sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж нас барсан хэргийн байрнаас мансууруулах төрлийн бодис болон хэрэглэсэн байж болзошгүй гаанс олдсоноор тухайн үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан талаар бид өмнө мэдээлж байсан.
 Шинжилгээгээр “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.
 
Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хэрэг шалгах явц үргэлжилж байгаа учраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Хэргийн газарт хамт байсан Э.Намсрай 22 настай, Б.Цэрэнням 21, Ж.Гантулга 28, Ц.Цэрэндорж 22, Б.Хүлэгт 23, н.Жамух 22, Ц.Даваажаргал 28, Г.Дөлгөөнбаатар 21, Х.Есүнгэ 22, Б.Намуун 25 насны залуус байна. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг