sonin.mn

УИХ-ЫН ГИШҮҮДЭД ХҮРГҮҮЛЭХ УРИАЛГА

2014.04.15
Монголын парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх шийдвэрийг гаргах хуралдаан маргааш тохиох гэж байна.

Энэ бол Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг, хууль тогтоох эрх мэдлээс салгаж чадах, эсэх асуудал юм.  Хэрэв бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхэлж хэрэгжүүлж чадвал дарангуйлал, хүчирхийллийн дунд хавчуулагдах аюулаас аврагдаж, эрх мэдэл, мөнгө хоёрыг салгаж чадна. Магадгүй ийм шийдвэр гаргаснаараа 2012-2016 оны УИХ-ын гишүүд залгамж халаа болох улс төрчиддөө шинэ боломж олгож, Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ихээхэн түлхэц өгч  чадна гэж би үзэж байна.

Тиймээс  УИХ-ын нийт  гишүүд, онцгойлон УИХ дахь АН-ын бүлгийн сайд нарт хандаж “Зарчимдаа үнэнч байж, хууль тогтоох гүйцэтгэх засаглалын зааглах түүхэн боломжийг ашиглаж, улс орныхоо эрх ашгийн төлөө сонгогчдынхоо талд зогсоорой” гэж уриалж байна. Бүлэглэлүүд, зарим улстөрчид та бүхэнд дарамт учруулж байж болно. Гэхдээ сонгогчид маань биднийг өөрсдийг нь төлөөлж, эрх ашгийг нь хамгаал гэж УИХ-ын гишүүнээр сонгосоноос биш төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн албан тушаалыг өөртөө өг гэж сонгоогүйг дахин нэг санаарай.

УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хашна гэдэг нь “нийт гишүүдээсээ хоршооны даргаар нь сонгогдчихоод дараа нь хоршооныхоо ерөнхий нягтлан бодогчоор өөрийгөө тавьсантай агаар нэгэн үйлдэл. Үүнийг УИХ-ын гишүүд та бүхнийг ойлгоно гэдэгт итгэж байна.

Өөрийгөө мөнгөний мэдэлтэй байлгах уу, үгүй юу гэдгийг сонгоход санал өгөх нь яаж ч бодсон эрх ашгийн болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болно.

            УИХ-ын гишүүн, сайд та бүхнийг түүхэн зөв шийдвэрийн эзэн болно гэдэгт найдаж байна.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

УИХ-ын 19 дүгээр тойрог, Дархан-Уул аймгаас сонгогдсон
УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар