”, “на Кубани”, “на Дальнем Востоке” гэх мэт. Одоогоор Украины өмнө ямар угтвар хэрэглэх нь зүйтэй вэ гэдэг асуудлаар хэн нэг нь оновчтой санал гаргаагүй л байна. Хэл шинжлэлийн дийлэнх судлаач одоогийн хэлбэрээр “на Украине” гэх нь зүйтэй гэж үздэг. Харин украинчууд “на” угтвар хэрэглэх нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдал зохицохгүй гэж үзэж байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг