sonin.mn
Ямар нэг зүйлийн зөв орц, найрлагыг бид жор гэдэг. Тэрхүү зөв найрлагаар хоол сайхан амттай болж, эм сайн үйлчилгээ үзүүлнэ. Харин нөгөө талаар хуулийг ч ингэж нэрлэх болох байх. Хууль тогтоогчид цаг тухайд нь жорыг нь тааруулж сайн хууль бо­ловс­руулж чадвал Монгол Улсад гэмт этгээ­дийг шударгаар шүүх тогтолцоо бий болж чадна. 
 
Гэвч өнөөгийн зарим хууль тогтоомж гэмт этгээдэд ял завших боломжийг олгосоор байгаа тохиолдлууд байна. Тиймээс гэмтэнг гэсгээж чадаагүй баримтуудыг дурдъя. Заримыг нь та бид мэднэ.
 
БАРИМТ-1: 33 Тэрбум ба МИАТ-ын экс удирдлагууд
Улсад 33.8 тэрбумын хохирол учруулсан МИАТ-ын өмнөх удирдлагуудад өнгөрсөн оны зургадугаар сард шүүхээс 10-13 жилийн ял оноосон. Дайны эрсдлийн сан нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөн­­гө шилжүүлж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн тэднийг буруутгасан юм. 
 
Харин Дээд шүүхийн тогтоолоор тэдний “мөнгө угаасан” зүйл ангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийг гайхаш­руулсан. 
 
Гэвч энэ нь “хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун да­раг­дуулах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашиглаж шилжүүлсэн, хувиргасан үйлдэл”-ийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон зүйл заалт нь 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуульд орсон байна. 
 
Харин Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг  анх 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоожээ. 
 
Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгс­сөн хугацаанаас нь хойш батлагдсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дор­дуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж Дээд шүүхийн тогтоолд онцолжээ.
 
БАРИМТ-2: Монгол охидоор тоглосон гадаадынхан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн эсрэг талд байрлах Эрхүүгийн амралтын төвд өнгөрсөн оны гуравдугаар сард монгол охидын биеийг үнэлүүлж байсан хэргийг цагдаагийнхан тогтоосон.
 
“Орос байшин” компанийн энэхүү төвд “Жуулчдад зориулсан үйлчилгээ” нэрээр япон иргэд 26 монгол охиныг жагсаан сонгох маягаар үйлчилгээ авсан нь илэрсэн. Монгол охидод гадаадаас авчирсан дотуур хувцас бэлэглэж байсан үйлдэл дээр нь цагдаагийнхан саатуулсан гэдэг. 
 
Гэвч Эрхүүгийн амралтын төвийн удирдлагууд болох Белорусь улсын иргэдэд хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч эцэст нь хэрэгсэхгүй болжээ. 
 
Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар шалгасан ч биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэ­лэхэд зуучилсан үйлдэл нь ил хэдий ч нотлогдоогүй болохыг цагдаагийнхан хэлж байна. Учир нь охид сайн дураар уг ажиллагаанд оролцсон байдаг ажээ.
 
БАРИМТ-3: Халдашгүй бүрэн эрх
УИХ, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн холбогдсон хэрэг одоо хүртэл шийдвэрлэгдээгүй нь байгаа нь тэдний халдашгүй бүрэх эрхтэй холбоотой. 
 
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, оффшор дансанд их хэмжээний мөнгө байршуулсан хэмээн АТГ-аас түүнийг огцруулах хүсэлтийг холбогдох албаныханд тавьсан ч тэрээр цалингийнхаа 30 хуваир торгуулаад өнгөрсөн. 
 
Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн 20 гаруй дансаар дамжсан 500 тэрбум төгрөгийн асуудал ч сураг тасарсан. Ерөнхий прокурор Д.Дорлигжавын хэлснээр “УИХ-ын болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдсон хэргийн шалгалт цааш явахгүй байгаа. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулах хүсэлт удаа дараа тавьсан ч Халдашгүй байд­лын хууль чөдөр ту­шаа болоод байгааг нуухгүй” гэсэн юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: