sonin.mn
ВАШИНГТОН. /Хьюман Райтс Фөөрст/. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод буй хүн худалдаалах гэмт хэрэг буюу хүний наймааны талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас /ОУХБ/ саяхан гаргасан статистик мэдээллийг орчуулан хүргэж байна.
 
Хүн худалдаалах гэмт хэрэг буюу хүний наймаа гэж юу вэ?
 
Хүн худалдаалах гэмт хэрэг буюу хүний наймаа гэдэг нь хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, биеийг нь үнэлүүлэх, эрхтнийг нь худалдах зэрэг зорилгоор буюу ерөнхийдөө эдийн засгийн хувьд ашиг олох зорилгоор бусдыг хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар дотоодод эсвэл гадаад улс орнуудад аваачин хууль бусаар худалдаалахыг хэлнэ..
 
Тоон мэдээлэл
 
ОУХБ-аас гаргасан статистик мэдээнд дурдсанаар, дэлхийн хэмжээнд жилд дунджаар 1 сая орчим хүн хүний наймааны золиос болдог бөгөөд тэдний 80 орчим хувь нь охид эмэгтэйчүүд, 50 хувь нь хүүхдүүд байна.  Арга залинд хууртагдах нь амархан, биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүний наймаачид томчуудаас илүүтэйгээр хүүхэд багачуудыг “онилдог” аж.
 
Хүний наймааны хохирогчид сэтгэл санаа болоод бие махбодын асар их хохирол амсаж байхад хүний наймаачид жилд ойролцоогоор 150 тэрбум ам.долларын ашиг хонжоо олдог байна.
 
Хүний наймааны хохирогч болсон хүүхдүүдийн тоо жилд дунджаар 20-27 хувиар нэмэгдэж байна. Хүний наймааны золиос болсон 3 хүүхэд тутмын 2 нь эмэгтэй хүүхэд байна.
 
Хүйс бөгөөд насны хувьд авч үзвэл, дэлхийн хүний наймааны хохирогчдын 59 хувь нь эмэгтэйчүүд, 14 хувь нь эрэгтэйчүүд, 17 хувь нь охид бол 10 хувь нь хөвгүүд байна.
 
Өнгөрсөн оны эцсийн байдлаар, дэлхийн хэмжээнд хүний наймаанд өртсөн гэж тооцогдсон 24.9 сая хүн бүртгэгдээд байжээ.
 
Хүний наймаанд өртөгсдийнхөө тоогоор Африк тив нэгдүгээрт, Ази-Номхон далайн бүс нутаг хоёрдугаарт бичигдэж байгаа бол Европ гуравдугаарт бичигдэж байна.
 
Хүн худалдаалах гэмт хэрэг нь гаралтаараа дэлхийд мансууруулах бодисын наймаа болон галт зэвсгийн хууль бус худалдааны дараа буюу гуравдугаарт орж байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг