sonin.mn

  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.23/ хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайханы танилцуулгыг сонсов.

Мөн тус хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхтэй холбогдуулан байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан юм.

Байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэхээр болов

  Санхүүгийн зохицуулах хороо 2013 онд 26 удаа хуралдаж 607 асуудал хэлэлцэн салбарын хэмжээнд дагаж мөрдүүлэх дүрэм, журам заавартай холбоотой 60, зохицуулалтын хүрээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой 272, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын үйл ажиллагааны хэлбэр нэмж олгохтой холбоотой 39, дүрмийн сан, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эрх бүхий албан тушаалтан томилохтой холбоотой 120, оноосон нэр, хаяг өөрчлөхтэй холбоотой 16 шийдвэр гаргасны зэрэгцээ 1670 иргэнд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх эрх, 146 салбар төлөөлөгчийн газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн хорооны эрхлэх асуудлын хүрээнд иргэд, хуулийн этгээдээс 323 өргөдөл гомдол ирснийг хянан шийдвэрлэж хуулийн хугацаанд нь хариу өгчээ. Түүнчлэн өнгөрсөн оны эцсийн байдлаар хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг 984 байгууллага, хуулийн этгээд, 4477 иргэнд олгоод байгаа аж.



Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулга хийв

  Өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд батлагдсанаар үнэт цаасны бүртгэл, давхар бүртгэл, хувьцааг анх удаа, шинээр гаргах асуудал, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг арилжаалах, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдын эрх зүйн статус харилцааг нарийвчлан зохицуулах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах зэргээр олон чухал харилцаанууд зохицуулагдах боломжтой болсонтой уялдаж шинээр болон шинэчлэн батлагдсан хуулиудыг дагаж мөрдүүлэх ажлын хүрээнд 21 журам, дүрэм, зааврыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлжээ.

Эдгээр журмуудыг мөрдүүлснээр хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд оролцогчдод тавигдах шаардлагыг өндөржүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн эрсдлийг бууруулах, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлснийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа дурдав. Тэрээр цааш нь тус хорооноос үнэт цаасны болон даатгалын, бичил санхүүгийн зах зээлийн салбарт авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний талаар танилцуулсан юм.

 Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуун хариулт авч, саналаа хэллээ. Ингээд байнгын хорооны гишүүдийн саналаар Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэхээр байгуулсан ажлын хэсгийг өргөтгөн, тус хороонд өгөх үүрэг чиглэлийн төслийг дахин боловсруулж 14 хоногт багтаан байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

  Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулга хийлээ.



Тогтоолын төслийг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэ тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 23 арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганы хугацаанд батлуулан хэрэгжүүлэхээр тусгасан. 2014 он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа тул валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах шаардлагатай байна.

Энэ хүрээнд эрх зүйн болоод бодлогын шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь чухал байна гэдгийг сайд танилцуулгадаа онцлов.

  Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын есөн гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргаас асуулт асууж хариулт авав.

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан олон гишүүн саналаа хэлэхээр нэрээ өгсөн учраас байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулж 14 цагт эхлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.