sonin.mn

Нийслэлийн Хан-Уул дүүрэгдэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатартай ажлын явцын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Дүүрэгдэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн энэ жилийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү.

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2014 оны эхний 10 сарын байдлаар Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2625 өргөдөл, гомдол, мэдээ мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс гэмт хэргийн илрүүлэлт урьд оны мөн үеэс 3,9 хувиар өссөн.

Эхний 10 сард бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 282 хэргийн 164 хэргийг илрүүлж гэмт хэргийн илрүүлэлт 57,7 хувьтай байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Энэ нь албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоо сайжирсан мөн дээрээс нь багаар ажиллах системийг сайжруулсантай холбоотой гэж бид үзэж байгаа.

2014 оны эхний арван сарын байдлаар хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 68,9 хувьтай байгаа бол хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна. Жишээлбэл хүн амины гэмт хэргийг 100 хувь илрүүлж байна гэж ойлгож болно.

Ер нь бол Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтсийн удирлагаас энэ гэмт хэргийн илрүүлэлтэн дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн гэмт хэрэг гарахгүй байх талаар урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийж байна.

Яагаад гэвэл өнөөдөр бид гэмт хэрэг гарсных нь дараа илрүүлэх гэж хөөцөлдөх биш харин урьдчилаад гэмт хэргийг яавал гаргахгүй байх вэ, шалтгаан нөхцлийг нь тодруулах, гэх мэт урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаагийн үндсэн дээр хэргийн гаралтыг багасгахад  нийлээд ахицтай байгаа гэж ойлгож байгаа.

-Дүүргийн хэмжээнд Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс зохион байгуулж хэрэгжүүлж байгаа ямар ямар арга хэмжээнүүд байна вэ?

-2014 онд  нилээд олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал  “Цонх” арга хэмжээ байна.  Оршин суугч, иргэдийн  хувийн авто тээврийн хэрэгслийн шил, цонхыг нь хагалаад эд зүйлийг нь хулгайлдаг хэрэг их гардаг.

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зохион байгуулж байгаа. Мөн Албан байгууллага аж ахуй нэгж, иргэдийн хувьдаа эзэмшдэг галт зэвсэгийг төвлөрүүлэх, бүртгэх, хяналт тавих зорилгоор ажиллах юм. “Зэвсэг-2014”, урьд оны түдгэлзүүлсэн хэргүүдээс мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар танилцаад хэргийн илрүүлэлтийг нэмж ахиулах зорилгоор “Илрүүлэлт”, “Хяналт шийдвэрлэлт” гэх мэт нэгдсэн арга хэмжээнүүдийг  зохион байгуулаад үр дүнг тооцон ажиллаж байна. 

Үүнээс гадна бид ард иргэдтэйгээ илүү  ойрхон, түргэн шуурхай үйлчлэх  үүднээс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг таван хороон дээр зохион байгууллаа. Мөн “Нээлттэй хаалганы өдрийг” 19-р хорооны үйлчилгээний төв дээр хийсэн.

Нэг хороон дээр нэг хэсгийн байцаагч  ажилладаг байсан бол урьдчилан сэргийлэх үүднээс нэг нэг цагдааг томилж,  олон нийтийн цагдаа гэдэг шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж шинэ  байр гаргаж өгснөөр хороон дээр нийтдээ гурван албан хаагч байхаар тооцож байна. Тэгэхээр тэр хороо үндсэндээ эзэнтэй болж ард иргэдээс ирсэн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, нэгж дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч байна.  

-Цагдаагийн 1 дүгээр хэлтэс иргэдээ сонсох, санал хүсэлтийг нь авах, иргэдтэйгээ ойртож ажиллах ямар ажлууд хийж байна вэ?

- Өнөөдөр иргэдээс цагдаагийн байгууллагад  янз бүрийн дуудлага ирж байгаа энэ болгоныг бид нэг бүрчлэн бүртгэн  хүлээн авч шийдвэрлэе яагаад гэвэл  Засгийн газрын бодлого, цагдаагийн байгууллагын зорилт, зорилго гэж байна. Бид ард иргэдтэйгээ яавал илүү ойрхон байх вэ? Яавал тэд нарынхаа гомдол саналыг түргэн шуурхай барагдуулж өгөх вэ?  гэдэг дээр анхаарч ажиллахыг гол үүрэг зорилго болгож байгаа. 

Тиймдээ бид Засгийн газрын 11- 11 дугаар дээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэсэн иргэдийн талархал нилээд их ирж байна. Үүнийг өглөө болгон танилцуулна. Тэгэхээр бид нарын ажил одоо яг зөв гольдрол руугаа орж байна уу гэж харж байгаа юм.

Яагаад гэхээр ард иргэд маань бидэнд ханддаг болж, бид ард иргэдийнхээ төлөө үйлчилдэг болж байна гэдэг нь иргэд цагдаагийн байгууллагын хоорондын харьцаа эерэг сайхан болж байна.

Манай дүүргийн нэг, хоёрдугаар хороон дээр архи, согтууруулах ундааны зүйл  хэтрүүлэн хэрэглэдэг, подвольд амьдардаг хүмүүс их байсан. Үүн дээр бид нар “Подволь” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж хэн нь ямар хаяг дээр амьдардаг гэдгийг нь тодорхойлж зурагжуулаад авсан байгаа.

Хамгийн гол зүйл бол цагдаа, иргэдийн хоорондын уялдаа холбоог улам илүү сайжруулах, иргэд нь цагдаа руу ирж мэдээллээ өгдөг, тэр мэдээллийн дагуу цагдаа нар нь түргэн шуурхай очиж , асуудлыг шийдвэрлэж өгдөг, ер нь иргэддээ хандсан ийм төрлийн ажлуудыг нилээд зохион байгуулж 2015 онтой золгох гэж байна.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.