sonin.mn
Бид хүүхдийн гэнэн цайлган, томоогүй занг нэг ч цэг тавиагүй цагаан цаастай зүйрлэдэг. Гэтэл тэр цагаахан цаасыг хиртэй гараараа базаад амьдралд нь хэзээ ч арилахааргүй толбо үлдээж зүрхэлдэг хүн дүрстэй “чононууд”-ыг яалтай ч билээ. Хэдхэн хоногийн өмнө тийм л “цөөвөр”-үүдийн нэг нь тавхан настай охиныг бузарласан тухай мэдээлэл гарч, олон нийт жигшил зэвүүцлээ илэрхийлж, 10-хан мянган төгрөгийн шинжилгээ хийлгэчих санхүүгийн чадамжгүй ар гэрийнхнийг нь янз бүрээр л хэлж чичлэв. Амьдрал баян болохоор иймэрхүү байдлаар доромжлогдсон охинд сэтгэлийн тус дэм, санхүүгийн дэмжлэг үзүүлэх сайн үйлстэй хүмүүс бас байгаа нь сайшаалтай. Тодруулбал, “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболд нийгмийн хариуцлага, иргэний үүргээ биелүүлж хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн охины эмчилгээний төлбөр, хууль эрх зүйн өмгөөллийн зардлыг бүрэн хариуцахад бэлэн байгаагаа твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. Мөн “Монголын гэрэлт ирээдүй бяцхан үрс хүчирхийллийн золиос болох ёсгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Монголчууд бид “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж суухад нь тэвнээр тусалдаг" эцэг өвгөдөөс уламжилж ирсэн, амьдралын том философитой ард түмэн билээ. Харин хүний сайхан үрийг хүчирхийлж, амьдрал, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хойд эцгийг хууль хяналтын байгууллага шалгаж, зохих цээрлэлийг үзүүлнэ гэж итгэж байна. Гэмт этгээдийг гишгэх газаргүй болгох нь үнэн, шударга ёсны илэрхийлэл болох учиртай.
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин