Үнийг ТӨР биш ӨРСӨЛДӨӨН тогтоодог

Нийтэлсэн: 2017-11-14 08:29:35

-Аливаа зүйлийн үнэ гэдэг нь түүний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүн дээр үүсдэг энгийн зүй тогтолтой. Зээлийн хүү нь “мөнгөний үнэ” гэж үзвэл мөнгөний эрэлт их, нийлүүлэлт бага байх хэрээр энэ нь өндрөөр тогтоно гэсэн үг. Тэгвэл ямар тохиолдолд зээлийн хүү буурах вэ? Хариулт нь мөн л энгийн. Санхүүгийн салбарт банктай өрсөлдөгчид гарч ирж байж өрсөлдөөний явцад үнэ нь буурна
 
-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төсөл болон Мөнгөний бодлогын төслийг хэлэлцэж буй энэ үеэр нэр бүхий гишүүд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар арилжааны банкны зээлийн хүүд захиргааны аргаар дээд хязгаар тогтоох санал гаргаад байна. Харин Монголын банкуудын холбоо улстөрчдийн дээрх санаачилгыг буруутгаж байгаагаа хариу илэрхийллээ. Чухам хэнийх нь зөв бэ?
 
Санхүүгийн салбарт арилжааны банкууд монополь байдлаар /95 хувь/ давамгайлж байгаа нь тэдгээртэй өрсөлдөх санхүүжилт, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр хөгжих бололцоог төрийн бодлогоор бий болгож чадаагүйтэй холбоотой гэж судлаачид үздэг.
 
Нэг үгээр бол банкуудтай өрсөлдөх санхүүжүүлэгч бий болсон цагт зээлийн хүү буурах ёстой байв. Учир нь аливаа бараа, бүтээгдэхүүний үнийг төр тогтоодоггүй, өрсөлдөөн өөрөө тогтоодог. Зээлийн хүү ч ялгаагүй мөнгөний “үнэ” юм. Харин энэ үнэ яаж бий болдог вэ? Аливаа зүйлийн үнэ гэдэг нь түүний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүн дээр үүсдэг энгийн зүй тогтолтой.
 
Зээлийн хүү нь “мөнгөний үнэ" гэж үзвэл мөнгөний эрэлт их, нийлүүлэлт бага байх хэрээр энэ нь өндрөөр тогтоно гэсэн үг. Тэгвэл ямар тохиолдолд зээлийн хүү буурах вэ? Хариулт нь мөн л энгийн. Санхүүгийн салбарт банктай өрсөлдөгчид гарч ирж байж өрсөлдөөний явцад үнэ нь буурна.
 
Цөөнгүй улс орны түүхэнд арилжааны банкууд нь санхүүгийн салбартаа давамгайлж байсан үе шат байдаг. Тэгэхдээ манайх шиг ийм урт буюу бараг 30 жил банкууд нь ноёлж ирсэн нь нэн ховор. Үүнд залруулга хийж, банкуудтай өрсөлдөхүйц санхүүжилтийн өөр эх үүсвэрүүд бий болгох, өрсөлдөөний зарчмаар үнэ буюу хүүг нь буулгах бодлого шаардлагатай болсон гэдэгтэй банкныхан ч өөрсдөө маргахгүй байх. Харин үүнийг төрийн зохицуулалт буюу захиргааны аргаар хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь цорын ганц оновчтой арга зам хараахан биш. Тийм ч учраас Монголын банкуудын холбоо эсэргүүцэж буй хэрэг.
 
Зээлийн хүүд хязгаар тогтоох санаачилгыг гаргаад байгаа УИХ-ын гишүүдийн нэг болох ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар телевизэд өгсөн ярилцлагадаа “дэлхийн 74 оронд захиргааны аргаар зээлийн хүүг хязгаарладаг” хэмээн тайлбарлажээ. Ийм улс орны жишээнд Япон, Хятад багтана. Гэхдээ тэдгээр улс оронд бодит байдал манайхаас эрс өөр. Үндэсний мөнгөн тэмдэгт болох иен, юань нь гэхэд ам.доллар руу хөрвөх чадвартай, зээлийн хүү үлэмж бага буюу нэг оронтой тоонд байдаг, тэдгээрт хуульчилсан зээлийн дээд хязгаар нь тун өндөр гэх мэтээр нөхцөл байдал нь өөр.
 
Зээлийн хүүгийн хязгаар тогтоох захиргааны аргыг санаачилж буй гишүүдийн хэлж байгаагаар Төв банк үүнийг хэрэгжүүлэх бөгөөд Монголбанкы бодлогын хүү дээр +4% гэсэн хувилбараар хязгаар тогтоож болох жишгийг ярьж байгаа бололтой. Зээлийн хүүд хязгаар тогтоодог улс орнуудад мөн л Төвбанкныхаа бодлогын хүүг ашигладаг бөгөөд тэдгээр нь манай бодлогын хүүнээс үлэмж бага.
 
Тухайлбал, АНУ-ын Төвбанкны хүү 1-1.25 байна. Хамгийн гол нь АНУ-ын Төвбанкны бодлогын хүү нь Монголбанкны бодлогын хүүнээс огт өөр зохицуулалтын үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. АНУ-ын Төвбанк 1-1.25 хувийн хүүтэйгээр арилжааны банкууддаа мөнгө зээлүүлж, хямд санхүүжилтийн эх үүсвэр болдог. Гэтэл манайд Монголбанк 12%-ийн / бодлогын хүү/ хүүтэйгээр арилжааны банкуудаасаа мөнгө зээлдэг байх жишээтэй. Эдийн засгийн өгөгдөл нь эрс ондоо улс орнуудыг дуурайж зээлийн хүүгийн хязгаар тогтоох гээд байгаа юм биш үү гэсэн болгоомжлолыг эдийн засагчид хэлж байна.
 
Монголд зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн хүсдэг бага хүүтэй, урт хугацаатай зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байгаагаа банкууд ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэхүү үнийг хэн нэг банкны эзэн хүссэнээрээ тогтоох боломжгүй Яагаад гэвэл зээлийн хүү гэдэг нь өөрийн гэсэн зүй тогтолтой үйл явц, үзэгдэл юм.
 
Асуудлыг нөгөө талаас харвал зээлийн хүүг буулгах ёстой нь маргашгүй үнэн. Гэхдээ яаж гэдэгт л учир бий. Захиргааны аргаар “зээл” хэмээх бүтээгдэхүүний үнийг төрөөс тогтоогоод эхэлбэл бусад бараа, бүтээгдэхүүний үнийг ч төр тогтоох бололцоотой гэсэн үг үү? Энэ утгаараа зах зээлийн чөлөөт эдийн засгийн онолоос гажуудсан жишиг биш үү гэх мэт олон асуулт урган гарч болно.
 
Зээлийн хүүг бууруулахын тулд юуны өмнө санхүүгийн салбарт монополь байгаа банкуудтай байр суурь булаалдахуйц өрсөлдөгчдийг бий болгох хэрэгтэй. Түүний тулд мэдээж төрийн урт хугацааны бодлого, эрмэлзэл чухал. Захиргааны аргаар зээлийн хүүг буулгах нь өнөө маргаашдаа үр дүн нь үзэгдэх хялбар арга байж магадгүй ч хамгийн оновчтой нь мөн үү гэдгийг улстөрчдөөс биш мэргэжилтнүүдээс асууцгаая.
 
 
А.Алиман
Эх сурвалж: "Өглөөний сонин"
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-11-14 10:16:25, 202.9.47.177Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Яг үнэн маш зөв бисэн байна үүнийг олон хүн олж унших хэрэгтэй байна тэр тусмаа Занданшатар болон их хурлын гишүүд нар засаг барьж байнаа МАН ын нөхөд заавал унших хэрэгтэй зүйл бичсэн байна

    М Зундуйдаваа, 2017-11-14 10:38:08, 202.9.42.233Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Нийтлэл бичигч гуай бүхнийг зэрлэг капитализмын чөлөөт зах зээл өөрөөр хэлбэл хаус эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулна гэдэг эдийн засгийн сохор догм аль хэдийнэ хоцрогдсон гэдгийг ойлгохгүй л явна уу. Юм өөр болж байгаа шүү

    Ахлам, 2017-11-14 19:53:30, 103.229.123.1Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. .Алиман тэгээд тэр өрсөлдөгч чинь хаанаас яаж тогтох юм. Зүгээр оюутануудад уншдаг лекцэрхүү юм ярьж цэцрхэхээ болиоч

    э/з, 2017-11-15 18:00:39, 202.21.106.146Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: