sonin.mn

Дуучин Т.Дэлгэрмөрөнтэй уулзаж ярилцлаа. Өөрийн гэсэн үзэл бодолтой, бас гөжүүд, тэрслүүд ч гэмээр эрс шулуун үгтэй дуучин залуутай би улс төр, шашин шүтлэг, урлагийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

-“Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн баярын тоглолт боллоо. Ер нь тоглолтын бэлтгэл гээд энэ зун их завгүй байсан байх?

-Хүсэн    хүлээсэн тоглолт маань үзэгч олноор дүүрэн, санасан зорьсон бүхэн минь биелсэн, цуутай дуулиантай ийм сайхан тоглолт болж өнгөрсөнд миний сэтгэл үнэхээр дүүрэн  байгаа. Ялангуяа манай хамтлагийн запуучууд эвийн хүч, хамтын хүч ямар хүчтэй байдгийг дор бүрнээ мэдэрч чадсан. Маш гоё онцолж хэлүүштэй тоглолт болсон. “Номин талст” гэдэг хамтлаг таван жилийн дараа тайзан дээр дахин нэгдэж, тоглож чадлаа.

Энэ хамтлаг дахин урлагийн тогоондоо гарч ирэхдээ хүчтэй яг л буцалж байгаа юм шиг оргилж чадсан. Ер нь үзэгч олон, залуус өөрийн онцлогтой байдаг. Тэдгээрийг ажиглаад харж байхад хувийн өөрсдийнх нь стиль, төрөл жанр нь бие даасан байдал нь нүднээс нь харахад л мэдрэгддэг. Тэр бүх залуусын нүдний өмнө нь бид өөрсдийн биеэ цензурдэж анхаарал тавьж, дуулахдаа өнгө алдахвий, дууны эхлэлийг буруу өнгөөс эхлэх вий гэсэн тэр болгон дээр анхаарлаа хандуулж үзэгч олноо хүндэлсэн ийм тоглолтыг хийдэгтээ бид бусад хамтлаг, дуучдаас давуу талтай бас их онцлогтой гэж боддог.



-Гэхдээ танай хамтлаг тарж, бутарсан байдалтай олон жил боллоо шүү дээ. Бүгд л мөнгө төгрөг, хувийн амьдрал хөөгөөд?

-“Номин талст” эстрад урлагийн тогоонд өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэлдэг. Харин энэ “Номин талст” байхгүй байсан цаг хугацаанд би л гэрт орж эм гадаа гарч эр болж явлаа. Өөрийгөө магтаж байгаа юм биш, надад хийж бүтээсэн олон зүйл бий. Үүнийгээ би бага гэж үздэггүй.



-Танай хамтлагийнхны хувьд хамтлагийн гишүүд гэхээсээ илүү хэр сайн найзууд байж чаддаг вэ?

-Би бол энэ тал дээр хамтлагийнхныгаа муу гэж хэлнэ. Сая болсон тоглолтоор бид нар болон манай гурав хамтын хүч, эвийн нөхөрлөл гэдэг ямар хундаам сайтай байшин байдаг вэ? гэдгийг мэдэрсэн байх гэж бодож байна. Би хамтлагийнхаа гурван гишүүнд энэ тухай олон хэлдэг. Гэхдээ манай хамтлагийн ахлагч Батсүх бол миний энэ бодож явдаг зүйлтэй энэ тэнцэхүйц хүн гэж би үнэлдэг.

Харин манай нөгөө хоёр бол үг сонсууштай. Гэхдээ энэ тухай ингэж хэлээд орхиё гэж бодож байна. Миний гурван найзад ч гэсэн өөрсдийнх нь халуун тогоог юм юмаар дүүргэж яваа халуун нөхөрлөл байгаа. Гэхдээ мөнгө бол хүний дараа орох зүйл юм гэдгийг минийн найзууд ойлгосон байх. Бид үнэхээр бие, биенийгээ мэдэрсэн хоёр өдрийн маш сайхан үдэш байсан.

 


-Та тоглолтон дээрээ эхнэртээ 999 сарнай бэлэглэсэн. Эхнэр тань үнэхээр их баярласан байх

-Тиймээ хальтирахад минь түшиж, баярлахад минь хамт инээж, хан хорвоод надад үрийн минь зулайг үнэрлүүлж аав болгосон ханьдаа баярлалаа гэдгээ хэлэх гэж 999 сарнайг анх удаа бэлэглэсэн. Гэхдээ энэ үйлдлээрээ би эхнэртээ тийм их хайртайгаа илэрхийлэх гээд ч юм уу эсвэл бусдаас онцгой гэдгээ харуулах гэж цэцэг бэлэглээгүй юм шүү. Харин тоглолтонд ирсэн бүх дурлалт хосуудыг хайрын хүч гэдгийг мэдрээсэй гэж бодсон.

Зүүдэнд ирэх жаргал гэдэг энэ дуундаа би их дуртай. Тэр дууныхаа фэн нь шүү дээ. Эхнэртээ хандаж “Хань минь ээ, амьд бурхан минь ээ” гэдэг үгийг хэлэх боломж олгосон болохоор ханьдаа тэр сарнайг бэлэглэсэн. Энэ бол ганцхан миний хүч байгаагүй хайрын хүч байсан. Харин тэр дууг минь сонссон сонсогчид үнэхээр хайртай хүнийхээ гараас чанга атгаад хайрын хүчийг мэдэрч чадсан байх гэж бодож байна.



-Дээгий ах хэр сайн аав, хэр сайн хань байж чаддаг вэ? Өөрийгөө дүгнэвэл?

-Хамгийн хамгийн нь шүү дээ. Бид хоёр, хоёулаа л хамгийн хамгийн шүү дээ. Ялангуяа би эр хүнийг олон хүний хувь заяаг нуруун дээрээ тээж явдаг бодьгал гэж боддог. Тийм л учраас ямарваа нэгэн өрх гэрийн тэргүүн хүн өөрөө үнэхээр хийморьтой байгаасай гэж би хүсдэг. Түүнийгээ биелүүлэхийн тулд ч хичээдэг. Олон, олон амьдралын дүр зураг бид нарын нүдэн дээр харагдаад өнгөрдөг. Энэ болгоноос авахыг нь аваад хаяхыг нь хаях л хэрэгтэй. Тийм ч учраас бидний өвөг дээдсийн хэлсэн зүйр цэцэн үг болон сургааль үгнүүдийг дотроо бясалгаж бодох хэрэгтэй. Хүн гишгэсэн мөрөө харах биш харин гишгэх мөрөө судлаж байгаад гишгэхийг бидэнд хэлээд байгаа гэдгийг би бодсон бас ойлгосон.



-Дээгий дүрсгүй, бас элдэв асуудалд холбогдох нь элбэг байдаг. Үүнээс үүдээд би таныг их л сахилгагүй хүүхэд байж дээ гэж боддог юм?

-Ер нь түмний манлай байсан. Одоо ч гэсэн миний ангийнхан надтай их холбогддог. Ямарваа нэгэн бодьгаль зүйлийг нийлүүлэхэд гүүр болдог. Тэр алтан, мөнгөн, хүрэл гүүрнүүдийн нэг нь би байсан. Сурлагын хувьд муу хичээлдээ муу байсан. Яагаад гэхээр багш нь муу байсан учраас би муу байсан юм. Гэхдээ тэр багшийн мэдлэгийг би муу гэж хэлж байгаа юм биш. Заах арга чадвар нь муу байдаг байсан учраас би өөрөө сурахыг ч хүсдэггүй байсан. Би химийн хичээл дээр хоёр элементтэй валентуудыг цээжлэх гээд үнэхээр чаддаггүй байсан.

Харин одоо бол би үхэн үхтлээ хэзээ ч мартахгүй. Би үнэхээр цээжпэхгүй байсан болохоор би хоёр элементтэй валентэд зориулж ая хийсэн юм. Тэр бол миний хувьд дуу байсан. Багш Дэлгэрмөрөн цээжилсэн үү, самбарын урд гараад унш гэсэн. Үнэндээ би уншиж чадаагүй. Харин багшийнхаа чихэнд хэлж байсан. Яагаад гэхээр би тэрийг хэлэх гэхээр заавал аялаж аялгуутай дуулж байсан болохоор багшийнхаа чихэнд нь хэлж өгсөн хэрэг.

 

 


-Та дуучин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бэ?

-Би дуучин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан. Сэтгүүлч сэтгүүлчдээ сэтгүүлч шиг сэтгүүлч болох байсан. Сэтгүүлзүйн ухаан гэдэг бол асар том зүйл. Одоо үед үг, үзэгний хурцаар үнэнийг бичихээр эргээд өөрөө төмөр торны цаана орчихдог. Ийм л нийгэмд бид амьдарч байна аа. Жишээ нь дээр үед

Урьд шөнө би хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж зовооно гэж зохиож дуулсан байна хорин жилийн өмнө. Гэтэл одоо үед бол
Урьд шөнө би хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь хэлүүлж
Харах нүдийг минь халхална ... гэж дуу бий. Бид үнэхээр ийм нийгэмд л төрсөн байна.

Тэр үед бол хэлэх үгийг минь хүртэл боогдуулж харах нүдийг минь халхалж байсан бол одоо үед хэлэх үгийг минь хэлүүлж харах нүдийг минь халхалж байна. Харин би омголон энэ залуу насан дээрээ үзэх юм болгоноо үзчихээд хамгийн их энергитэй энэ их эрч хүчээ эх орондоо зориулмаар байна. Миний монголын залуус ч тийм байгаасай гэж хүсэж байна.



-Тэгвэл таны дуучин болсон гол шалтгаан нь юу байсан бэ?

-Би мэдэхгүй ээ. Тэнгэрээс л ирсэн . Яг л “Харанга”-ийн Лхагва шиг, “Хар сарнай”-гийн Амраа шиг, Зууны манлай Сарантуяа шиг, НҮБ-ын элч дуучин Ариунаа шиг нэг л мэдэхэд дуучин болчихсон байсан. Энэ бүхэн тэнгэрээс л ирсэн. Би энэ ярилцлагаараа дамжуулаад ах дүү хоёр буюу “Харанга”-ын Лхагва “Хар сарнай”-гийн Амраатайгаа хамтран хийсэн “Мөнх хөх тэнгэр“ cd-ийг Монгол хүн та сонсох хэрэгтэй гэдгийг энэ дашрамд онцолж хэлмээр байна. Сонсоорой биш сонсох хэрэгтэй байна Энэ дууг дуулсан гурван дуучинг нь хүртэл тэнгэр сонгосон юм шүү гэдгийг хэлмээр байна.

Уншигчид “сонсох хэрэгтэй” гэдэг үгийг минь ойлгоосой гэж хүсэж байна. Би өөр зүйлийг хэлж тааж үнэхээр чадашгүй. Энэ cd бол үнэхээр их хүч шингэсэн, хүчтэй тарни шингэсэн cd байгаа. Үнэхээр Монголын Том том алдартай мундаг төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч Болор цомын эздийн ийм гайхалтай хүмүүсийн уран бүтээлээсээс цогц бүрдсэн, тэнгэрийн үгтэй ийм cd учраас үнэхээр та бүхэн сонсох хэрэгтэй байна. Сонсох хэрэгтэй шүү гэдгийг бүр дахин дахин хэлмээр байна.

 


-Та тэнгэр гэж их ярих юм. Үүнээс үүдээд таныг бөөгийн шашинтай юм болов уу гэж бодлоо?

-Би бурхан байдагт итгэдэг. Бусдыг нь дэмждэг Харин онцолдоггүй. Гэхдээ би тэнгэр үзэлтэй хүн.



-Тэнгэр шүтдэг, ба мөргөл сонирхдог хүмүүс 12 сарын 21-ны тухай янз янзаар л ярьж байна. Та хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Энэ бол бодит  үнэн зүйл. Болсон ч яахав дээ. Болохгүй бол сайн л биз дээ. Олны хүч оломгүй далай байдаг. Түмэн хөдлөөд ирэхийн цагт чи хөдлөхгүй, араас нь дагахгүй гээд яах юм бэ? Үнэхээр чи тоонот гэртээ толгой холбоод өрх гэрийнхээ галыг түлээд сууж байхад чиний толгой дээр унь л унана шүү дээ. Эх дэлхий хэвлийгээ сэгсрэх гэж байгаа бол чи байшинд даруулж, бяцарч байхын оронд униндаа цохиулж ухаан алдсан нь  дээр биш гэж үү?



-Тэгвэл та гэрээ аль хэдийн бэлдчихсэн гэж ойлгож болох уу?

-Бэлдчихсэн. Гэхдээ гэрээ бариагүй. Гэр барина гэдэг бол зүгээр үйлдэл шүү дээ. Ухааны хүчээ л нягтруулах хэрэгтэй. Магадгүй гэр бариад дэлхий хэвлийгээ сэгсэрвэл тэр бүхнээс өмнө хайртай хүмүүсдээ хэлж чадаагүй үгээ хэлэхэд бэлдээд л байж байх хэрэгтэй Үнэхээр л дэлхий сөнөх гээд хичнээн хоног нар гарахгүй хөлдөж үхэхийн цагт тэр үед халуун дулаан зүрхний хайрыг хайртай хүмүүстэйгээ хамтдаа мэдрээд нисэж явсан нь дээр шүү дээ.



-Урлагийн хүмүүс ихэнх нь бизнес хийдэг. Дээгий ахын хувьд ямар бизнес хийж байна

-Үнэхээр эрхэлдэг бизнес байхгүй. Би үүнийг өөрт байгаа эхнэр,хүүхэд,ээж,ааваараа андгайлая. Надад сайхан нандин хүмүүсээс минь илүү андгайлаад хэлчих зүйл байхгүй. Надад байгаа эрхэм нандин бүгд нь энэ хүмүүс. Гэхдээ урлаг гэдэг өөрөө үнэхээр том бизнес байдаг. Харин энэ дотроо үнэнч байгаад өөрийнхөө байр суурийг эзлэсэн хойно мөнгө бол юу ч биш байдаг.

Би одоогор Монгол улсын дуу хоолойг Дундад улсад гаргаж байна. Би уран бүтээлээрээ хятадруу довтолж чадсан. Миний дуу хоолойг тэд сонирхдог болсон Тиймээс би хятад хэлээр дуулах гэж байна. Гэхдээ намайг урвагч, шарвагч гэж битгий бодоорой. Монголчууд оросоор дуулдаг хүнийг урвагч гэдэггүй л биз дээ. (инээв) энэ бол урлаг юм шүү. Тэгж ойлгож хүлээж аваараа л гэж хүсэж байна.



-Урлагийнхан улс төр лүү орж байна гэсэн шүүмж байдаг. Та улс төрч болох уу?

-Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч тэнд миний орон зай, сандал бий л гэж боддог. Гэхдээ шинэ залуу үеэ дэмждэггүй ийм нийгмийн мөнгөнд донтсон ах эгч нараа хараад үнэхээр нүд хальтирч ой гутдаг.Тийм ч учраас над шиг олон олон залуусын орон зай цагийн эрхээр эрхгүй гарна л гэж боддог.



Эх сурвалж:”Тэргүүн”