sonin.mn
Дундад зууны нэг ч үндэстэн Монголын адилаар түүхчдийн анхаарлыг татсангүй гэж хэлж болох бол бас "Нууц Товчоо"-ны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” хэмээн Зөвлөлтийн дорно дахины судлаач, нэрт Монголч эрдэмтэн Борис Яковлевич Владимирцов хэдийнэ хэлсэн нь бий.
 
"Одтой тэнгэр орчилдож орондоо орох завгүй тэмцэлдэж" байсан Монголын зууны алтан судар "Монголын Нууц Товчоо"-ны хуудас бүрт нууцлаг мөр үлдээжээ. Энгүй их нууцтай энэ зохиол Монголын уран зохиолын ноён оргил байж, тэргүүнээ ихэмсэг өргөн нууцаа хадгалсаар XXI зуунтай золголоо. 
 
Монгол ёс заншил, түүхэн өв уламжлалаа сэргээн дээдлэхийг хичээн зүтгэгч цэцэн зоригт боржигин Юмжирийн Пүрэв гуай бол тэрхүү нууцад нэвтрэхийг хүссэн зоригчдын нэг. Өнгөрсөн 2016 онд хөдөө арлын уугуул түүний бүтээсэн "Монголын Нууц Товчоо"-г туурвисан нутгийн түүх" хэвлэгджээ.
 
"Хойлог шувууны ходоодонд 
Холын орны чулуу явдаг 
Монгол хүний зүрхэнд 
Төрсөн нутгийн нь нэр явдаг" хэмээн Буриадын зохиолч Батжавын Дашравдан бичсэн буй. Монгол газар нутгийн оноосон нэр нь эрт эдүгээг холбосон соёлын гүүр буюу үгээр бүтээсэн түүхийн хөшөө дурсгал байдаг билээ. Нууц товчооны нэрс бол тэрхүү хөшөө дурсгалын дундах өндөр сүрлэг дурсгал. Энэхүү хөшөө дурсгалыг, басхүү тэр гүүрийг тордож, шинээр өнгөлөн гялалзуулж арчилагчдын нэг нь дээрх Юмжирийн Пүрэв гуай юм. Э.Равдан профессорын тэмдэглэснээр "...Газар усны өөрчлөлт нь гарвалзүйн хүрээнд шийдэл нь гардаг болохоор оноосон нэрийн гарвалзүй хэл, түүх, хүн, уламжлал, зан үйл судлаачдын анхаарлыг татдаг бие даасан хавсарга ухаан болно" хэмээсэн. Үүнтэй нэгэн адил учир шалтгаан нь үр дагаврын харьцаанд захирагддаг байна. 
 
Их Монгол Улс байгуулсан түүхэн голомт нутаг-Хэрлэнгийн Хөдөө арлын тухайд дагнасан судалгаа Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ абугай нараас хойш орхигдсоныг нөхөн, нягталж, үргэлжлүүлэн нэлээдгүй газар ус,нэрийг тогтоогоод байна. Газар усны нэр, он цагийн эргэлтэд мартагдаж, өөрчлөгдөж, жилээс жилд бүдгэрч байгаа энэхэн цаг үест Их хааны суугуул нутаг, Их Монголын уугуул нутаг-Хэрлэний Хөдөө арлын түүхт уул ус, газар нутгийн нэршлийг Монголын уран зохиолын ноён оргил "Монголын Нууц Товчоон" болон холбогдох түүх сурвалжид тэмдэглэсэн үйл явцын өрнөлт, холбогдох мэдээ баримтад тулгуурлан, домог сэлттэй харьцуулан судалсан энэхүү сонирхолтой бүтээл цомог их үеийн түүхийг, ер Монголын түүхийг судлагчдад чухал хэрэгтэй бүтээл болж хэмээн талархаж байна. 
 
Ю.Пүрэв гуай "Хэрлэний Хөдөө арал"-ын газар нутгийн хил хязгаарыг тодорхойлон, Тэмүжин-Чингис хааны Хамаг Монголын хаан ширээнд заларсан болон нутаглан амьдарч байсан газар усыг өвөг дээдсийн аман домог яриа, түүх шастирийн өгүүлэмж, түүхэн үйл явдлын өрнөлттэй уялдуулан судалсны үндсэн дээр нэлээдгүй түүхэн газар, усны нэр байршлыг тогтоон тодорхойлсон тухай өөрийн саналаа дэвшүүлэн тавьсан нь энэхүү бүтээлийн гол агуулгыг илэрхийлжээ.
 
 Хэрлэний Хөдөө арал бол Монголын нууц товчоог туурвисан түүхэн нутаг болохын дээр Их Монгол Улсын анхны төвлөрсөн "Ауруг" орд оршиж, их хуралдай чуулан төрийн бүх хэргийг эрхлэн явуулж байсан. Монгол төрийн анхны гал голомтын нутаг болохыг нийтэд дэлгэрүүлэн сурталчлах, аялал, жуулчлалын бүс байгуулах зэрэг түүхэн чухал асуудлыг төр, засаг анхаарах цаг болжээ хэмээн бодогдоно. 
 
Уул ус, улс ард, уг удмынхаа тухай судлан сурталчилж, нийтэд таниулж тайлбарлаж яваа ахмад судлаач өвгөн буурал ахдаа улам ихийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 Үүх түүхээ судалж, чөмгөө дундалж, чадал хүчээ зориулж яваа өвгөн буурал бичээчийг төр нь үнэлж, түмэн олон нь сайшааж шагнал урамшлаа чадал хүчин мөхөсдөөгүй дээр нь олгоосой хэмээн хүснэ. Цагаас хождож үнэлэгдсэн цал буурал эрдэмтэн судлаачид асан олон хөгшдийг бид өнөөдөр харамсан нэрлэж хожуухан дурсч байдаг учраас ийн хэлэв.Монгол ёс заншил, түүх уламжлал, Монголын төлөө гэсэн өөдрөг сэтгэл, өрнүүн бүтээл бүхэн дэлгэртүгэй.
 
Номын цагаан буянд Монгол даяараа умбах болтугай.
 
Г.БҮРЭНТӨГС /БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн төвийн мэргэжилтэн/