sonin.mn

Замын цагдаагийн газрын ОНХХ-ийн дарга асан  С.Энхтөр  авто замын ослын бууруулах талаар дараах саналыг дэвшүүлжээ.

Монгол улсад сүүлийн 15 жилийн байдлаар Зам тээврийн ослын улмаас 5041 хүний амь нас хохирч 11020 хүн насан туршийн тахир дутуу болсон бол сүүлийн 40 жилийн байдлаар 10706 хүн нас барсан гэсэн тоон үзүүлэлт байна. Энэ бол бага тоо биш гэдгийг харж байгаа байх. Манай улсад жилд 600 хүний амь нас зөвхөн авто зам дээр үгүй болдог. Зохих арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоо 2 дахин өсөх аюул нүүрлээд байна.

Харин жил тутам манай гариг дээр 1.3 сая хүний амь насыг авч одож, 50 сая хүнээ эрэмдэг зэрэмдэг болгоход хүрч байгааг дэлхийн хэмжээнд “Зам тээврийн ослын тахал” гэж дэлхий нийтээрээ нэрлэж байна.Энэ "тахал" манай улсад эрчимтэй түгсээр, бид харсаар ярьсаар дорвитой арга хэмжээ авсангүй өдийг хүрлээ.
Бичээд байвал их юм байна. Товчхондоо:

Зам тээврийн осол гэмтлийн гол эрсдэлтэй хүчин зүйлд юу ордог вэ? Үүнээс урьдчилан сэргийлж чадвал бид зам дээрх үхлийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэдгийг олон улс оронд хүлээн зөвшөөрч урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аль хэдийнээ эрчимтэй явуулаад эхэлжээ. Энэ нь юу болох, бид юу хийх ёстойг анзааръя. Хэрэв бид энэ 4 зүйлд тулгуурлан эрчимтэй ажиллаж чадвал монголчуудынхаа амь насыг аймшигт тахлаас бага ч болов аварч чадах юм. Үүнд:

1. Согтуугаар автомашин жолоодох. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд 39949 жолооч согтуугаар автомашин жолоодсон тохиолдол бүртгэгдсэн байна.Энэ төрлийн зөрчил буурахгүй байгаагийн шалтгаан нь ерөөсөө л хуулиндаа хүлээлгэх хариуцлага хэтэрхий сул байгаатай шууд холбоотой юм. Ихэнх улс оронд эрх хасахаасаа илүү өндөр хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах нь илүү үр дүнтэй гэж үздэг.

Манайд торгуулийн арга хэмжээг маш өндөрөөр ноогдуулах хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. Хэрэв бид торгуулийг хэдэн саяар ноогдуулж чадвал хууль батлагдах анхны өдрөөс энэ асуудал мэдэгдэхүйц буурна гэж үзэж байна.

2. Хамгаалалтын малгай хэрэглэх. Хөдөө орон нутагт үйлдэгддэг үхэлтэй хэргийн гол шалтгаан бол хамгаалах малгай хэрэглэдэггүй мотоцикчид. Энэ асуудлыг шийдэх энгийн арга байна. Үүнийг зөвхөн замын цагдаа нарын хийх ёстой ажил мэтээр ойлгодог.

Нэгэнт цагдаа нар сум баг бүрт өдөр тутам хүрч ажиллах боломжгүй учир захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны тоонд зүй ёсоор ордог сум багийн засаг даргад хариуцуулан өгч хяналт тавих, хариуцлагын болон хяналт шалгалтын тогтолцоог бий болгох нь зүйтэй.

3. Хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэх. 2007 оны 10 сараас анх толгой дараалан торгосноор нас баралт, гэмтлийн тоо эрс буурч байсан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж хамгаалах бүс хэрэглээгүй зөрчилд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгах хэрэгтэй.

4. Хурд хэтрүүлэх. Хурд хэтрүүлсэн зөрчилийн 80% нь орон нутгийн зам дээр үйлдэгддэг. Дэлхий нийтээр хурд хэтрүүлэлтийг багасгаж чадахгүй байгаа ч хариуцлагыг чангатгаж, хяналт шалгалтыг илүү ихээр зохион байгуулах хэрэгтэй.

Миний дээр бичсэн зүйл бол зам дээрх үхэл, гэмтлийг бууруулах хамгийн нэгдүгээр зэрэгт анхаарвал зохих 4 зүйл юм. Үнэхээр үүнийг хэрэгжүүлж чадвал бид нас баралт, гэмтлийг эрс бууруулах бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна.
 

С.Энхтөр