sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
 
Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ, нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн давхарга, сүлжээ бий болж, хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэдийн нас улам залуужжээ.
 
Тодруулбал, 2015 онд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийн 79 тохиолдлыг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд 6 хүүхэд  холбогджээ. Ийнхүү гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг устгах ажил зогссонтой холбоотой. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол дээд хэмжээ нь 25 жилээр хорих ял сонсдог байна. хэмээн албаныхан хэллээ. Нөхцөл байдлыг үндэслэн дээрх гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 84 дүгээр тогтоолын хүрээнд хоёр үе шаттай хөтөлбөр боловсруулсан байна.
 
Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах аж.
 
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоох, холбогдох мэргэжлийн байгууллагаар шинжлэх ухааны үндэслэлтэй суурь болон хавсарга судалгаа хийлгэх зэрэг арга хэмжээ авч ажиллах юм байна.
 
Улсын хэмжээнд 15 мянга орчим га газар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг бөгөөд устгах ажлыг 2013-2015 онд жил дараалан хийжээ. Тэгвэл өнгөрсөн онд энэ  ажлыг хийж чадаагүй нь санхүүжилт зогссонтой холбоотой аж. Устгал хийхдээ гар аргаар түүх, химийн бодис цацах гэсэн хоёр арга хэрэглэдэг байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг