sonin.mn

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.16/ Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын Зөвшилцөх нэгжийг Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон Улсын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын 2 дугаар Бага хурлаар 2007 онд байгуулсан бөгөөд тус нэгж нь протоколын төсөлд санал авах, зөвшилцөх уулзалтыг Засгийн газрын итгэмжит төлөөлөгчдийг оролцуулан 5 удаа зохион байгуулж, улс орнуудын өгсөн санал тус бүрийг Оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлэн зөвшилцүүлсний дүнд уг “Протокол”-ын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 12-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар Бага хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Тус төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид ямар нэгэн нэмэлт, өөрчлөлтгүйгээр санал нэгтэйгээр баталсан гэдгийг төсөл санаачлагч хэлэв.

Монгол орны хил залгаа БНХАУ, ОХУ болон Казахстан улс тамхи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд ялангуяа дэлхийн тамхины үйлдвэрлэлийн 40 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нөхцөлд Монгол Улс энэхүү протоколыг дэмжин, хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь туйлын ач холбогдолтой бөгөөд манай улс уг протоколын төслийг боловсруулах, батлах бүхий л үе шатанд идэвхтэй оролцсон гэдгийг төсөл санаачлагч онцлон тэмдэглэв гэж Улсын Их хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.