sonin.mn

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гэрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2015 он 1 дүгээр сард Баян-Өлгий аймагт 2 хүн мөнгөн уснаас үүдэлтэй хордсон байна.

Тиймээс ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс иргэдэд анхааруулга өгч байна. Гэрийн нөхцөлд мөнгөн ус үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол нь таны болон танай гэр бүлийнхэн, эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг. Иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж, мөнгөн усны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг өгч байна. Хэрвээ мөнгө усанд хордох юм уу өртвөл нэн даруй Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт яаралтай мэдэгдэнэ.

 - Тухайн өрөө болон орчны агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна.

 - Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно.

 - Мөнгөн усны уур өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсрыг даавуугаар чигжинэ.

  - Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй.

 - Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө.

 - Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана.

 - Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна.

 - Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна.

 - Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй. Ямарваа сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн газар болон Эрүүл мэндийн байгууллага, ОБГ-уудад мэдэгдэх хэрэгтэй  гэж Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: