sonin.mn
Шинэ Ерөнхийлөгчид тамга шилжихийн өмнө  Ц.Элбэгдорж найман жил суусан суудалдаа шигдэж  халаагаа тун  дурамжхан өгөв. Үндэсний их баяр наадмын нээлт, Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн   жагсаалын нээлт, төрийн дайллага гэхчлэн бүгдийг өөртөө зориулаад бэлдүүлчихсэн байсан гэж байгаа.  Үүнийг зарим нь  Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болж сунжирсантай холбож ойлгосон. Гэтэл зориуд дургүйцлээ илэрхийлж арга саам сэдсэн гэж ярих нь ч байна. Уг нь Ардчилсан Ерөнхийлөгчийн үйл хэргийг АН-аас нэр дэвшигч залгуулах болсонд тэрээр харин ч баяртай  баймаар. Өмнөх Ерөнхийлөгч  нарын тогтоосон жишигтэй харьцуулж,  тэднийг дууриадаггүй юм гэхэд ядаж өөрийнхөө хэмжээнд  зангарагтай байж   бас болохоор. Гэвч тэр тэгсэнгүй. Энэ юутай  холбоотой байв.
 
Ямартай ч эхний шалтгаан нь тэрээр Ардын намын нэр дэвшигчийг дэмжиж ажилласан. М.Энхболдод халаагаа өгнө гээд бараг 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн бэлдчихсэн. Сэтгэлзүй нь ч тэгээд бэлтгэгдчихсэн учир өөр хүнийг хүлээж авах хүндхэн байсан бололтой. Тийм биш байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт   долдугаар сарын 7-нд болж, хоёр нэр дэвшигчийн нэг ялагч болох нь тодорхой байхад 12-ны орой Их тэнгэрийн аманд болох Төрийн дайллагын урилгыг өөрийнхөө гарын үсэгтэйгээр хэвлүүлмээргүй. Хэвлүүллээ гэхэд шинэ Ерөнхийлөгчид тамга шилжихийг ч тооцоолж нэр, гарын үсгийг зайг үлдээж ядаж болмоор. Гэтэл урилгыг өөрийнхөө нэрээр хэвлүүлээд  долдугаар сарын 5-нд тараачихсан байсан гэж байгаа. Тэрийг нь Төрийн ёслол, хүндэтгэлийн албанаас шинэ Ерөнхийлөгчийн нэр, гарын үсэгтэй урилгаар солих гэж хэрдээ л ажил удсан дуулдсан. Үүнийгээ сонгууль сунжирна гэж үзсэн учраас  тэгж зохицуулсан байсан гэж тайлбарлаж болох юм. Тэгвэл шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг заавал долдугаар сарын 10-нд товлох шаардлага байсан уу. Сонгууль долдугаар сарын 7-нд болж, 8-нд бүх дүн нэгтгэгдээд гарчихсан байсан. Ерөнхийлөгч 8-нд биш юм гэхэд, 9-ний өдөр тангаргаа өргөж, 10-ны өглөө Сүхбаатарын талбайд болсон Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн  жагсаалыг шууд нээж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын хувьд бие бүрэлдэхүүнтэй мэндчилж болох байлаа. Гэтэл 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслолыг товлосон. Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн  жагсаалыг тангараг өргөх ёслолын өмнө хийлгэж, өөрөө нээлтийг нь хийчихсэн. Шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөж дуусахыг хүлээж байгаад Сүхбаатарын талбай дахь хүндэтгэлийн жагсаалын нээлтийг хийлгэж болох л байлаа. Бараг л давхцаж таарсан үйл явдал шүү дээ. Ямар сайндаа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “Энэ хоёрын дунд намайг 2-3 удаа гүйлгэлээ. Төрийн ажлыг тодорхой байлгаж болдоггүй юм уу. Хүндэтгэлийн жагсаал болно гэж талбай дээр хүлээгээд байлаа. Аль Ерөнхийлөгч нь нээж үг хэлэх мэдэгдэхгүй. Хоёр дугтуйтай юм бариад байгаад байдаг. Гэтэл Ерөнхийлөгч тангараг өргөх гэж байна, дотогшоо ороод ир гээд дуудлаа, орлоо. Хүндэтгэлийн жагсаалыг тангараг өргөх ёслолын дараа ч хийж болох л байсан байна шүү дээ” хэмээн хэлж байх вэ. Цаашилбал,  Үндэсний их баяр наадмын нээлтийг ч гэсэн Ц.Элбэгдорж өөрөө хийчих санаатай байсан шиг. Захиалж хийлгэсэн дээл хувцаснаасаа эхлээд тийм сэдэл санаа  байж уу гэсэн бодол төрүүлэхээр  байгааг олон хүн хэлж байгаа юм. Бас нэг даажинтай юм нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 65-ын бүлгээс  гаргасан хачирхалтай саналууд байв. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн. Ингэхдээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг гишүүд дурдаж,  бүрэн эрх нь дуусч байгаа Ерөнхийлөгч, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг 30-60 хоног хамт ажиллуулж, ажил үүргийг нь шилжүүлдэг болох санал гаргаад авсан. Энэ тохиолдолд Ц.Элбэгдоржид ч, Ардын намд ч ашигтай хувилбар гарч ирэх, ийм зүйлийг зориуд бий болгох сонирхол байв. Цаашилбал, магадгүй сонгууль сунжирсан, маргаантай гэх ч юм уу үндэслэлээр шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын товыг ирэх намар хүртэл хойшлуулж, намрын чуулганаар өөр асуудал оруулж ирэх байсан шиг. Тухайлбал, МАН-ын 65-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно гэх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гээд Ц.Элбэгдоржийг суудалд нь дархлах тохироог хийгээд байв уу? Ямартай ч хоёр Ерөнхийлөгчийг 30-60 хоног хамт ажиллуулж, ажил үүргийг нь шилжүүлдэг болох санал гаргасан зэргээс  цаг хожих гэсэн, үйл явдлыг намрын чуулган хүртэл сунжруулах санаархал харагдаж байв.
 
Ер нь бол сонгуулийн дүнг хүлээх харзнах юм уу,  шинэ, хуучин Ерөнхийлөгч нар зохицоод наадмаа  нээх, шагнал гардуулах  ёслолыг зохион байгуулах ажлыг шийдэж байсан жишиг өмнө нь  байгаагүй биш байсан. 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилгыг УИХ дэмжин тогтоол гаргаж, Чингис хааны одонгоор  анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг шагнах зарлиг гаргасан байдаг. Тухайн үед бас л наадам дөхчихсөн, шинэ Ерөнхийлөгч Н.Энхбаярын  тангараг өргөх ёслол энэ тэр гээд олон ажил давхцаж таарсан санагдана. Зарлигийг Н.Багабанди Ерөнхийлөгч гаргасан ч  сонгуулийн үр дүнгээр  Ерөнхийлөгч болсон  Н.Энхбаяр наадмаа нээж, шагналыг  гардуулна гээд  хүлээлгэснээр 2005 оны долдугаар сарын 11-нд анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат Чингис хааны одонгоо гардаж авч байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа жишиг зөрчигдөж, Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгч нараас төрийн хүний  зангаргаар,  монгол хүний жудаг сэтгэлээр ч дутуу  гэдгээ харууллаа.
 
Л.ХЭРЛЭН
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин