sonin.mn

Хар тамхи хэрэглэсэн, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал өчигдөр 13.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хаалттай эхэлсэн. Шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учир хурлыг хуульд заасны дагуу хаалттай хэлэлцэж байгаа аж.

Тэднийг Эрүүгийн хуулийн 191.1 болон 191.2 гэсэн зүйл ангиар буруутган шүүж байгаа. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ энэ сарын 2, 7, 16-нд гурван удаа гаргасан ч ШЕЗ-ийн Ёс зүйн хорооноос асуудлыг шийдээгүй учир шүүх бүрэлдэхүүн хэвээр орсон юм.

Харин шүүх хуралд хэвлэл мэдээллийнхэн болоод түүний ар гэрийнхнийг шүүхийн гаднах хаалганаас дотогш нэвтрүүлээгүй юм. Үүний тайлбарыг өгөх хүн байсангүй. Хурал зургаан цаг үргэлжилсний эцэст 19.00 цагт шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс Г.Сарангэрэл нарын таван хүнд 1.6-7 жилийн хорих ял ногдуулав. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилээс таван сарыг нь цагдан хорих ангид эдэлсэн учир хасахаар болсон байна. Харин түүний өмгөөлөгч. Г.Батбаяр шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдана гэв.

Э.Нямдулам

Эх сурвалж: