sonin.mn
“Соён гэгээрлийн цаг” буландаа Шинжлэх  ухааны доктор, профессор, хурандаа Ш.Паламдоржийг урилаа.
 
–Таны нутаг усны талаар яриагаа эхэлье?
 
-Би Баянхонгор аймгийн Жинст сум, Их богдын энгэр “Хөнөгийн хөндий”-н Гашууны мухар гэдэг газар төрсөн. Багадаа морь унаж, хөдөө өссөн. 15 наснаасаа адуучин болж олон эмнэг сургасан. Тухайн үед нэгдлийн гишүүн болсон хүн 45 эмнэг сургавал түүнээсээ нэгийг нь өөртөө авдаг байсан.
 
Би гурван жил дараалан 45 эмнэг сургаж гурван үрээтэй болж байсан. 1957 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн босгыг алхаж 1966 онд төгссөн. Түүний дараа ОХУ-ын Москва хотноо Хими хамгаалалтын цэргийн академийг 1973 онд, мөн академийн аспирантур-ыг 1985 онд тус тус төгсч байлаа. Цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэргийг 1985 онд “Цэрэг, ар талын обьектыг ҮОХЗ-ийн хөнөөлөөс хамгаалах” сэдвээр хамгаалсан. 2004 онд Шинжлэх ухааны докторын зэргийг “Тэмцлийн шинэ төрлийн хэрэгслийн хөнөөлөөс цэрэг, ар талын обьектыг хамгаалах” гэсэн сэдвээр хамгаалж байлаа. Эхнэр бид хоёр нэг хүү, хоёр охинтой. Тэд бүгд өрх тусгаарласан, найман ач, зээтэй өнөр олуулаа сайхан аж төрж байна.
 
–Цэргийн шинжлэх ухаан юуг судалдаг юм бэ?
 
-Би цэргийн шинжлэх ухаан дундаа цэргийн урлагийг судалдаг. Өөрөөр хэлбэл, дайтах арга ухааныг дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, мөн гамшиг судлалтай нь хамт судалдаг гэсэн үг. Манай улсын хувьд хөөмий, морин хуурыг үндэсний урлаг гэж үздэг шиг цэргийн урлаг нь үндсэн шинж чанартай. Яагаад үндсэн шинж чанартай байдаг вэ гэвэл байлдах арга ухаанаа хэзээ ч ил гаргаж хэлдэггүй. Тэр арга ухаан нь маш нууц байдаг. Цөөн тооны жанжин, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч хүмүүс л мэддэг. Хэдийгээр цэргийн урлагийг бүтээгчид нь нийт цэргийн алба хаагч мөн ч, хамгийн анх тэр урлагийг боловсруулдаг эд, эс болсон хүмүүс нь цөөхөн.
 
–Таны бодлоор манай улсын зэвсэгт хүчин ямар байна вэ?
 
-Монгол Улс цөөн хүн амтай. Цөөхөн цэрэгтэй. Тиймээс цөөхөн ч гэсэн чадварлаг цэргүүдтэй байх ёстой. Мэдээж ийм жижигхэн улс, агуу том газар нутгаа яаж хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй байх хэрэгтэй. Тэр зэвсэгт хүчин нь түрэмгийлэгч болон халдах дайсан гарч ирэхэд эсэргүүцэл үзүүлэх орчин үеийн зэвсэг техник, урлагтай байх шаардлагатай. Хоёрдугаарт, улс төр, дипломатын арга маш чухал. Улс төр, дипломатын аргаар эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хоёр хөрштэйгөө харилцан зөвшилцөх. Гуравдугаарт, бүх ард түмний оролцоо, дэмжлэгт тулгуурлаж эх орноо хамгаалах юм. Өөрөөр хэлбэл, хүүхэддээ бага наснаас нь эхлэн эр оронч хүмүүжил, үндэсний үзлийг суулгаж хүмүүжүүлэх нь зүйтэй. Үндэсний үзэл гэдэг бол жижиг гүрэнд өөрийгөө хамгаалах арга. Их гүрэнд бусдад ноёрхох зэвсэг нь болж өгдөг. Тиймээс манай улс одоохондоо зэвсгийн хүчээр эх орноо хамгаална гэхээсээ илүү ухааны хүчээр эх орноо хамгаалах нь эхний асуудал юм. Ухааны хүч гэдэг нь арга тактик, стратеги юм.
 
–Цэргийн алба хаагч, цэргийн дарга ямар байх ёстой вэ?
 
-Эр хүний дундаас хийморлог хүн нь л цэргийн дарга болдог юм даа. Өөрийн гэсэн байр, суурьтай байх хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг хүн хүний амийг барьж шийдвэр гаргадаг. Учир нь цэрэг хүнийг байлдаанд тушаал өгч явуулна. Тэр хүний амиа алдах уу, амьд ирэх үү гэдгийг шийдэж явуулна гэсэн үг. Тиймээс маш ухаалаг, шударга шулуун, олон нүүр гаргасан зангүй хүн байх ёстой. Цэргийн алба хаах, цэргийн дарга байх хоорондоо их ялгаатай. Цэрэг байх нь эр хүн бүрийн үүрэг. Цэргийн дарга байх нь шилдгүүдийн үүрэг. Тэр дундаас эрдмийн мөр хөөж эрдэмтэн байх нь ухааны чадалтай хүмүүсийн үүрэг гэж би боддог.
 
–Сайн эрдэмтэн болоход хамгийн гол нь ямар чадвартай байх хэрэгтэй вэ?
 
– Эрдэмтэн болж судалгаа хийнэ гэдэг нь танин мэдэхүйн том арга зүйтэй байхыг хүнээс шаарддаг. Мужаан хүн багажаа эзэмших, багажаа ашиглах аргаа эзэмших хэрэгтэй. Яг түүн шиг эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн нь мэргэшсэн, мэргэжлийн, сэтгэлгээний олон хувиралтай байх ёстой юм. Тиймээс би сүүлийн 20-оод жил Батлан хамгаалахын их сургуулийн магистар, докторантурын ангид “Судалгаа шинжилгээний арга зүй”, “Эрдэм шинжилгээ судалгааны арга зүй” гэсэн хичээлийг заасан. Энэ чиглэлээр “Судлахуйн үндэс” гэж ном гаргасан. Бүтээл туурвиж, ном бичих эрдэмтэн хүн өөрөө бичиж, уншихын зэрэгцээ эрт дээр үеийн бүтээл, өөр бусад улс орны бүтээлийг давхар уншиж судалдаг байх шаардлагатай.
 
–Та цэргийн шинжлэх ухаанд зориулан ямар чиглэлээр, хэр их ном бүтээл туурвисан бэ?
 
-Би сүүлийн 35 жилийг эрдмийн ажил хийхэд зориулсан. Дайн, зэвсэгт мөргөлдөөн судлал, зэвсэгт хүчний байгуулалт, цэргийн урлаг,терроризм судлалаар, цэргийг хамгаалах асуудал, гамшгаас хамгаалах судлал, цэргийн түүх судлал, цэргийн сургалт, байлдааны бэлтгэл, зохион бүтээх, иновацийн судалгаа гэсэн чиглэлээр судалгаа хийдэг. Зөвхөн миний өөрийн 20 гаруй ном, редакторлаж, хянасан 300 орчим ном бий. ” Дайны тухай онол сургамж”, “Мэдээллийн дайн түүнээс хамгаалах”, “Зэвсэгт хүчний байгууллагын тулгамдсан асуудал”, “Их Монгол улсын цэргийн урлаг”, “Цэргийн урлагийн тулгамдсан асуудал” гэсэн хүнд хэрэгтэй олон ном бий.
 
–Та ямар зарчим баримталж ажилладаг вэ?
 
Эрдэмтэн хүний ёс суртахуун, ёс зүйн дүрэм, бичигдээгүй хууль гэж бий. Хүний бүтээлийг өөрийн юм шиг  болгож бичих, ярих нь хамгийн хориотой. Өөрийн бодлоо өөрийн үг, өөрийн логикоор бич. Тэгвэл л тэр чиний бүтээл болно. Бүх зүйлийг өөрөө хийж гүйцэтгэх нь хамгийн чухал.
 
–Та багш хүний хувьд шавь нартаа юу гэж сургадаг вэ?         
 
-Ном их унш, маш их бод. Аливаа номыг уншдаг хүнийг дөрөв ангилдаг. Номыг уншаад өнгөрдөг хүн байна. Уншчихаад, уншсан номоо боддог хүн байна. Уншаад, бодоод шүүмжилдэг хүн байна. Бас уншаад, бодоод, шүүмжлээд, уншсан тэр номоо илүү боловсронгуй болгож, үргэлжлүүлэхийг зорьдог хүн байна. Өөрөөр хэлбэл, сайн ном гэдэг хүний сурах үндсийг бүрдүүлж, хүн уншаад талыг нь бүтээлээ гэж боддог ном бол сайн ном. Тиймээс би шавь нартаа өөрөө бод, өөрөө хий, өөрөө судал, өөрийн дүгнэлтээ хий гэж захьдаг. Гэхдээ худлаа зүйл бичиж болохгүй. Өөрөө дүгнэлт гаргаад, тэр дүгнэлтдээ зориулж баримт цуглуулж болохгүй. Заавал бодит баримт дээр тулгуурлаж байж, өөрийн гэсэн дүгнэлтээ хийх ёстой. Хэрвээ үнэхээр эрдэмтэн, судлаач болохыг зорьсон бол уйгагүй хөдөлмөрч байх, ядаж бүтэн өдөр суугаад тасралтгүй ном унших тэвчээртэй байх хэрэгтэй.
 
М.Баасандэлгэр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин