sonin.mn
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэгтэй ярилцлаа.
 
-Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас хэвлэлийн бага хурал зарласан талаар сонслоо?
 
-Манай намын зүгээс хэвлэлийн бага хурал зарлаагүй. Харин намын нэр барьсан УИХ-ын гишүүн асан Г.Уянга зарласан гэж сонссон. Тэр эмэгтэй хэвлэлийн бага хурал өөрөө зарлах мөрөөрөө зарлахгүй намын нэр барьдаг нь юу ч билээ дээ.
 
-Та намын дарга юм уу, Г.Уянга дарга юм уу?
 
-2016 оны аравдугаар сарын 15-ны өдрийн Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын Их хурал хуралдаж Гантөмөрийн Уянгыг чөлөөлж намайг намын даргаар сонгосон. Харамсалтай нь Улсын дээд шүүх манай намын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хууль бус шийдвэр гаргасан. Тиймээс бид хуульд заасны дагуу Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан байгаа. ТУсгаар тогтнол, Эв нэгдлийн намын Их хурал хууль болон намын дүрмийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр тул миний бие албан ёсоор намын дарга юм.
 
-Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын их хурлын үеэр хоригдож байсан уу?
 
-Тэгсэн. Намын их хурлаа хийх гээд ааг амьсаагүй гүйж явахад “Цэцгээгийн Баянбилэгийг эрэн сурвалжилж байна” гэсэн зар бүх хэвлэлээр явсан. Тэгээд юу болов гээд гүйж очоод баригдсан. Ах нарын захиалга байсан болов уу гэж боддог. -Таныг эзгүй үед Улсын дээд шүүх Г.Уянгааг яаж бүртгэсэн бэ? -Цагдан хоригдож байхад тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар “Чи итгэмжлэх хийж өгөхгүй бол манай нам УИХ-ын сонгуульд орж чадахгүй болох нь. Чамайг эндээс суллана” гээд итгэмжлэх хийлгэж аваад явсан юм. Гэтэл одоо болохоор нам буцаагаад өгдөггүй.
 
-УИХ-ын сонгуулийн дараа Г.Уянга “Тэр муу намаа авбал авна биз” гэсэн дуулдсан?
 
-Тэгсэн шүү.
 
-Тэгээд яагаад өгөхгүй байгаа юм бэ?
 
-Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг зүйл Г.Уянгааг байлгаж суулгахгүй байна шүү дээ. УИХ-ын нэг гишүүн манай намд ороход Ц.Нямдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болно. Манай намд элсэх магадлалтай гээд С.Жавхлан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ж.Батзандан нарыг бичээд байна шүү дээ. Манай нам арилжаанаас гадна Г.Уянгын нэр төрөө өсгөх хэрэгсэл болчихлаа. Г.Уянга гэхээр нийгэмд хүлээж авахаа болчихсон учраас Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын нэр бариад давхиж явна.
 
-Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг хэн санхүүжүүлдэг юм вэ?
 
-УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ш.Сайхансамбуу нар мөнгө төгрөгөөр дэмждэг байсан л даа.
 
-Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас үе үе мэдэгдэл гаргах юм?
 
-Уншигчдыг төөрөлдүүлээд байгаа юм. Манай намаас ерөөсөө мэдэгдэл хийгээгүй. Эрдэнэтийн асуудлаар л гэнэ, Ерөнхийлөгчийн асуудлаар л гэнэ. Оюутолгойн асуудлаар л гэнэ. Нэг удаа намын зүгээс мэдэгдэл гаргасан юм байна. Орон нутгийн сонгуулиар намын нэр барьсан Г.Уянгааг зогсоохын тулд “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам АН-ыг дэмжиж сонгуульд оролцоогүй” гэсэн мэдэгдэл Удирдах зөвлөл гаргасан. Г.Уянгаа чинь ганцаараа байж “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-аас гээд мэдэгдэл хийчихдэг.
 
-“Миний Монголын Газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болдоос өгсүүлээд олон хүн цуг яваа харагддаг.Тэд ямар учиртай юм бэ?
 
-Хэсээд явдаг нөхдүүд байдаг шүү дээ. Энэ намыг үүсгэн байгуулсан, надтай хамт яваа нэг ч хүн байхгүй. Г.Уянга гэдэг амбицтай, юу ч хийхээс буцахгүй энэ хүүхэнд хандаад хэлэхэд миний үүсгэн байгуулсан, тамгыг нь сийлүүлсэн намын нэр барьж ард түмнийг төөрөгдүүлэхээ зогсоо гэж хэлмээр байна. Нэг ёсондоо намын нэр бариад иргэдийг төөрөлдүүлээд мэдэгдэл гаргаад байгаа юм.
 
-Дахиад хориулчих вий дээ?
 
-Г.Уянгаа хууль хяналтын болон улс төрийн бүлэглэлтэй маш их холбоотой ажилладаг. Ашигтай үед хэнийг ч алж мэднэ. Н.Энхбаярыг “Авилгалын загалмайлсан эцэг”, Ц.Нямдоржийг “Хятадыг тагнуул”, Н.Алтанхуягийг “Төрөөс хулгай хийгч” гэж зарлаж явсан хэрнээ одоо наалдчихсан гүйж явна. Ямаршуу төлөвшилтэй, үзэл бодолдоо хэр тууштай хүн гэдэг нь харагдана.